Өмнөд Солонгосын олимпын хороо Олон улсын уран гулгалтын холбоонд хандан өөрийнх нь сор тамирчин Ким Юнаг мөнгөн медаль дээр буулгасан эмэгтэй уран гулгагчдын ганцаарчилсан үзүүлбэрийн шүүлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Гэвч өнгөрсөн пүрэв гаригт болоод өнгөрсөн тэмцээний талаарх гомдлоо бүр хоёр хоног өнгөрсний дараа илэрхийлсэн учраас энэ тухай авч хэлэлцэхгүй бололтой. Учир нь, Олон улсын уран гулгалтын холбооны дүрмээр аливаа тэмцээний шүүлтийн талаар гомдол санал байвал тэр даруйд нь мэдэгдэх ёстой. Тэмцээн дуусаад хагас цаг өнгөрөхөд гомдол санал ирээгүй бол цаашид энэ тухай авч хэлэлцдэггүй аж. Тиймээс Өмнөд Солонгосын албан ёсны эсэргүүцлийн мөрөөр Ким Юна, Аделина Сотникова нарын үзүүлбэрийг дахин шүүх тухай асуудал гарахгүй нь бололтой. Албан ёсны эсэргүүцлээс гадна албан бусаар ч шүүлтийг эсэргүүцсэн гомдол онлайнаар хүчээ авсаар байна.
Change.org хэмээх цахим хуудсанд Ким Юна, Аделина Сотникова хоёрын үзүүлбэрийг хэрхэн шүүснийг нийтэд ил болгож, дахин шүүхийг уриалсан өргөдөл гаргасан нь 1,9 сая хүний дэмжлэг авчээ. Уг саналыг интернэтэд гаргасан даруйд зургаан цагийн дотор 700 мянган хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын тамирчин А.Сотникова 224.59 оноогоор тэргүүлж, олимпын аварга болсон бол Ванкуверийн олимпын аварга, мөсний хатан хаан гэгддэг Өмнөд Солонгосын тамирчин Ким Юна 219,11 оноогоор мөнгөн медаль хүртсэн. Жирийн үзэгчийн нүдээр хоёр тамирчин ямар ч алдаа гаргалгүй, үзүүлбэрээ төгс гүйцэтгэсэн. Ялангуяа Ким Юна уян налархай хөдөлгөөн, артистик талаараа үзэгчдийг аргагүй татсан юм.
Харин мэргэжлийн бус нүдээр тэр бүр олж харахааргүй шалгуураар бол Аделина Сотникова өрсөлдөгчөөсөө бараг бүхий л техникээр давуу байж, хамгийн хүнд элементүүдийг гүйцэтгэсэн учраас шүүгчид түүнд бүтэн таван баллаар илүү оноо өгсөн хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй. Гэвч зарим үзэгч мэргэжлийн тэр нарийн шалгуурыг төдийлэн ойшоож үзэхгүй, Оросын тамирчныг аварга болгохын тулд шүүгчид хэт дөвийлгөн үнэлсэн гэж буруутгаж байна.
Ялангуяа шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан Алла Шеховцова А.Сотниковад баяр хүргэн, тэвэрч байгаа дүрс зураг интернэтээр тарсан нь Ким Юнагийн фэнүүдийн эсэргүүцлийг бүр ч өдөөж өгөв.
Үүнээс гадна А.Шеховцова нь ОХУ-ын Уран гулгалтын холбооны дарга Валентин Писеевийн эхнэр учраас шүүлтэд ашиг сонирхлын зөрчил орсноос гарцаагүй хэмээн өмнөд солонгосчууд үзэж байна. Гэвч энэ спортын мэргэжилтнүүд, Юлия Липницкаягийн дасгалжуулагч хүртэл А.Сотниковаг аварга болохоор хүнд үзүүлбэр гүйцэтгэсэнд маргах зүйлгүй, үүнд шүүгчийн хэнтэй гэрлэсэн нь огтхон ч хамаагүй хэмээн өмгөөлж байна. Мөн уран гулгалтын холбооноос ч шүүлтийн систем элдэв ашиг сонирхлын зөрчил орохооргүй нягт нарийн, маш өндөр, мэргэжлийн түвшинд тамирчдыг үнэлдэг хэмээн мэдэгдэж байна. Дээрх тэмцээний тухайд Канад, Эстони, Франц, Герман, Итали, Япон, Орос, Словак, Украйны мэргэжилтнүүд шүүсэн аж.
Эл маргаантай шүүлтийн талаар Ким Юна ямар нэг тайлбар хийхээс татгалзсан бол А.Сотникова ялалтдаа бүрэн итгэлтэйгээр “Би ялсан. Энэ бол миний алт” хэмээн хэвлэлд ярьсан байна.