Дэлхийн 124 орны тамирчид Сочигийн өвлийн Олимпын тоглолтод спортын 15 төрлөөр ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорьж, тэдний тоглолтыг үзэх гэж сая гаруй хүн олимпын тасалбар худалдан авч хүрэлцэн ирсэн, ирж чадаагүй хэдэн зуун сая хүн орой болгон сэтгэл догдлон зурагтын дэлгэц ширтэн суугаа.
Олимпод багтсан спортын төрөл болгон өөрийн гэсэн үнэнч фэнтэй, олон зуун мянган шүтэн бишрэгчтэй. Гэхдээ тэдгээрийн дотроос хоккей, бүр тодруулбал эрэгтэйчүүдийн хоккейг хамгийн олон үзэгчтэй, хамгийн ач холбогдолтой, хамгийн чухал гэдэгтэй олон хүн санал нийлнэ.
Энэ удаагийн Олимпын эрэгтэй хоккейд Австри, Канад, Латви, Норвеги, ОХУ, Словак, Словен, АНУ, Финлянд, Чех, Швейцарь, Швед гэсэн 12 орны шигшээ оролцож байна. Эдгээр улсад эрэгтэйчүүдийн хоккей нь уламжлал ёсоор хамгийн олон шүтэн бишрэгчтэй, маш өндөр төвшинд хөгжсөн спортын төрлийн нэг байсаар ирсэн түүхтэй. Тиймээс аль ч шигшээг дутуу үнэлж басамжилж болохгүй. Басаж байгаад баларсан түүх Олимпын тоглолтын явцад цөөнгүй гарч байлаа.
Хамгийн алдартай нь Оросын буюу тухайн үеийн Зөвлөлтийн домогт шигшээ баг 1980 оны Өвлийн тоглолтын үеэр оюутны багийн тамирчдаас бүрдсэн Америкийн шигшээд хожигдсон нь жинхэнэ супер дуулиан болсон бөгөөд америкчууд ялалтаа “Мөсөн дээрх ид шид” гэж нэрлэсэн юм. Энэ удаагийн тоглолтод “ид шид” тохиолдох магадлал бараг байхгүй болохоор ихэнх үзэгч Канад, АНУ, ОХУ, Финлянд, Швед, Чех гэсэн улсын багийн тоглолтыг тэсэн хүлээж байсан юм. Ингэхээс ч өөр аргагүй.
Канад
Канадчуудыг хувьд хоккей хамгийн их дээдэлдг үндэсний спорт. Тиймээс Канадын хоккейн шигшээ баг найман удаа Олимпын аварга болж, дөрвөн удаа үзүүрлэж, хоёр удаа хүрэл авсан бөгөөд Олимпын түүхэнд хамгийн олон медаль авч байсан юм.
Энэ удаагийн олимпын Канадын шигшээ багийг бүгд л ямар ч өөгүй, сул талгүй гэцгээж байна. Ер нь, Олимпын алтыг авах магадлал хамгийн өндөр баг гэдэг дээр дийлэнх нь санал нийлсэн. Шигшээ багийн 25 тамирчнаас 22 нь Үндэсний хоккейн лиги буюу “NHL”-ийн од болохоор бүгдийнх нь талаар тайлбарлана гэвэл сонины хуудаас цөөднө. Заримынх нь талаар товч өгүүлье.
“Писбург Пингвинз” багийн Сидни Кросби. Дөрвөн жилийн өмнө Ванкуверт “жаал Сид” гэгдэж байсан энэ тамирчин өдгөө багийн ахлагчаар Сочид ирсэн. Хоккейн хамгийн алдартай тамирчдын нэг Малкин түүнийг “Дэлхийн хамгийн шилдэг хоккейчин” гэж тодорхойлдог гэхээр өөр тайлбар илүүц байх. Цаашлаад “Чикаго Блэкхоукс” багийн Жонатан Тэйвз байна. Нийтдээ Канадын шигшээгийн 14 довтлогчийн 11 нь “NHL”-ийн улирлын хамгийн олон гоол хийсэн тамирчны тоонд орсон гэхээр нэгийг бодогдуулах байх. Канадын шигшээгийн дундаж нас нь 28.
ОХУ
ОХУ-ын хоккейн шигшээ алдартай байхаас өөр аргагүй. Бүр Зөвлөлтийн үеэс л оросууд хоккейдээ онцгой анхаарч, ард түмний дунд спортыг сурталчлах болон олон улсын тавцанд үзэл суртлын дайнд чадварлагаар ашиглаж ирсэн түүхтэй. Оросын сонирхогчид 1972 онд Канадын мэргэжлийн хоккейчдийг хожиж ямар ч багийг басамжлах хэрэггүй гэдгийг анх харуулж байсан юм.
Оросын баг нь Олимпоос найман удаа алт, хоёр удаа мөнгө, хоёр удаа хүрэл авч нийт медалийнхаа тоогоор канадчуудын дараа хоёрдугаарт ордог болохоор нутаг дээрээ алт авах магадлал өндөр байхгүй гээд яах билээ. Тэгээд ч бүрэлдэхүүнд нь “Коламбия блю жакетт”-ийн Сергей Бобровский, “Вашингтон кэпитэлс” Александр Овечкин, “Питсбург пингвинз”-ийн Евгений Малкин, “Нью-Жерси Дэвилс”-ийн Илья Ковалчук гээд супер од олон. Оросын шигшээд “NHL”-ийн 14 тамирчин тоглож байна гэдэг нэгийг хэлж байна. Бусад тоглогчид ч нутагтаа Их газрын хоккейн Лиг буюу “КХЛ”-д нэр алдар нь түгсэн дутахааргүй одууд. Оросын шигшээгийн дундаж нас 27.
АНУ
Олимпын аварга болох магадлал өндөр байгаа дараагийн баг нь яах аргагүй АНУ-ын шигшээ. Америкчууд өвлийн Олимпын түүхэнд хоёр удаа аварга болж, найман удаа үзүүрлэж, нэг удаа хүрэл авч байсан баг. Олимпын шигшээгийн тамирчдын хувьд бүгд нэр алдартай бөгөөд Үндэсний хоккейн лигт тоглодог гэж хэлэхэд л хангалттай байх. Райан Макдона, Фил Кессел, Дэвид Бейкс, Жон Карлсон гээд алдартай тоглогч олон. Америкийн багийн тоглогчдын дундаж нас 27.
Швед
Магадлал өндөр дараагийн баг нь Шведийн шигшээ. Шведийн хоккейчид Олимпын аваргын төлөөх тэмцээнд хоёр удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, дөрвөн удаа хүрэл авч байсан алдартай баг юм. Шведийн үндэснийх нь элит лиг нь дэлхийд бас л алдартай. Олон шведууд “NHL”-д тоглодог. Никлас Бэкстрем наад захын жишээ. Даниель Седин 2011, 2012 онд “NHL”-ийн бүх оддын тоглолтод оролцож байсан. 2011 онд “NHL”-ийн хамгийн шилдэг тоглогчид өгдөг Тед Линдсоны шагналыг авч байсан алдартай хоккейчин. Дундаж нас 27.
Чех
Аварга болох магадлалтай дараагийн баг нь Чех улсын шигшээ. Хүйтэн дайны үед Зөвлөлт Канад гэсэн хоёр улсын шигшээ л гол өрсөлдөгч байсан үед Чехословак нэртэй улсын шигшээ нэг удаа Олимпын аварга болж, дөрвөн удаа мөнгө авч хоккейн хоёр их гүрнийг айлгадаг гол өрсөлдөгч байлаа. Энэ улс задарсны дараагаар Чех улс алдартай шигшээ багийн уламжлалыг өвлөн үлдсэн хүчирхэг баг хэвээр байна. Энэ улсын шигшээд Хойд Америкийн Үндэсний лиг буюу “NHL”-ийг багуудад тоглодог алдартай тамирчид олон байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. “Вашингтон кэпитэлз” багийн Мартин Эрат, “Виннипег жэтс” багийн Ондржей Павелец гээд тоочоод байвал олон тамирчин байна. Мөн Их газрын хоккейн лигийн Оросын багуудад тоглодог тамирчид ч олон байгааг хэлэх хэрэгтэй. Чехийн багийн дундаж нас 29.
Финлянд
Финляндын хоккейн шигшээ өвлийн Олимпын түүхэнд хоёр ч удаа аварга болох боломжтой байсан ч мөнгөн медаль авсан. Энэ удаад эртний танил болсон өрсөлдөгчидтэйгээ дахин таарч байгаа болохоор аварга болох боломж муугүй байгаа. Финляндын шигшээ нь эцсээ хүртэл бууж өгөлгүй тун дайчин бөгөөд шургуу тоглолт гаргадгаараа алдартай. Ийм багийг “NHL”-ийн одод цөөнтэй юм байна гэж басамжлавал уучлашгүй алдаа гаргаж байгаа хэрэг гэдгийг бусад багуудын тоглогчид сайн ойлгож байгаа байх.
Ерөнхийдөө, аваргын алтан медалийн төлөөх гол өрсөлдөгчид иймэрхүү. Дундаж нас 29.
Багтаа хожил авчирсан АНУ-ын хаалгач Куик
Харин багууд бүлэгт тун ч жигд хуваарилагдсан. “А” хэсэгт, АНУ, ОХУ, Словак, Словен. “B” хэсэгт Канад, Финлянд, Австри, Норвеги. “С” хэсэгт Чех, Швед, Швейцарь, Латви таарсан. Та хэрэв анзаарсан бол хэсэг болгонд үндсэн өрсөлдөгчид хоёр хоёроороо тэнцүү хуваагдаж таарсан болохоор “үхлийн хэсэг” гарч ирсэнгүй. Иймээс хэсгийн тоглолтууд ч мэргэжилтнүүдийн таамаглаж байсны дагуу ямар нэг сенсаацигүйгээр болж өнгөрлөө.
“С” хэсэгт Шведийн шигшээ бүх өрсөлдөгчдөө буулгаж хэсгээсээ нэгээр гарсан бол Чехийн шигшээ санамсаргүйгээр Швейцарьт хожигдсоноос болж шууд хоёроор гарч чадсангүй нэмэлт тоглолт хийх шаардлагатай болов.
“В” хэсгээс Канад нэгээр, Финлянд хоёроор гарч ирлээ.
“А” хэсгийн тоглолт хамгийн дуулиантай болж өнгөрлөө. АНУ-тай хийсэн тоглолтын үеэр Оросын баг 2:2 тэнцүү явж байх үед тоглолт дуусахын өмнө нэг гоол хийсэн ч Америкийн шүүгч гоолыг тооцсонгүй. Шалтгаан нь гоол орох үед хаалга хөдөлсөн. Олон улсын хоккейн холбооны дүрэм ёсоор хаалга хөдөлсөн үед хийсэн гоолыг тооцдоггүй болохоор нэг талаас шүүгчийн зөв байсан мэт. Гэтэл нөгөө талаас авч үзвэл Америкийн хаалгач Куик шайб хаалганд орохоос хэдхэн хормын өмнө хаалгыг санаатайгаар хөдөлгөсөн болж таарлаа. Ийм нөхцөлд шүүгч нь гоолыг тооцохгүй байх нь зүйн хэрэг ч гэлээ санаатай үйлдэл хийсэн хаалгачид торгууль ноогдуулан буллит буюу торгуулийн дайралт өгөх ёстой байсан гэх хүн цөөнгүй байна.
Ийнхүү шүүгчийн маргаантай шийдвэрийн улмаас багууд үндсэн ба нэмэлт цагуудад 2:2 харьцаатайгаар хайнцсан тул цуврал буллитаар ялагчаа тодруулахад америкчууд илүү азтай байв. Үр дүнд нь Оросууд 3:2 харьцаагаар хожигдсон юм.
Энэ тоглолтод шүүгчийн гаргасан шийдвэрийн талаарх маргаан одоо хүртэл тасрахгүй байна. Зарим шинжээчид тоглолтын дараа нэлээд зарга явж магадгүй гэцгээж байгаа юм.
Хоёр багийн тоглогчид ч энэ талаар өөр өөрийн байрь суурийг илэрхийлээд авлаа. Александр Овечкин “Тэнд юу болсныг мэдэхгүй ч яах аргагүй цэвэр гоол байсан. Манай багийн хэн ч хаалгыг хөдөлгөөгүй, хаалгач өөрөө хөдөлгөсөн. Шүүгч энэ үйлдлийг нь олж хараад хоёр минутын торгууль ноогдуулах ёстой байсан юм” гэв.
Хаалгач Куикийн хамт “NHL”-д нэг багт тоглодог Оросын хамгаалагч Вячеслав Войнов “Яагаад хаалга хөдөлсөн бэ? Яагаад өмнө нь хэн ч анзаараагүй байсан бэ? Би л хувьдаа Куикийг санаатайгаар хаалгыг хөдөлгөсөн гэж хэлнэ. Бид хоёр нэг багт тоглодог юм болохоор цаадахын чинь нууц мэх нь юм шүү дээ” гэжээ.
Харин хэргийн эзэн Куик өөрөө “Бид хаалга хөдөлснийг анзаараагүй. Цохих үед би шайб руу хамаг анхаарлаа шилжүүлээд хаалгыг хөдөлгөсөн гэдгээ өөрөө ч мэдээгүй гэдгийг та бүхэн бэлхнээ харсан” гэсэн байна.
Оросын шигшээгийн ерөнхий дасгалжуулагч Зинэтула Билялетдинов “Хаалга хөдөлсөн байсан гэцгээж л байна. Миний байсан газраас юу харагдаагүй. Шүүгчид бичлэгийг үзээд дараа нь ийм шийдвэр гаргасан болохоор үнэн л биз. Ийм гоолыг тооцоогүй нь мэдээж харамсалтай” гэв.
Харин Америкийн дасгалжуулагч Дэн Байлсма “Надад тайлбар алга. Ер нь шүүгчид яагаад гоолыг тооцоогүй талаар зарчмын итгэл надад байхгүй. Бидэнд маш их аз таарлаа. Тэр гоол бүгдийг шийдэж болох байлаа” гэжээ.
Тэгэхээр Америкийн шигшээгийн хаалгач Куик санаатай эсвэл санамсаргүй “ид шид” бүтээж багтаа хожих боломж авчирсан шидтэн болж хувирлаа. Тоглолтыг үзэж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оросын хоккейчдийн тоглолтыг сайн тоглосон гэж дүгнэсэн бол тоглогчид өөрсдөө ганц хожигдол юу ч шийдэхгүй алтын төлөө өрсөлдөх бодит боломж байна гэдгээ нуухгүй байгаа юм.
Шөвгийн найман баг өнөөдөр тодорно
Ингэснээр эрэгтэй хоккейн хэсгийн тоглолт маш өрсөлдөөнтэй, үзүүштэй, дуулиантай явагдаж байна. Одоогийн байдлаар Швед, АНУ, Канад, Финлянд гэсэн багууд шөвгийн наймд тоглох эрхээ оллоо. Бусад найман баг тус бүр нэг тоглолт хийж байж шөвгийн наймд орох өөр дөрвөн баг тодрох ёстой боллоо.
Өнөөдөр ОХУ баг Норвегитэй, Швейцарийн баг Латвитай, Чехийн баг Словактай, Словени Австритай тоглох юм. Эндээс Оросын хувьд ялах магадлал хамгийн өндөр. Учир нь, Норвеги хэсэгтээ ганц ч ялалт байгуулаагүй, дандаа үндсэн цагт хожигдож байсан болохоор “0” оноотой байгаа. Словак харин нэмэлт цагт нэг удаа, буллитээр нэг хожигдсон гээд бас ч гэж хоёр оноотой байгаа хэдий ч ялалт ганц ч байхгүй болохоор Чехийг тогтоож дийлэх магадлал тун бага. Чехийн шигшээг хожсон Швейцарийн багийг ганц ч ялалт байгуулаагүй байгаа Латвийн баг хожно гэдэг магадлал багатай ч эндээс тун сонирхолтой тоглолт гарч магадгүй. Словени Австри хоёрын тоглолт ч тун сонирхолтой болно. Учир нь, Словенийн багийг хэн ч анхаарч үзэхгүй, хэсэгтээ хамгийн сүүлд орох байх гэж бодож байтал гэнэтийн зүйл болж хоккейн олон жилийн уламжлалтай Словакийн багийг хожиж олныг гайхуулсан билээ.
Ямартай ч, Сочигийн олимпын шөвгийн наймын багууд өнөөдөр бүгд тодорно. Эдний дотор ялах магадлал хамгийн өндөртэй гэсэн зургаан баг таамаглаж байсанчлан гарцаагүй гарч ирэх бололтой.