Италийн нийслэл Милан хотноо болсон сонирхогчийн боксын 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 настай хүү тив дэлхийн олон аваргыг буулган авч Монголдоо төдийгүй дэлхий нийтэд шуугиан тариад авсан. Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж “Дэлхийн хүү” хэмээн яригдах болсон Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн олимпыг зорих тийзээ захиаллаа. Тодруулбал, Казахстаны нийслэл Астана хотноо Азийн ширэн бээлийтнүүдийн олимпын эрхийн сүүлийн тулаан болж буй. Тус тэмцээнд манай тамирчдаас Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-д итгэл төгс тулалдаж олимпын эрхийн болзлоо хангасан юм. Түүний тоглолтыг эргэн нэг сануулахад эхний тоглолтоо Филиппиний ширэн бээлийтэн Рей Салударыг 10:3 харьцаатай, улмаар Энэтхэгийн Суранжоу Сингхийг 30:10 харьцаатайгаар илт давуу манлайлсан тэрээр гурав дахь тулаанд Пакистаны тамирчин Мухаммад Васеемийг мөн л 22:9-өөр буулган авч ялсан юм. Тэрээр медалийн өнгөө хувиргах эсэх нь өнөөдрийн тоглолтоос нь шийдэгдэнэ. Ямартай ч “Лондонгийн олимпод амжилт үзүүлэх бүрэн нөөц бололцоо байгаа нь түүний тоглолт бүрээс харагдаж байна” хэмээн дэлхийн шилдэг мэргэжилтнүүд тодорхойлж байна. Энэ удаад түүний талаар товчхон танилцуулъя.
Нийслэлийн 79 дүгээр сургуулийг төгссөн түүний тамирчин болох гараа нь 2006 онд “Алдар” спорт хорооноос эхэлсэн түүхтэй. Бүр цаашилбал, А.Гантулга багшаас анхан шатны эрдэм мэдлэгээ хуримтлуулж “Хангарьд” клубийн тамирчин болж, Монгол Улсын шигшээ багт өөрийн авьяас билгээр шалгарсан нэгэн. Түүнээс яагаад энэ спортыг сонгосон талаар асуух бүрт л “Бага байхын л боксчин болно гэж боддог байсан. Гэхдээ цохилцож байгааг нь хараад их өвддөг байх даа гэж боддог байлаа. Энэ спортод орсон нь намайг эр хүний хувьд ч маш сайн төлөвшүүлж өгсөн” хэмээн хэлж байсан удаатай. Энэ спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш 2008 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль, 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, 2010 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын эзэн болсон нь дэлхийд үнэлэгдэх гүүр нь болсон түүхтэй. Өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөө ганцхан онооны зөрүүгээр ялагдал хүлээхэд нь “шүүгчийн явуулгаас боллоо” хэмээн ардын багш Д.Банди гуай халаглан ярьж билээ. Үнэхээр спортын төлөө төрсөн хүн гэвэл түүнийг л хэлнэ. Магадгүй их спортын амжилт нь одооноос харагдаж буй учир ямар их ирээдүй хүлээж байгаа нь ойлгомжтой биз ээ. Өдгөө 19 настай тамирчныг Монголын бүх ард түмний 13 дугаар их наадамд өнгөтэй байж аваргалахад нь “Энэ хүү олимпоор юм дуулгана шүү. Амжилт үзүүлнэ гэдэгт нь итгэж байна” хэмээсэн хүн олон байсан юм. Энэ нь ч ор үндэсгүй зүйл биш. Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн хэмээн үг бий. Н.Төгсцогт “Тамирчин хүн даруу байх нь зөв. Олны дунд ороод илүү дутуу юм яриад гүйгээд байвал онцгүй шүү дээ. Шигшээ багийн тамирчин гэдэг Монгол Улсын өмч гэсэн үг. Өөрийгөө бэртээчихгүй хайрлаад явж байх ёстой” хэмээн нэгэнтэй хэлж билээ. Цаашдаа түүнд олимпын алтан медаль хүртэнэ гэдэгт нь элэг нэгт монголчууд нь итгэж буй. Түүний хүсэл мөрөөдлөөр энэ удаагийн бичлэгээ өндөрлөе….”Олимп, дэлхийн аварга болох миний туйлын зорилго. Амжилтаа бататгасны дараа амар тайван амьдарна гэж л боддог. Бяцхан бизнес эрхлэнэ ээ. Гэхдээ надад баян болох бодол байдаггүй. Амжилтдаа ханасан цагт амар тайван сайхан амьдарна аа” …