Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Л.ДОРЖ: ӨВЛИЙН СПОРТ ШООВДОР ХҮҮХЭД ШИГ Л БОЛЖ

Өвлийн олимпын XXII удаагийн наадам энэ жил тохиож буйтай холбогдуулж эл наадмын эргэн тойрныг тандаж, Монгол Улсыг төлөөлөн Сочигийн олимпод оролцож буй баг тамирчдын өнгийг шинжүүлэхээр холбогдох спортын ахмад тамирчидтай уулзсаны нэг нь Монгол Улсын Гавьяат тамирчин Лувсандашийн Дорж байсан юм. 1976 оноос хойш эх орон, улс ардынхаа нэрийг удаа дараа гаргаж олимпын тэнгэрт төрийн далбаагаа зургаантай мандуулсан хүн бол Л.Дорж. Бага залуугаасаа цанын спортоор хичээллэж улмаар улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, хоёр олимпод тамирчнаар, дөрвөн ч удаад нь дасгалжуулагч багшаар оролцож байсан тэрээр хийсэн юмтай хэлэх үгтэй нэгэн. Түүнтэй уулзахаар Төмөр замын дээд сургуулийн дэргэдэх “Замчин” спорт хороог зорьсон юм. Гавьяаны амралтаа эдэлж ганц нэг шавь нараа тойруулан зааж сургахаа сургаж залуу үеэ дэмжин ажиллаж буй тэрээр тус хороонд ажиллаад цөөнгүй жилийг илээжээ. Цагтаа, цанын спортын урдаа барьдаг тамирчдын нэг явсан тэрээр одоо ч гэсэн Улаанбаатар төмөр замын тамирчдыг бэлтгэн дасгалжуулж олимпын дэвжээнээ хүч үзэхэд нь дээлийнх нь энгэрийг мушгиж суудаг нэгэн. Мөн цанын спортын үүсэл хөгжлийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүн. 1989 оноос хойш хийсэн судалгааны ажлаа ном болгон хэвлүүлэхээр тухайн үеийн “Сүхбаатар” хэвлэлийн комбинатад өгсөн ч ном сонин, хэвлэлийг нухацтай шүүн тунгааж, хянаж шалгадаг байсан цаг учир багагүй хүлээлгэсээр 1990 онтой золгосон нь хувьсгалт хөдөлгөөн эхэлснээр хэвлэх үйлдвэр ч хаалгаа барьж хэн хүнгүй ном манатай болсон үе байв. Тухайн үед өгсөн судалгааны материалаа ном болгож амжилгүй явсаар хожим 1997 онд хэвлүүлсэн аж. “Дэлхийг тойрсон хос мөр” хэмээх цанын үүсэл хөгжил Монгол нутгаас гаралтай болох тухай өгүүлэх эл бүтээлийнхээ үргэлжлэлийг өнөө жилээс дахин эхлүүлж байгаа гэнэ. Манай орны зарим нутагт хөлдөө цана мэт зүйл хийж түүгээрээ цастай уул толгодоор гулган ан гөрөө хийж байгаа чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг илэрдэг нь эл судалгааны ажилд хамгийн том тулгуур болж байгаа аж. Тив дэлхийн тэмцээн уралдаанд эх орон, элэг нэгт Монгол түмнээ төлөөлөн оролцож явсан “Дэлхийг тойрсон хос мөртөн”-тэй ярилцсанаа толилуулъя.

-Өвлийн спортын төрлүүд манай оронд хэр дэлгэрч байгаа гэж боддог вэ?

-Шуудхан хэлэхэд төр засаг анхаарч үзэхгүй бол ямар ч спорт урагш ахихгүй шүү дээ. Ерөөсөө, өвлийн спорт гэдэг айлын шоовдор хүүхэд шиг л болчихож. Дандаа ийм байсан уу гэвэл үгүй. Дээхнэ үед төр засаг өвлийн спортын хөгжилд анхаарч баг тамирчдыг тодорхой хэмжээнд дэмжиж тэтгэдэг байсан. Би зургаан олимпод оролцож байсан хүний хувьд хэлэхэд өвлийн спортыг гаргуунд нь хаячихдаг. Тэгээд л зуны олимп дууссаны дараа өвлийн олимп гэгчийг гэнэт санаад “Хаана байна, хурдан ир” гэж тушааж хэдхэн сар шогшуулсан болчихоод л олимпод ор гээд явуулчихдаг. Гэтэл, өнөөдөр олимп дуусав уу үгүй юу маргаашнаас нь дөрвөн жил тамирчдаа бэлдэж эхэлдэг улс орон ч байна. Тэр ч бүү хэл Хятадууд 20 жил бэлдсэн тамирчнаа нэг л олимпод оруулаад л цахиур хагалдаг тохиолдол ч бий. Товчхондоо, битүү морь гэдэг нь байхгүй юу. Гэтэл бид жил хүрэхгүй бэлдэж ороод эрхээ авдаг ч дэлхийн шилдгүүдийн өмнө очоод бэлтгэл сургуулилтаар хол хоцорно шүү дэээ. Тэгээд л байр эзэлж чадалгүй ирвэл “Төрийн мөнгөөр тоглосон тамирчид. Сүүл долоолоо, баян ходоод” гэхчлэн сонин хэвлэлээр бичээд л сүйд болно. Гэтэл бидэнд юу зарсан юм, ямар арга хэмжээ авчихаад биднийг муу хэлээд байгаа юм. Бид нар төрийнхөө сүлдийг өргөөд улс орны тамирчидтай уйгагүй үзээд, даваад гараад ирлээ шүү дээ. Өвлийн спортын эргэн тойронд ийм л сонин юм болдог байхгүй юу. Наад зах нь дөрвөө байг ядаж хоёр жил цанын спорт өндөр хөгжсөн улс оронд тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийлгэчихээд дараа нь хариу нэх л дээ. Цанын спортын тамирчин Баяраа олимпоос медаль хүртэх гэж, түрүүлэх гэж хүсэх нь мэдээж гэвч хүссэн юм хүзүүгээр гэж гадаад дотоодод туршлага судлах бэлтгэх хийх тэр их зардал мөнгийг өөрөөсөө гаргана гэж байхгүй шүү дээ.

-Цанын спортын үүсэл хөгжлийн тухай судалгааны ажлыг тань сонирхвол?
Тийм ээ. Цанын спорт Монголоос үүсэлтэй гэдэгт би бат итгэлтэй байдаг. Энэ тухай дэлхий дахины эрдэмтэн судлаачид ч судалгаа шинжилгээний ажил хийсэн нь бий. Японы эрдэмтэн манай улсад энэ тухай дэлгэрүүлэн судлахаар ирж байсан удаатай. Хадны сүг зураг, домог ярианд ч энэ тухай өгүүлсэн нь бий. Эрт дээр үед манай оронд маш их цас орж л дээ. Бүүр гурван тохой цас орсонд нь хүн мал үхэж үрэгдэж улмаар хоол хүнсээ олж идэж чадахгүйд хүрч гэнэ. Тэгэхэд, манай өвөг дээдэс бургас баглан боож түүнийгээ адууны арьс, ширээр хулдан сураар үдэж хөлдөө углаад хунгар цасанд торох юмгүй төвөггүй явж сурч л дээ. Баавгайн савар гэж нэрлэсэн тэрхүү хэрэглүүрээ улам бүр боловсронгуй болгон сайжруулсаар цана гэгчийг үүсгэсэн гэж үздэг. Энэ тухай Оросын ном зохиолд ч гардаг юм. “Уландаа үстэй урт нарийн хос модоор холхи газрыг саадгүй туулдаг” гэхчлэн. Дайн тулаан хийж эзлэн түрэмгийлж явсан монголчуудын эл бүтээл нь алс баруун Европ нэвтэрсэн нь хожмоо Финланд, Исландаар түгж тэдгээр иргэд цаныг өөрсдийнх гэж үзэх болсон юм гэсэн. Угтаа, Оросыг эзэлж эзэн суусны дараа он жил улирсаар манай ард түмэн орос нутгаас шахагдсаар тэр хүрсэн хэрэг. Одоо ч гэсэн Финландад Фан-Ойрдууд гэх хүмүүс аж төрөн суудаг нь бидний өвөг дээдэс юм гэнэ билээ.

-Энэ жилийн олимпод эх орноо төлөөлж буй хоёр тамирчны тухайд та юу хэлэх вэ?
-Манай тамирчид өнгөрсөн хоёр ч өвлийн олимптой харьцуулахад харьцангуй ахисан, сайжирсан. Ер нь, цана тэшүүрийн спортыг эрэмблэхдээ рейтингээр хамгийн доор орсон тамирчнаар тэмцээн эхлүүлдэг юм. Манай тамирчид урьд олимпод оролцохдоо бараг эхэнд шахуу цас унасан байхад гарч салхи хагалдаг байсан бол энэ жилээс рейтинг нь өсч нэлээн хойгуур гарах хуваарьтай харагдсан. Миний хувьд Бямбадорж давгүй дээгүүр орчих болов уу гэж бодож байгаа.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан