Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монголын анхны гавьяат уулчин Л.Болдбаатар энэ сарын 13-нд Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уулын Малчин оргилд охин Б.Үүрцайхын хамт гараад, бууж явах үедээ осолдож, амь насаа алдсан. Түүнийг осолдсон мэдээг охин нь энэ сарын 16-нд Малчин оргилоос хамгийн ойр байх нэгэн айлд ирж хэл дуулгаснаар аврах баг томилогдон, эрэн хайх ажил эхэлж, дөрвөн өдрийн дараа буюу энэ сарын 20-нд цогцсыг нь олсон тухай таагүй мэдээ дуулгасан билээ.
Африк тивийн ноён оргилд эх орныхоо далбааг анх удаа мандуулж байсан хашир уулчныг алга боллоо гэх муу мэдээ анх гарахад л таньдаг мэддэг хүмүүс нь “Уул нь Малчин оргил, уулчин нь “уул”-ын Болдоо шүү дээ. Заавал амьд мэнд байгаа” гэж итгэж хүлээж байсан. Гэтэл тэр итгэл найдварыг түүний цогцос олдлоо гэсэн мэдээ үгүй хийв. Баян-Өлгий аймгийн онцгой байдлынхан болон тус аймагт байрлах Хилийн цэргийн ... дугаар ангийн Тусгай томилгоот бүлэг, туршлагатай уулчид гээд 44 хүний бүрэлдэхүүнтэй баг дөрвөн өдөр ажилласны эцэст түүнийг ууландаа осолдсон байсныг оллоо.
Энэ мэдээг дуулаад “Усны хүн усандаа гэдэг. Болдоо маань мөнх цаст уулынхаа оргилоос одох хувьтай байж” гэх нэгэн байхад болсон явдалд итгэхийг хүсэхгүй нь ч байна.
Малчин бол Алтай таван богдын таван оргилын хамгийн намхан нь. Уулын спортод анхлан суралцагчид, эмэгтэйчүүд голдуу авирдаг энэ уул хэдийгээр өмнөд хэсгээрээ хад асгатай ч бусад хэсгээрээ бол хүн унаад амиа алдахаар газар үгүй гэнэ. Олон түмний дунд нэг л учир битүүлэг санагдаад байгаа эл явдлын талаар тодруулахаар уулчидтай холбогдлоо.
Уулын спортынхон хамгийн сүүлд цагаан сараар уулчин Н.Сүрэнжавынд олуулаа цуглажээ. Энэ үед талийгаач Алтай таван богдод авирах талаар огт дурсаагүй гэнэ. Түүн шиг туршлагатай уулчны хувьд заавал хүйтэн нойтон цагаар бэлтгэл сургуулилт хийх гэж ууланд авирах нь санаанд оромгүй явдал гэдгийг уулчид хэлж байна. Тиймээс магадгүй Л.Болдбаатар өөр зорилготой явсан байж мэдэх. Түүнтэй хамт явсан Б.Үүрцайх охин нь Польшоос нутагтаа ирээд удаагүй байсан учраас магадгүй охиныхоо хүсэлтээр явсан ч байж болох. Охиныгоо ирэхээс өмнө талийгаач ганцаараа амьдарч байсан гэнэ.
Талийгаачийг осолдсон тухай мэдээг охин нь хоёр хоногийн дараа хэл хүргэсэн. Яагаад ийм хожуу хэл дуулгав гэж олон хүн гайхаж байсан ч Малчин оргилоос буугаад хамгийн ойрхон айлд хүрэхэд дор хаяж хоёр өдөр явах зайтай аж. Малчин оргилд манай уулчид жилдээ багадаа л гэхэд дөрвөн удаа гардаг учраас замаа сайн мэддэг. Тиймээс GPS, сансрын утас зэрэг холбоо барих техник хэрэгсэл ч авч яваад байдаггүй нь Л.Болдбаатарын осолдсон тухай мэдээ хожуу ирэх гол шалтгаан болжээ.
Хугацааны хувьд яах аргагүй хол зам туулснаас гэдгийг ойлгож болохоор байгаа ч Б.Үүрцайхын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрж байгаа гэх мэдээлэл гадуур гарч, бас л олныг эргэлзээнд оруулаад байна. Охин нь болсон явдлын талаар мэдүүлэхдээ өөрөө ухаан алдаж унаад, сэртэл аав нь алга болсон байсан гэжээ. Хэрэв өөрийнх нь ярьснаар үнэхээр уулнаас унаад бэртэж гэмтсэн бол яаж ч яваад хоёр өдрийн дараа айлд очиж хэл дуулгах боломжгүй дээ гэж хашир уулчид хэлж байна.
Уулчид өндөр ууланд авиралт хийхдээ цаг агаарын аюултай нөхцөл байдалд орвол олсонд ордог байна. Ингэхдээ хашир туршлагатай уулчин нь түрүүлэн явдаг аж. Харин чирэгдэж буюу сүүлд яваа уулчинд нь бэрхшээл таарвал хоорондоо холбосон олсоо тасалдаг байна. Ингэснээр түрүүлж яваа уулчныхаа амийг авардаг гэнэ. Гэтэл талийгаач Л.Болдбаатар олсоо тасалсан байсан гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй яриа уулчдын дунд таржээ. Үүнийг сонссон уулчид “Хэрэв олсонд орох нөхцөл үүссэн бол хоёулаа амьд үлдэхийн тулд түрүүнд нь Болдоо маань л орох ёстой байсан даа” гэх. Энэ талаар Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа “Бид үүнийг хийсвэрээр, үзсэн харсан киногоороо төсөөлөн ярьж болохгүй шүү дээ. Бодит байдал дээр тулгуурлаж, барьцтай, үзсэн харсан юмаа ярих ёстой. Энэ сарын 15-нд Үүрцайх хамгийн эхний мэдээгээ ээждээ дуулгасан юм билээ. Тэр ээждээ хэлэхдээ “Аав бид хоёр Малчин оргилд гарчихаад баяртай буцаж явтал халтирч унаад нисчихлээ” гэж хэлээд “Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү ослын талаар мэдэгдээрэй” гэсэн мэдээ өгөөд л утас нь тасарсан гэж байгаа юм. Бид үүнийг л хэлж чадах байна. Түүнээс биш хэн нь урдаа, хэн нь хойноо яаж явсныг бид хараагүй. Хараагүй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Ямар ч уул, усанд ам гарч болдоггүй гэдэг. Олон жилийн өмнө Малчин оргилд авирахаар явсан нэгэн эмэгтэй уулчин замдаа голд живж амь насаа алдсан явдал бий.
Хэдийгээр энэ учир битүүлэг явдлын талаар одоо хүн бүр өөр өөрийн гэсэн таамаг дэвшүүлж байгаа ч газар дээр нь ажилласан аврагчид, хамт явсан охин нь мэдээлэл хийж, эргэлзээ төрүүлсэн олон асуултад хариулах биз ээ.
Талийгаач сүүлийн жилүүдэд Монголын уулчдын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж, холбооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлэхээр олон зүйлийг төлөвлөж байсан гэнэ. Асар их туршлага, нөөц боломж... Ингээд л явчихлаа. Хөх тэнгэрийн орондоо дахин төрж, хийж бүтээхээр дутуу үлдээсэн үйлсээ гүйцээгээрэй. Ум сайн амгалан болтугай.