Хойд Америкийн сагсан бөмбөг бүх оддын тоглолтын дараа багууд нь солилцоо, наймаа хийдэг. Энэ удаа “Лос-Анжелос Лейкэрс” багийн холбон тоглогч Стив Блейк “Алтан мужийн дайчдын” бүрэлдэхүүнд нэгдлээ. Харин оронд нь хамгаалагч Кент Баземор болон Маршон Брүүкс нарыг Лейкэрс рүү явуулжээ. Мөн “Сакраменто Кингс”, “Брүүклин Нэтс” багуудын хооронд солилцоо боллоо. Кингс хамгаалагч Маркус Торнтоныг Нэтс рүү явуулж, оронд нь хамгаалагч Жейсон Терри, хүчний довтлогч Режжи Эванс нарыг авсан байна. Энэ жилийн аваргын төлөө өрсөлдөхөөр хүчтэй тэмцэж буй Индиана Пэйсерс Эван Тюрнерийг багтаа элсүүлж, оронд нь Денни Гренжерыг 76 баг руу явууллаа.
Шидтэнүүдийн хүчний довтлогч Глен Давис чөлөөт агент болохоо зарласан. Тэгвэл түүнийг Лос-Анжелос Клипперс баг авлаа. Багийн дасгалжуулагч Док Риверс энэ талаар хэлэхдээ “Бидэнд нэг том залуу нэгдлээ. Би Глений тоглолтод дуртай. Тэр миний системд тун сайн зохицож чаддаг” гэжээ. 28 настай Глен Давис өмнө нь Бостон Селтикс багийн бүрэлдэхүүнд байхдаа Док Риверсийн удирдлаган дор аварга цол хүртэж байсан юм.