Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кимарли Вильямс: Өөрийн буруугаас сэлгээний суудалд шилждэг

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Ав-Атар” багт хүчин зүтгэж байсан АНУ-ын лигеонер тоглогч Кимарли Вильямсыг сагсан бөмбөг сонирхогчид  андахгүй мэднэ. Энэ жилээс “Хасын хүлэг” багт хүчин зүтгэх болсон түүнтэй ярилцлаа.
 -Манай улсад хоёр дахь жилдээ  ирж тоглож байна. Өнгөрсөн жил их хүйтэн байна гэж байсан. Энэ жилийн хувьд?
-Дасчихсан байна. /Инээв/ Энэ жил шинэ баг, дасгалжуулагч гээд олон зүйл өөрчлөгдсөн. Сэтгэгдэл маш өндөр байгаа.
- О.Баярцогт дасгалжуулагчид “Танай багт тогломоор байна” хэмээх санал тавьсан гэсэн. Яагаад “Хасын хүлэг” багийг сонгох болов?
-Урьд нь хамт тоглож байсан багийнхаа тамирчдаас О.Баярцогт дасгалжуулагчийн  талаар их зүйл сонсч байсан. Надад дасгалжуулагч  хүний хувиар их таалагддаг. Тэр маш чадварлаг дасгалжуулагч. Тиймээс л энэ багт тоглохоор шийдсэн юм. 


-Дасгалжуулагчдаа загнуулах үе гарч байна  уу ?
-/Инээв/ Дээр хэлсэн. Манай дасгалжуулагч үнэхээр сайн. Тэр ямар үед юу гэж хэлэхээ маш сайн мэднэ.. Хаа нэг зэмлүүлэх үе гардаг л юм.  Манай баг зургаан бүсээс ирсэн сайн тамирчидтай. /Энэ нь шигшээ багийн тамирчдын цөмийг хэлж байна/ Манай баг шилдэг нь. Мөн хоорондоо их зүйл суралцдаг. Бас их найз.
-Өмнө нь  өөр ямар оронд тоглож байсан бэ?
-Германд хоёр жил шахам тоглосон. Түүний дараагаар Монголд дахин тоглох гэж байна. Дараа жил нөхцөл байдал нь бүрдвэл ирэх  бодол байгаа.  
-Өнгөрсөн жил “Ав-Атар”-т байсан Лексийг танай хамаатан  гэж сонсч  байсан. Одоо хаана юу хийж байгаа вэ?
-Лекс Нью-Йоркод ажиллаж  амьдарч байгаа.  
- Манай тамирчид багийн тоглолтыг чухалчилдаг. Гэтэл АНУ-ын тамирчид хэтэрхий хувийн тоглолттой  санагддаг?
- Магадгүй л юм. Монгол тамирчдаас бид шал өөр.  Сэтгэхүй ч тэр. Манай улсад хичнээн тоглолтдоо төвлөрсөн ч  үзэгчдээ уйдаахгүй байлгах хэрэгтэй. Үзэгчид ч биднээс ийм л  зүйл хүсдэг. Гэтэл энд бол өөр.  Багийн тоглолтыг нэн түрүүнд тавьдаг.
-Кимарлигийн биеийн хөгжил бусад тамирчдаас ихээхэн ялгардаг. Илүү булчинлаг  харагддаг?
-Баярлалаа. Бие ээ яаж булчинлаг болгох вэ гэж бодож байсангүй ээ./Инээв/  Энэ бэлтгэлийн л үр дүн байх.
-Бас сэтгэл зүй нэлээн өндөртэй тамирчин?
-Сэтгэл зүй асар өндөр байж тоглолтдоо орж чаддаг.  Монголын хөгжөөн дэмжигчид их онцлогтой юм шиг санагддаг. Довтолгоон явагдаад бөмбөг оруулчихаар нэгэн хэмнэлд алга ташдаг. Тэгсэн мөртлөө алдаа хийх ч юм уу, бөмбөг алдах тохоиолдолд их орилолддог./Инээв/ Их сонин санагдаад байдаг юм.
-Тэгвэл  танай улсын хөгжөөн дэмжигчид хэрхэн дэмждэг вэ?
-Шал өөр. Алдсан тохиолдолд урам өгдөг ч юм уу. Гэтэл монголчууд инээлдэж, бараг л баярладаг.
-Кимарлигийн бишэрч явдаг тамирчин хэн бэ?
-Мэдээж Кевин Гарнет.
-Таныг хараад байхад дасгалжуулагч сэлгээний суудалд шилжүүлэхэд их л урамгүй байгаа харагддаг?
- Тийм ээ. Өөрийн буруугаас сэлгээний суудалд шилждэг. Тоглолтын дунд алдаа хийснээр дасгалжуулагч сэлгээний сандалд суулгахад хэцүү байдаг. Үнэхээр хэцүү. /Инээв/
-. Ер нь чөлөөт цаг гарвал юу хийж өнгөрүүлж байна?
- Бүжгийн клуб орох дуртай. Гэхдээ би архи, тамхи хэрэглэдэггүй.
-Гэр бүл зохиож амжсан уу?
-Мэдээж байгаа. Миний эхнэр хүүхэд Нью-Йорк-д амьдардаг. Одоо байнгын утсаар яриад л холбоотой байдаг. Би гэр бүлдээ маш их хайртай. Миний гэр бүл надад байнга аз хүсч тусалж дэмждэг болохоор санаа зоволтгүй ажилаа хийж чаддаг. Сагсан бөмбөгийн спорт нэг ёсны ажил минь.
-Энэ жил сарын цалин нэлээн нэмэгдсэн байх аа?
-/Инээв/ Ямарч байж болно. Үүнийг хэлмээргүй байна. Ирэх жил боломж бүрдвэл ирж тоглоно оо.
 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан