Спортод амжилт гаргахад тамирчны ур чадвараас гадна ашиглаж байгаа эдлэл, хэрэгсэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өвлийн Олимпын төрөлд энэ бүхэн хамгийн тод харагдана. Учир нь, өвлийн спортод чарга, тэшүүр, цана, хоккейн тамирчны цохиур, биатлончны буу гээд маш олон туслах хэрэгсэл ашигладаг онцлогтой. Энэ бүх хэрэгслийн чанар, хийц нь тамирчны ялалтад шууд нөлөөлдөг.
Тамирчны хувьд спортын замналынхаа туршид өөдтэй амжилт үзүүлж байгаагүй ч Олимпын тоглолтод ганц удаа л алт авсан байхад насанд туршдаа үндэсний баатар болж, улсынхаа төдийгүй дэлхийн спортын түүхэнд нэрээ мөнхлөх болохоор ингэж бэлдэхээс ч өөр яалтай. Ингэж ялалт байгуулахад улс болгон өөрийн боломжоос хамаараад шинжлэх ухааны том төвөөс эхлээс судалгааны баг гаргах хүртэл янз бүрээр туслана. Тэгэхээр өвлийн Олимпын тоглолтын үеэр тамирчид төдийгүй эмч, инженерүүд ур чадвараа шалган өрсөлдсөн маш олон давхаргатай тулаан болж хувирна.
Биатлон
Биатлонч нь цанаар аль болох хурдан гулгаж, буудлага хийх газраа очоод байгаа алдалгүй буудах үүрэгтэй. Эндээс л ээдрээ эхэлнэ. Хэт хурдан явбал зүрхний цохилт ба эрчим нэмэгдэж улмаар буудах үед тамирчны гар, цээжин биед түлхэц өгснөөр оновчтой буудах боломжгүй. Хэт удаан явбал бас хожигдоно. Тиймээс тамирчид буудлагын зурваст ирэх үед зүрхний цохилтын тоог хэт өндөр эсвэл хэт нам байлгалгүйгээр зохистой тоо, эрчимтэй болгох гэсэн амаргүй асуудалтай тулгардаг. Ингэж зохицуулж сурах гэж тамирчид олон жил зарцуулдаг байсан бол сүүлийн үеэр цагтай адил бугуйнд зүүдэг тусгай мэдрэгч тамирчдад тусладаг боллоо. Зүрхний цохилт хэт хурдан байвал тамирчин болон дасгалжуулагч, туслах эмч нарт дохио илгээн цанаар гулгах хурдаа бууруулах шаардлагатай болсныг сануулна. Харин хэт удаан болоод ирвэл хурдаа нэмэхийг бас сануулна. Үүний дээр биатлоны тамирчдын бууддаг винтов бууг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан, зөвхөн тухайн тамирчны онцлогч тохируулж хийдэг болсон. Өөрөөр хэлбэл захиалгаар хийсэн буугаар өөр тамирчин буудаад амжилтад хүрэх боломжгүй. Зөвхөн тухайн тамирчны биеийн онцлог, уралдах ялгаанд тохируулан хийсэн, маш үнэтэй буутай.
Тэшүүр
Тэшүүрийн спорт нь өндөр хурдны спорт болохоор секундыг зуу хуваасны ганц нэгж алдахад л хожигдоно. Тиймээс энд аэродинамикийн мэдлэг чухал. Уг нь, аэродинамикийг өндөр хурдтай нисдэг байлдааны болон иргэний онгоц, хурдны машиныг бүтээхэд л ашигладаг байсан бол өнөөдөр улс орнууд тамирчдаа ялалтад хүргэхийн тулд дайчилдаг болов. Америкийн “UnderArmourи LockheedMartin” компанийн инженерүүд хурдлаж байгаа тэшүүрчдийн тулгардаг агаарын эсэргүүцэл, түүнийг хурд алдалгүй туулах нөхцөлийг судлан агаарын эсэргүүцэл бараг үгүй гэж болохоор шинэ хувцас зохион бүтээснийг тамирчид нь өнөөдөр өмсөн уралдаж байна.
Тэшүүрийн уралдаанд шинээр нэвтрүүлсэн бас нэгэн зүйл нь гарааны дохио өгдөг электрон гар буу юм. Хуучин, сургуулийн сумаар цэнэглэсэн буу ашигладаг үед бууны дуу нь гарааг эхлүүлж байгаа шүүгчид ойр байгаа тамирчдад түрүүлж хүрдэг болохыг туршилт харуулсан. Энэ ялгаа нь өчүүхэн бага л даа. Шүүгчид ойрхон байх тамирчин гарааны буун дууг сонсоод гулгаж эхлэх агшин ба хамгийн цаана зогсч байгаа тамирчин дууг сонсоод гулгах хүртэл секундын зуу хуваасны хэдхэн нэгжтэй адил хугацаа өнгөрнө. Гэтэл секундыг мянга хуваасны хэдэн нэгжээр ялагчаа тодруулдаг спортын хувьд энэ том ялгаа. Тиймээс электрон буу зохион бүтээх шаардлага гарсан байна. Энэ буу нь гарааг эхлүүлэх дуут дохио өгөхөөс гадна гэрлийн гялбаа гаргана. Гэрлийн хурд нь дууныхаас хэд дахин хурдан болохоор тамирчдад гарааг эхлүүлж байгаа шүүгчид ойр эсвэл хол байгаагаас үл хамааран адил боломж олгох нөхцөл бүрдүүлнэ.
Тэшүүрийн шорт-трекийн тамирчны тэшүүрийн ирийг эргэлтийн дагуу үл мэдэг, хэдхэн микроноор налуу болгож ирлэдэг. Үүнийг маш нарийн тусгай төхөөрөмжөөр хэмждэг. Хэрвээ ийм төхөөрөмж үгүй улсын тамирчин өнөөдөр медалиас атгана гэдэг бас л худлаа болсон аж.
Уран гулгалт
Компьютер, программчлалаас хамгийн хол спорт уран гулгалт баймаар. Гэвч технолгийн дэвшил энэ төрлийг ч байлдан дагуулсан байна. Видео бичлэгт шинжилгээ хийдэг тусгай программ нь тамирчныг олон дараалсан үсрэлтийн үед ямар булчин нь илүү, ямар булчин нь дутуу ажиллаж байгааг тодруулан дасгалжуулагч тамирчинд харуулна. Ингэснээр, дасгал сургуулилтын үеэр тамирчин нь гүйцэтгэхэд хүнд элементийг яавал зөв, алдаагүй гүйцэтгэх боломжтойг олж мэддэг. Энэ программыг зөвхөн тамирчид гэлтгүй тэмцээний үеэр шүүгчид ашигладаг. Компьютерийн программ нь хүнтэй адил сэтгэл хөдлөл, хувийн ашиг сонирхол гэгчийг мэддэггүй болохоор жинхэнэ объектив дүн гаргадаг давуу талтай болохоор ашиглахаас ч өөр яах билээ.
Керлинг
Энэ спортыг манайхан мэддэг болоод удаагүй байгаа. Керлингийн гулгуулдаг зэмсэг нь цагтаа 58 кг хүртэл жинтэй байсан гэдгийг мэдэх хүн цөөн. Түүхийн явцад зэмсэгийн жин янз бүрээр өөрчлөгдөж одоо 19 кг 600 грамм болсон. Энэ зэмсгийг гантиг чулуугаар зорж хийнэ. Гэхдээ дан ганц гантиг чулуу биш. Зэмсгийг түлхэх бариулд нь түлхэлтийн зурвасын өмнө түлхэхээ больсон уу эсвэл давсан хойно түлхсээр байсан уу гэдгийг ялгаж таньдаг тусгай мэдрэгч байрлуулсан. Ингэснээр алдаа гаргавал мэдрэгч нь шүүгчдэд шууд дохио явуулдаг.
Дээр нь, зэмсгийн өмнө шүүрддэг тамирчдын шүүр хүртэл өндөр технологиор бүтээгджээ. Канадын Баруун Онтариогийн их сургуулийн судлаачид шинэ төрлийн шүүр бүтээсэн байна. Керлингийн тэмцээний үеэр шүүрчид нь гулгаж байгаа зэмсгийн өмнөх мөсийг үрж мөсний хэвийг 1,2 градусаар халаан хайлуулснаар явах чиглэл, хурдыг нь өөрчилдөг. Шинэ шүүрний тусламжтайгаар тамирчид мөсний гадаргууг гурван градусаар халаах боломжтой болсон тул гаргадаг амжилтад ч нөлөөлж байгаа нь гарцаагүй.
Сноуборд
Энэ төрлийн тамирчид “Coldgear® Infrared” нэртэй тусгай хувцас өмсөнө. Учир нь тамирчид бие халаалт зэрэг хийж болох ч үзүүлбэрээ эхлүүлэх ээлжээ хүлээн нэлээн удаан хугацаанд сул зогсох хэрэгтэй болдог. Тусгай өмсгөл нь халаалт хийсэн тамирчны биеийг хөргөлгүйгээр, халуун байлгах зориулалт бүхий тусгай керамик бүрхүүлтэй. Ингэснээр нэг халаалт хийсэн тамирчин ээлжээ хүлээн суух үедээ булчин нь хөрнө гэж айлтгүй, дахин бие халаалт хийж биеэ ядраах хэрэггүй болдог. Мөн тэмцээний үеэр цасан нуранги болж тамирчин дарагдвал байрлалыг нь заадаг “RECCO®” гэсэн тусгай систем тамирчны гутал, дуулга зэрэгт байрлуулсан онцлогтой. Энэ систем нь гүн цасанд дарагдсан хүний байрлалыг аврагчид, дасгалжуулагчдад мэдээлж байх үүрэгтэй.
Уулын цана
Уулын цана нь асар их ачааллыг даахаар хатуу, дээр нь эргэлт дээр хугарахааргүй уян хатан байх ёстой. Тиймээс, цана үйлдвэрлэгчид байлдааны сөнөөгч онгоц үйлдвэрлэхэд хэрэглэдэг хамгийн сүүлийн үеийн технологи, материалыг ашигладаг болсон. Америкийн цаначид гэхэд л төмөр сүлжмэл тор адил хуйлардаг нүүрстөрөгчийн атомоос бүрдсэн нано хоолойноос бүрдсэн цана өмсч уралдаж байна. Ийм эдээр хийсэн цана нь нугаларашгүй хатуу, хугарашгүй уян хатан гэсэн хоёр эсрэг тэсрэг зүйлийг нэг дор хэрэгжүүлэх боломж олгодог. Ингэснээр тамирчид хамгийн огцом эргэлтийг хурдаа бараг саалгүйгээр давж гарснаар өрсөлдөгчдөөсөө хамаагүй давуу байдалтай болно.
Чарга
Чаргаар уулын уруу гулгахад өндөр технологи ямар хамаатай юм бэ гэж асууж болох. Гэтэл өндөр технологи энд хамгийн чухал, бараг шийдвэрлэх ач холбогдолтой байдаг ажээ. Америкийн бобслейчид “BMW Designworks” компанийн бүтээсэн бобслейгээр уралдаж байгаа. Энэ компанийн инженерүүд компьютер дээр бобслейн 69 төрлийн загвар гаргаж, дараа тэдгээрийнхээ загварыг кевлараар хийн агаарын эсэргүүцэл тодорхойлогч хоолойнд үлээлгэн туршаад хамгийн зохистой хувилбарыг гаргаж иржээ. Сочид америкийн бобслейчид ямар амжилт гаргаж байгааг уншигч та өөрөө харж байгаа. Ийм өндөр технологи ашиглан бүтээсэн бобслейн чарга нь тансаг хэрэглээний жип машины дайтай үнэтэй гэдгийг хэлэх хэрэгтэй.