Монголын буудлага спортын цомын аварга шалгаруулах тэмцээн манай улсад 1964 оноос эхлэн, өнөөдрийг хүртэл тасралтгүй 50 жил зохион байгуулагдсаар ирсэн. Мэргэн буудагчдын маань хувьд тус тэмцээн нь улсын аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэхүйц шилдэг тамирчдаа тодруулдаг чухал тэмцээнүүдийн нэг билээ.
Энэ жилийн тэмцээнд хөдөө орон нутгаас буудлагын спорт эрчимтэй хөгжиж буй Сүхбаатар, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн аймгуудаас мэргэн буучид маань олимпийн 10 төрөлд 5 үе шаттайгаар өрсөлдөхөөр хүрч ирээд байгаа юм. Холбооны цомын 50 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20-оод байгууллагын 160 гаруй тамирчин өрсөлдөж байсны дотор МУХБ, ГТ Гүндэгмаа онч мэргэнээ сорин өрсөлдөхөөр ирсэнд үе үеийн мэргэн буучид баяртайгаар хүлээн авч байсан юм. Тэмцээний эхний үе шат өнөөдөр эхлэж байна.
Монголын буудлага спортын холбооны цомын төлөө чансаа тогтоох 1-р тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн техник спортын тирт эхэллээ. Тус цомын финалын тэмцээн оны эцэст 12-р сард болох юм. Цомын тэмцээний дүнгээс харгалзан үзэж ДАШТ, Азийн наадам, оюутны болон залуучуудын дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.