Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын банцүкэ гарчээ. Өнгөрсөн нэг сарын барилдаанд тэргүүлсэн 69 дэх их аварга Хакүхо зүүн жигүүрийг, 70 дахь их аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдах ажээ. Ирэх сард 12 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цолны болзол хангах Какирюү зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн байна.
Мөн ирэх сарын барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд анх удаагаа дэвшин барилдах юм. Түүнийг сүмо бөхийн ояката нар Монголын бас нэгэн сүмогийн их аварга болно хэмээн үнэлдэг. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчи зиндаанд барилдах Монголын 20, гадаадын 42 дэх сүмоч болж байгаа юм. Харин нэгдүгээр сард 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаа руу унажээ. Жюүрёо зиндаанд Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн нэгээс, Токитэнкү А.Хүчитбаатар гурваас, Асасэкирюү Б.Дашням баруун жигүүрийн гурваас, Шёотэнро Д.Нямсүрэн зүүний дөрвөөс, Араваши Э.Дөлгөөн зүүний наймаас, Сэйро А.Өнөболд араваас тус тус барилдана.
Дашрамд, мэргэжлийн сүмод Монголын 27 сүмоч барилдаж байна. Үүнээс дээд зиндаа буюу макүүчид ес, жюүрёо зиндаанд зургаа, макүшита зиндаанд долоо, сандамэ зиндаанд дөрвөн бөх барилдаж байна.
Харү башё ирэх сарын 9-нд эхэлнэ.