Оросын уран гулгалтын нэрийн хуудас болсон Евгения Плющенког спорт сонирхогчид андахгүй. Орост зохиогдсон өвлийн XXII олимпын түүхэнд түүний нэр тодоос тодоор бичигдэж үлдэнэ гэсэн олон хүний итгэлийг зүтгэлээр мялааж чадаагүйдээ олимпын аварга урам муутайхан байгаа.
Дээрээс нь олон нийтийн шүүмжлэл түүнд төдийгүй ойр орчимд нь байгаа хүмүүст эмзгээр тусч буй бололтой. Оросын телевизийн од Ксения Собчак олон нийтийн сүлжээнд “Плющенкогийн нуруу” хэмээн энэхүү зургийг тавьжээ. Уг зургаар бол Плющенко нурууны хагалгааны том сорвитой, түүнийхээ ойр орчимд илт том хавдартай байгаа юм. Собчак “олимпын аваргын нуруу” хэмээн зургандаа тайлбар өгсөн бол түүний дор “Ийм хагалгааны дараа талбайд гарч байдаг. Үнэхээр тамирчин хүн юм даа”, “Плющенко үргэлж Ягудинаас хэдэн үе дээр байсан”, “Одоо түүний талаар элдвээр бичихээ болъё оо”, Бид түүний бие муу байгааг харсан. Түүнд итгэж байна” гэх зэргээр сэтгэгдлүүд цуварчээ. Харин зарим нь “энэ бол зүгээр өөрийгөө өмөөрөх гэсэн пиар. Түүнд эх орноос нь илүү нэр төр нь эрхэм байдаг”. “Үнэндээ түүнд бүх медаль бий. Тиймээс өөр хэн нэгэнд зайгаа тавиад өгөх байсан юм” гэх зэргээр шүүмжилсэн байна.
Плющенко Сочигийн мөсөн талбайд богино үзүүлбэрийн төрөлд гарч чадаагүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний нурууны гэмтэл сэдэрсэн учраас ирэх сарын 2-нд хагалгаанд орох болсон талаар эмч нар нь мэдээлэл өгсөн билээ. Хэдийгээр Плющенко зодог тайлна гэдгээ мэдэгдэж байсан ч Өмнөд Солонгосыг 2018 онд зорихгүй гэж албан ёсоор хэлэхгүй байгаа аж.