ОХУ-ын Сочи хотноо болж буй XXII олимпын наадам Монголын цагаар 00.30 цагт албан ёсны нээлтээ хийлээ. Энэ удаагийн олимпод дэлхийн 150 гаруй орны 2800 орчим тамирчин 15 спортын төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэхүү нээлтийн ажиллагаанд 65 орны төр засгийн удирдлагууд оролцлоо.
Олимпын нээлтийн үйл ажиллагааны хамгийн гайхалтай сэтгэл догдлом мөч бол галт бамбарыг асаах байдаг. Энэ ч тухайн улс орныг илтгэж байдаг учраас олимпын наадмыг зохион байгуулж буй орон бүх дахин давтагдашгүй байдлаар галт бамбарыг гэрэлтүүлэхийг хичээдэг билээ.
Тэгвэл Сочи хотын тэнгэрт бадамлан асах галт бамбарыг алдарт теннисчин Мария Шарапова цэнгэлдэх хүрээлэнд оруулж ирж, тулгуурт харайлтын тамирчин Елена Исинбаева, чөлөөт бөхийн тамирчин Александр Карелин, гимнастикч Алина Кабаева нараар дамжин уран гулгагч Ирина Роднина, хоккейчин Третъяк Владислав Александрович нарын гараас “Сочи-2014” олимпийн бамбар аслаа.
Олимпын нээлтээр оросууд дэлхий нийтэд өөрийн түүх, өв соёл, уламжлалаа гайхуулсан гайхалтай гэрлийн шоу, хөгжим, бүжгээр нээн бамбарыг асаасан юм.
ОХУ-ын Сочигийн олимпийн бэлгэ тэмдэг болсон Хайр хэмээх нэртэй бяцхан охины зүүдэндээ учрах бүхэн Оросын цагаан толгойн үсгээр илэрхийлэгдэж, үсэг бүр нь ОХУ гэх их гүрнийг дэлхийд алдаршуулсан алдартнууд, эрдэмтэн, зохиолч, суутнууд, зөвхөн Орос оронд байх тэр гайхамшигт зүйлсийг дэлхий нийтэд танилцуулсан бөгөөд цагаан толгойн сүүлийн “Я” үсгээр “Россия” хэмээн эх орноо тунхаглав.