Дөрвөн жилийн өмнө тэр өөрийгөө ахиад их спортдоо эргэж ирэхгүй гэдгийг мэдсэн. Гэхдээ тэр өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хажууд зогсоод Сочигийн олимпыг нээлээ.
2009 оны арваннэгдүгээр сарын 23. Европын цомын төлөөх тэмцээний эхний уралдаанд болоход гурав хоног үлджээ. Харамсалтай нь, энэ өдөр Германы Кенигзегийн бобслейгийн замд аймшигт осол болсон тухай мэдээлэл тус улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарав. Эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчийн буруугаас хэдхэн секундын өмнө замдаа гарсан 21 настай Ирина Скворцовагийн багийн чаргатай эрэгтэйчүүдийн багийн чарга мөргөлдөв. Бүх тамирчин амьд. Гэвч Ирина маш хүнд бэртэв. Түүнийг эргээд амьдарч чадна гэх итгэл тун өчүүхэн байлаа. Бүсгүйг Мюнхенийн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж ирэв. Охиныг өвчний шок, цус алдалтаас болоод алдчихгүйн тулд эмч нар тасралтгүй цус сэлбэж байв. Түүний амийг аврахын тулд тухайн үед 24 литр цус хийсэн гэдэг. Эмч нар түүнийг түр зуурын үхлийн комоос гаргахын тулд хагас сар тасралтгүй тэмцсээр байлаа. Дөрвөн сарын дараа бүсгүйг сэхээн амьдруулах тасгаас энгийн рүү шилжүүлэв. Ирина Германы эмнэлэгт 10 сар тасралтгүй хэвтэхдээ 50 гаруй хагалгаа хийлгэсэн байна.
Жилийн өмнөхөн Ирина тахир дутуу хүний тэргэнцэрээс боссон. Тэрээр одоо суга таягтай явж, өөрөө машинаа барьж, ВГТРК-т телесэтгүүлчээр ажиллаж байна.
2014 оны Сочигийн олимпын хамгийн хүндтэй зочноор албан ёсоор уригдсан нь энэ. В.Путины хажууд зогссон бүсгүй хэн байв хэмээн барууны хэвлэлийн анхаарлыг зүй ёсоор татсан бүсгүйн түүх ийн эхэлнэ.
“Ослыг би огт санадаггүй юм. 2013 оны арваннэгдүгээр сард бобод суусан, гулгасан, харин дараа жилийнх нь нэгдүгээр сарын 13-нд нүдээ нэээсэн. Хэрхэн явсан, яаж мөргөлдсөн, ямар осол болсныг миний санах ой тэр чигт нь арчаад хаячихсан юм. Сэрээд л амьдралын минь өмнөх үеүд яг л зүүд мэт санагдсан. Би өөрийгөө хэзээ нэгэн цагт гүйж, үсэрч, бүжиглэж байсан гэдэгтээ эргэлзэх болсон. Мэдээж энэ бүх мэдрэмжийг тун сайн мэдэж байсан ч яг зүүд зэрэглээ мэт санагдаж байлаа. Би ухаан ороод сэрэхдээ “ боолт, гипсэн дунд хэвтэж байгаагаа хамгийн аймшигтай зүйл гэж бодоогүй шүү. Шинэ оныг унтаад л өнгөрөөсөндөө ямар их харамссан гээч. “Би чинь хэчнээн их зүйл төлөвлөөд байсан билээ. Бүгдийг нь шинэ онд шивнэж чадсангүй дээ” гэж бодохоор үнэхээр аймшигтай санагдсан. Эмч нар надад юу тохиолдсоныг тухайн үед огт хэлээгүй. Би байнгын унтаа байдалд, тайвшруулах, өвчин намдаах тариагаар л амьдарч байсан үе. Дөрөвдүгээр сар хүртэл эргээд спортдоо, бобслейдээ очино гэдэгтээ итгэж байлаа. Энэ бодлынхоо ачаар амьдарч, өөрийгөө тайвшруулж байсан юм. Олимп болтол дөрвөн жил байна. Би хоёр жилийг хөл дээрээ босоход зарцууллаа ч бэлтгэл сургуулилт хийх хоёр жил надад байна гэдэгт итгэж байв. Эмч нараас байнга “ Би босч чадна тийм ээ, Эргээд спортоо очино тийм ээ” хэмээн шалгаана. Харин тэд над руу гайхсан харцаар хараад л хариултаас байнга зайлсхийсээр л. Ослын дараа миний толгой, гар, цээж л бүтэн үлдсэн гэдгийг би гэдэг хүн ухаартлаа мөн ч их удсан даа. Биеийн доод хэсэг маань хэдэн хэсэг болсон хог шиг гэмтсэн гэдгийг ухаарч чадахгүй байлаа. Харин өнөөдөр өөрийгөө толинд харах бүртээ өөрийн эрхгүй орилмоор болдог. Байрныхаа бүх толийг гаргаад хаячихсан л даа. Комоос гарсны дараа яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болж байлаа. Өөрөө амьсгалж, өөрөө бүхнийг эргэцүүлэх ёстой. Гэтэл надад амьсгалах байтугай, нүдээ хөдөлгөх ч чадал байсангүй. Гэнэт л бүх аппаратаа салгаад өөрөө өөрөө хэмээн өөртөө хэлж байсан ч өвчнийхөө улмаас ярьж ч чадахгүй байлаа. Өвчин намдаах тариа маань 20 минут л үйлчилнэ. Дараагийн тариа цагийн дараа. Тиймээс 40 минут өвчиндөө шаналж, зовохоос өөр арга байсангүй.
Хөдөлгөөнгүй хэвтэж байхдаа би бурхныг хараан зүхэж байлаа. Яагаад? Би ямар шийтгэл хүртээд энэ вэ. Энэ ослоос амьд гараагүй бол дээр байж.Надад ийм амьдрал хэрэгтэй гэж үү? хэмээн асууж байлаа. Өнөөдөр ч би энэ асуултад хариулж чадахгүй байгаа юм шүү. Хэдийгээр бурхан хүнийг тэвчиж чадах тэр л амьдралыг бэлэглэдэг гэдэг ч энэ үг надад огт хэрэггүй зүйл мэт санагдаж байсан юм. Цаг хугацаа өнгөрөх тусам миний уур бухимдал ингээд эвлэр дээ гэх сэтгэлд уусч байлаа. Амиа хорлох уу гэсэн бодлоос бөөр чинь эрүүл, хөл чинь одоохондоо байхад гэх нөгөө бодол аварч байлаа.
2010 оны дөрөвдүгээр сард ахиад эмнэлэгт. Явж сурах хэрэгтэй байлаа. Эхлээд өөрийнхөө бодол санаанд хөлөө энд тавиад гараараа дэм болоод хөдөлгө гэдэг ухамсар суулгасан ч нэг л болж өгөхгүй. Би босох тусам унасаар л байсан. Энэ үед л одоо би хэзээ ч спортдоо эргэж очиж чадахгүй нь гэсэн бодол орж ирэх болсон. Энэ бол миний хувьд хамгийн аймшигтай сүйрэл байлаа. 21 насандаа би өөрийнхөө бүх л хүсэл мөрөөдөл тэмүүллээ хогийн саванд хаях хэрэгтэй болсон гээд бод. Гүйж чадахгүй, цанаар гулгаж чадахгүй, үсэрч чадахгүй. Би байнга өмсөх дуртай өсгийтэй гутал, банзалнуудаа хогийн саванд хийх гэж үү. Тэгвэл цаашид юуны тулд яах гэж амьд явах хэрэгтэй юм бэ?
Би тэргэнцэр дээр суугаад юу ч хүсэхгүй бодохгүй, мөрөөдөхгүй болсон. Хагас жил гаруй надад зүгээр л ингэж амьдарснаас... гэсэн бодол л байлаа. Анх суга таяган дээр босох хүртэл энэ бодол надаас салаагүй шүү. Би хөлөө мэдэрч чадахгүй байлаа. Хөдөлгөж ч чадахгүй хэрнээ энэ яс миний биед байна л гэх харах мэдрэмж надад байв. Ямар ч байсан хөлөө хөдөлгөх хэрэгтэй, Би өөрөө энэ бүхнийг сурах хэрэгтэй хэмээн эхлээд усанд орох гэж хичээлээ. Унасаан, унасаар л байлаа. Ус дүүргэсэн онгоцондоо орохын тулд би хагас цаг хичээж , цүл пал хэмээн цалгиулсаар орно. Гэвч уснаас гарах гэж түүнээс илүү хугацаа зарцуулна. Тэгж байгаад нэг өдөр “бац” гэх дуу гарсан.
Ахиад хагалгаа. Бүх зүйлийг ахиад эхнээс нь. Амьдрах хүсэл ахиад хийсэн алга болсон. Сар гаруй би хэнтэй ч ярихыг хүсээгүй. Эмч нарын асуусан асуулт бүрт «I don’t understand» гэж хариулж байлаа.Толгойгоо ч угаагаагүй. Надад ямар ч хүсэл тэмүүлэл байхгүй. Яг энэ үед сэтгэл зүйч эмч намайг асарч эхэлсэн юм. Би өмнө нь сэтгэл зүйчийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Энэ хүн хэзээ нэгэн цагт надад хэрэг болно гэж огт бодож байсангүй. Би харин өнөөдөр тэдэнтэй бүхнийг хуваалцах хэрэгтэй хэмээн найз нөхөддөө зөвлөдөг шүү. Сэтгэл зүйчид чи хүн л гэж харагддаг болохоос чиний хэн байх тэдэнд огт падгүй. Сэтгүүлчид надад “тэр хүчтэй” гэх шошго нааж чадсан. Гэвч би хүчтэй биш. Зүгээр л өнгөрснөө энэ багийн ард нуучихсан. Би үргэлж “инээмсэглэ. Бусдыг энэ чинь гижигдэх болно” гэж өөртөө хэлдэг юм. Миний ардуур хүмүүс намайг байнга ярьж байдгийг би мэднэ ээ. Түүнд байр өгсөн, машин байна, телевиз ажиллах санал тавьсан.Гэтэл энэ бүхэн бага санагдаад цаашаа юунд тэмүүлээд байгаа юм хэмээн хүмүүс ярьж байгааг мэднэ. Би хэзээ ч надаас ярилцлага аваач, намайг ажилд аваач гэж гуйж байсангүй. Би бусдаас туслаж гуйх дургүй. Хэрвээ түгжрэл ихтэй бол ажилдаа метрогоор явчихдаг. Нийтийн тээвэрт орчихоод чи надад суудал тавьж өг гэж бусдад тээг болохыг хүсдэггүй. Тэгээд ч сууснаас зогсоо байх нь дээр байдаг. Германд бол намайг анзаарч харах хүн цөөн. Харин манайхан өрөвдсөн эсвэл эмзэглэсэн гээд ямар нэг байдлаар намайг ширтээд байгаа нь мэдэгддэг. Заримдаа залуучууд намайг таньдаг. Та Ирина юу. Хамтдаа зургаа авхуулж болох уу гэнэ. Надад таатай байдаг.
Харин цаашдаа... Би хэзээ ч тэргэнцэр дээр суухгүй. Би дараагийн зорилго бол энэ суга таягнаас салах. Өнгөрсөн жил би жолооны үнэмлэх авсан. Эхлээд нэг ч автосургууль надаас татгалзаж байлаа. Харин би баруун хөлөө мэдэрдэггүй ч зүүн хөлөөрөө орлуулж чадна гэдгээ баталсан. Шалгалтаа ямар ч арын хаалга энэ тэргүй өгсөн шүү. Жолооны үнэмлэх авсныхаа маргаашаас л машинаа унаад хотын гудмаар явж эхэлсэн.
Одоо би 25 настай. Юу юунаас илүү хүнтэй сууж, хүүхэд гаргахыг хүсч байна. Эмч нар намайг өөрөө хүүхдээ тээгээд, хийсвэр хагалгааны тусламжтайгаар төрж чадна гэсэн шүү.
Спортгүй бол би гэдэг хүн хаашаа ч алхахгүй. Тиймээс Биеийн тамирын багшийн сургуульд сурч байна. Спортын сэтгэл зүйч мэргэжлээр. Энэ бол миний хувьд хамгийн сонирхолтой мэргэжил. Би өөрөө спортын хүний сэтгэл зүй амжилтад хэрхэн нөлөөлдгийг хамгийн сайн мэдэх хүн шүү дээ” хэмээн тэрээр ярилаа.
Энэ бол тамирчны түүх, нэгэн бүсгүйн амьдралын төлөөх тэмцэл