Дээхэн үед өвөл болохоор хүүхэд багачууд чарга аваад гол орж гулгах нь их байлаа. Зарим нь гутлын уландаа төмөр тааруулан наагаад нь сайн тэшүүр хийнэ. Гайгүйхэн шиг айлын хүүхдүүд бол коньки аваад л хар хурдаараа гулгаж гайхуулна.
Ингэж албан бусаар монгол хүүхэд залуусын дунд дэлгэрсэн тэшүүрийн спорт албан ёсоор уралдаан тэмцээн зохиодог болж хөгжөөд өдгөө 75 жилийн нүүр үзэж байна. Зөвлөлтөд сураад ирсэн залуучуудын нутагтаа дэлгэрүүлсэн энэ спортыг хөгжүүлэхээр 1937 оны долдугаар сард МАХН-ын Төв хороо “Улаанбаатар хотноо өвлийн цагт мөсөн дээр коньки хэмээх төмөр тэшүүрээр гулгах нуурыг Төв театрын биеийн тамирын зөвлөлөөс эрхлэн театрын хашаанд долоо хоногийн дотор байгуулан уралдаантайгаар нээсүгэй” хэмээн тогтоол гаргаж байсан баримт ч бий.
Ингэж намын төв хорооны тогтоолоор Монголд хөгжсөн тэшүүрийн спорт 55 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэшүүрийн тамирчдаа олимпод найм, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16, залуучуудын ДАШТ-д 14, дэлхийн цомын АШТ-д 29, Азийн өвлийн тоглолтод 11, Ази тивийн АШТ-д 13, оюутны универсад наадамд есөн удаа оруулж байснаас үзвэл энэ спорт чамгүй хөгжсөн юм уу гэж харагдана.
Гэвч... гэвч аливаа спортыг хөгжүүлэхэд амин чухал зүйл болсон бэлтгэл сургуулилт хийх баазыг өнгөрсөн 70 жилийн хугацаанд бий болгож чадсангүй.
Сүүлийн өдрүүдэд өсвөр, залуучуудын тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа Төв цэнгэлдэх хүрээлэн нь Монголын тэшүүрчдийн өвлийн цагт уралдаан тэмцээн явуулдаг ганц газар нь. Үүнээс өөр тэшүүрчдэд тэмцээн уралдаан зохион байгуулах, дасгал сургууль хийх газар үгүй. Өмнө нь, тэдэнд бэлтгэл сургуулилтаа хийх ганц бааз байсан нь Хандгайт. Гэтэл нийслэлийн дарга нар газрыг нь зарж, хувь хүмүүст тарааснаар тэшүүрийн спортынхонд бэлтгэл хийх ч газаргүй хоцорсон.
Гэсэн ч Монголын тэшүүрийн холбоо улсын чанартай уралдаан тэмцээнээ тасалдуулахгүй явуулсаар, энэ жил 46 дахь жилдээ өсвөр, залуучуудын УАШТ-нийг зохион байгуулж байна. Хот, хөдөөгийн 23 байгууллагын 200 гаруй тамирчин 13-14, 15-16, 17-19 насны ангиллаар хоорондоо өрсөлдөж буй УАШТ-ий үеэр Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Болд энэ спортын хөгжлийн талаар ярихдаа “Бид дэлхийн стандартад нийцсэн тэшүүрээр тамирчдаа хангасан. Өмнө нь хамгаалалт, тэшүүр зэрэг нь стандарт чанарын шаардлага хангадаггүйгээс тамирчид унаж, бэртэх явдал их гардаг байсан” гэсэн бол тамирчдын ур чадварын тухайд “Энэ мөсөн талбайгаас спортын мастер тав, олон улсын хэмжээний мастер хоёр, спортын дэд мастер найман тамирчин төрж гарсан. Монгол Улсынхаа рекорд амжилтуудыг эвдэж байгаа нь жил ирэх тусам тэшүүрчдийн ур чадвар сайжирч байгааг харуулж байна” гэж ярьсан.
Ердөө уржигдархан өндөрлөсөн өвлийн XXII олимпоос эхлээд дэлхийд өндөр хөгжсөн өвлийн спортын гайхалтай тэмцээн уралдаанууд хүүхэд залуусыг мөсөн талбай руу татаж байгаа ч харамсалтай нь тэднийг тосч аваад, бэлтгэж хөгжүүлээд, олимпын хэмжээний тамирчин бэлтгэх систем ч, бааз суурь ч алга. Өсвөрийн УАШТ-д оролцож буй залуу тамирчидтай ярилцаж байхад ихэнх нь өвлийн олимп үзээд тэшүүрээр хичээллэх сонирхол төрсөн гэж ярих, энэ спортоор төдий л олон жил хичээллээгүй хүүхдүүд байлаа. Тэдэн шиг өвлийн спортод хайртай хүүхэд багачуудыг эртнээс дэмжин, бааз сууриар ханган бэлтгээд өгвөл цагаан олимпоос медаль горьдож суух өдрүүд наашлах сан.