Дэлхийн хамгийн олон мянган хөгжөөн дэмжигчтэй, үнэ цэнэтэй тэмцээнд тооцогддог аваргуудын лигийн финалд Английн “Челси” Германы “Байерн Мюнхен” баг өрсөлдөхөөр боллоо. Аваргын төлөө тоглох эрхийн тэмцэлд өнгөрсөн жилийн аварга, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Леоноль Месси, Торрес тэргүүтэй “Барселона” талбайдаа Лондонгийн “Челси” клубийг хүлээн авсан. “Челси” өнгөрсөн долоо хоногт болсон эхний тулаанд талбайдаа 1:0 ээр ялалт байгуулсан төдийгүй тэдний хувьд өрсөлдөгчөө энэ тоглолтод 2:1 ээр ялсан тохиолдолд аваргын финалд гарч ирэх байсан юм. Хөл гишгэх зайгүй Барсагийн хөгжөөн дэмжигчдээр дүүрсэн “Камп Hoy” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын эхнээс л өнгөрсөн жилийн аваргууд бөмбөг эзэмшилт болон тоглолт хянасан байдлаараа илүүрхэж тоглолтын эхэнд Барсагийн Серхио Бускетс зочин багийн хаалганд гоолдсоноор багтаа тэргүүллийг авчирсан.
Гэтэл үүний дараахан тоглолтын 37 дахь минутад Челсигийн Жон Терри улаан картаар торгуульж талбайг чөлөөлсөн үед Иньеста дахин гоолдож тоглолтыг 2:0 болгосон нь “Челси”-г тун хүнд байдалд оруулсан юм. Хүн хүчний тэнцвэргүй байдал дунд “Челси” үнэхээр гайхалтай хамгаалалтыг гүйцэтгэж чадаж байлаа.
Тэдний найдварын ганц гоолыг 45 дахь минутад Рамирс эзэн багийн хаалганд хийн тоглолтын эхний гоолыг оруулсан. Мессигийн удаа дараа хүчтэй довтолсон довтолгоо оновчгүй болж, Челсигийн хамгаалалт хүн цөөтэй ч улам чангарч байв. Улмаар хоёрдугаар үеийн тоглолтын цаг өндөрлөх мөчид Челсигийн дасгалжуулагч Дидье Дрогбаг сэлгээнд суулгаж, оронд нь Фернандо Торрес талбайд гарч ирсэн. Торрес тоглолтын нэмэлт цагт сөрөг довтолгооноос тооны харьцааг тэнцүүлж Барсад хүндхэн цохилт өгөв. Ингэснээр “Челси” аваргын төлөө “Реал Мадрид”, “Байерн Мюнхен” хоёрын ялсантай нь ирэх сарын 19 -нд Германы Мюнхен хотноо хүч үзэхээр болсон юм. Ээлжит тоглолт Европын түүхэнд хамгийн агуу түүхтэй Испанийн “Реал Мадрид” “Байерн Мюнхен” багийн тоглолтоор эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Германд болсон тоглолтод “Реал Мадрид” тоглолтыг 2:1 ээр тэргүүлсэн бол “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд хийсэн шийдвэрлэх тоглолтод “Байерн Мюнхен” торгуулийн цохилтоор ялж аваргын төлөө “Челси”-тэй хүч үзэх болсон байгаа.
Тоглолтод Криштиан Рональду 6, 14 дэх минутад дубль хийсэн ч эсрэг багийн ахмад тоглогчдын нэг Арьен Роббен тоглолтын хувь заяаг эргүүлэх цорын ганц гоолыг 27 дахь минутад Реалын хаалганд гоолдсон.
Ингэснээр хоёр багийн нийлбэр оноо 3:3 болон тэнцэж, ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэсэн юм.
Шийдвэрлэх мөчид Бастьен Швайнштайгер, Мануэль Нойер нар хариуцлагатай гоолыг хийж, Нойер “Реал” –ын Роналду, Кака нарын хүчтэй цохилтыг хааж, аваргын төлөө хүч үзэх эрхтэй боллоо. 2004-2005 оны шөвгийн наймд хоорондоо таарч байсан “Челси” болон “Байерн Мюнхен” баг ийнхүү аваргын төлөө “Альянц Арена” цэнгэлдэхэд өрсөлдөх нь.