Сочигийн олимпоос үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээж байсан төрлүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын богино хөтөлбөр болон чөлөөт үзүүлбэрийн тэмцээн өчигдөр, өнөөдөр болж байна. Чухам энэ л тэмцээнээр хэн нь мөсний хатан болохоо батлана хэмээн олон нийтийн харахыг хүсч байсан "тулаан" өнгөрсөн олимпын аварга Юна Ким болон өнөө жилийн шинэ од Юлия Липницкая хоёрын хооронд өрнөлөө.
Олимпын эхний өдрүүдэд болсон багийн төрөлд гайхамшигтай уран гоё үзүүлбэр үзүүлж, дэлхий дахиныг шагшуулсан Оросын уран гулгагч Юлия Липницкая богино үзүүлбэрийнхээ үеэр гурав дараалсан үсрэлтээ хийхдээ унаж, түүнээс алтан медаль хүсч хүлээж байсан олон хүний сэтгэлийг гонсойлголоо. Харин түүний хамгийн том өрсөлдөгч, Ванкуверийн олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна аргагүй туршлагатай тамирчин гэдгээ батлан харуулж, үзүүлбэрүүдээ түүртэх зүйлгүй, ямар ч алдаагүй хийж гүйцэтгэн 74,92 оноо аван, өрсөлдөгчдөө хошуучилж эхэллээ.
Ким Юнагийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг Мао Асада энэ өдөр азгүй байж үсрэлтүүдээ амжилтгүй хийснээр 55 оноо авч, бүр хойшоо 16 дугаар байранд бичигдээд байна. Юлия Липницкаяагийн хувьд 65,23 оноогоор тавдугаар байрт яваа бөгөөд чөлөөт үзүүлбэрийн үеэр Ким Юнаг гүйцэж түрүүлнэ гэдэг бэрх юм.
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт Ким Юнагийн араас Оросын Аделина Сотникова 74,64 оноогоор хоёрт, Италийн Каролина Костнер 74,12 оноогоор гуравт явна. Дэлхийн шилдэг гулгагчид болсон эдгээр бүсгүйчүүд өнөө орой хамгийн чухал өрсөлдөөнөө хийнэ. Тэд чөлөөт үзүүлбэрээр өрсөлдсөний эцэст мөсний хатан хаан хэн бэ гэдгээ шийдвэрлэх юм.