Хэдхэн хоногийн дараа Олимпизмын шинэ үеийн түүхэнд гарч байсан хамгийн дуулиантай тоглолт эхэлнэ. Хамгийн дуулиант гэх тодотголын учрыг дор өгүүлье.
1980 он, хүйтэн дайн гэж байх үед хоёр систем ана мана үзэлцээд Москвад болсон зуны тоглолтод өрнөдийн орнууд америкчуудаас айсандаа бүгд оролцоогүй. Шалтаг нь Зөвлөлтийнхөн Афганистанд цэргээ оруулсан учраас тэр. Бүхэл бүтэн тусгаар улсын нутаг дэвсгэрт хүч түрэн орно гэдэг байж боломгүй зүйл болохоор ийн “бойкотлосныг” ойлгож болох юм. Гэхдээ л Олимпын тоглолт улс төр, үзэл бодлоос ангид, спортыг тойрч бүгд нэгдэх ёстой гэсэн зарчим зөрчсөн нь гарцаагүй. Афганистанд Зөвлөлт цэргээ оруулсан гэдгээр шалтаглан гол өрсөлдөгчийнхөө олон улсын тавцан дахь нэр хүндийг унагах, аялдан дагалдагчдынх нь дунд эргэлзээ төрүүлэх зорилгоор ийм арга хэмжээ явуулсан нь ихээхэн үр дүнтэй байсан бөгөөд гарцаагүй оролцох ёстой 50 гаруй улсыг татгалзахад хүргэж чадсан юм.
Хариуд нь 1984 оны Лос Анжелост болсон Олимпын тоглолтын үеэр зохион байгуулагч орон нь Варшавын гэрээний орны тамирчдын аюулгүй байдлыг батлан дааж чадахгүй гэсэн үндэслэлээр энэ гэрээнд нэгдсэн Зөвлөлт тэргүүтэй олон орон, түүний дотор манай улсын тамирчид ч яваагүй байдаг. Үнэхээр ч тухайн үед Зөвлөлт тэргүүтэй зарим социалист орны тамирчдын аюулгүй байдлыг даана гэсэн баталгааг Америкийн тал гаргахаас эрс татгалзсан нь оролцохгүй байх албан ёсны шалтаг болсон.
Ингэснээр дэлхийн хоёр хүчирхэг гүрнийг аялдан дагалддаг хэдэн арван орны зуу зуун тамирчны дөрвөн жилийн хөдөлмөр талаар болж, тэднийг дэмжигч олон мянган үзэгч харуусал тээсээр үлдсэн.
Өрсөлдөгч хоёр системийн зөрчлөөс болж энэ мэтээр спорт сонирхогчид хохирч байгаагаас үүдэн дэлхийн хэмжээнд эвлэрлийг бий болгохын тулд Сайн санааны тоглолт зохион байгуулсан түүхтэй. Манай тамирчид ч энэ тэмцээнд оролцож байсныг зарим нь санаж байгаа.
Үүний дараа тухайн үеийн ОУОХ-ны Ерөнхийлөгч байсан Хуан Антонио Самаранч Олимпын эсрэг бойкот хийсэн орны Олимпын хороог нэг эсвэл түүнээс олон удаад Олимпын тоглолтод оролцох эрхийг хасах, цаашилбал Олон Улсын Олимпын хорооноос хасах хүртэл арга хэмжээ авна гэсэн шийтгэл ноогдуулж байхаар болсон билээ.
Зөвлөлт задран унаж социалист систем үгүй болж, хүйтэн дайн дууссанаар улс төр, үзэл бодлын ялгаагаар шалтаг хийж, Олимпын тоглолтыг бойкотлох шалтаг алга болсон гэж өнөөдөр тооцож болмоор.
Гэвч тэгсэнгүй.
Өмнө нь зуны тоглолт гол төлөв бойкотлож байсан бол энэ удаад Сочийн өвлийн тоглолт өртөв.
Хэсэг жижиг бүлэг хүмүүсийн эрх ашгийн өмнөөс дэлхий нийтээр, бүр тодруулбал спорт сонирхогчид хэлмэгддэг үзэгдэл одоо болтол тасраагүй нь харамсалтай. Хэсэг жижиг бүлэг гэж хэлэх бүрэн эрхтэй гэж бодож байна. 1980 онд “Мишка”-г бойкотлох шалтаг Афганистанд байсантай адил 1984 онд “Цагаан толгойт бүргэд”-ийг муулах шалтаг мундаагүй. Энэ удаад ОХУ-д батлагдсан “Ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харилцааг насанд хүрээгүйчүүдэд сурталчлахыг хориглох тухай” гэсэн урт нэртэй хууль шалтаг нь болсон юм.
Энэ хуулиар Нигери эсвэл Иран шиг ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орсон хүнийг цаазаар авах гээгүй зүгээр л хориг арга хэмжээ авлаа гэж өрнөдийн орнууд уурласангүй нь хачирхалтай. Ингэх бодит шаардлага байна гэж болно. Ижил хүйстэн хоорондын бэлгийн харилцааг хамгийн хатуу шийтгэдэг Саудын Арави, Катар гэх мэт орноос газрын тос, шатдаг хийн гол импортлогч нь Америк тэргүүтэй өрнөдийн орнууд. Эдгээр оронд ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орсон хүнийг шууд цаазаар авдаг хуультай нь хамаагүй-газрын тосоо шахаад бай гэсэн ганц л шаардлага тавина. Гэхдээ нөгөө талаас эдгээр орон нь өрнөдийн импортоос асар их хамааралтай ч Оростой адил өөрийн гэсэн байр суурь, бодлого гэж үгүй. Хэдхэн тооны том компанийн удирдлагаас хамааралтай.
Сочийн хувьд хамгийн анх 2008 оны Бээжингийн Олимпын нээлтийн өглөө Оросын энхийг сахиулагчдын эсрэг Гүржийн зэвсэгт хүчин гал нээснээр энэ хотод Олимп явуулахыг эсэргүүцэх хөдөлгөөн албан ёсоор эхэлсэн гэж болно. 2008 оны Бээжингийн Олимпын тоглолт эхлэх өдөр дайралт эхэлсэн, хожим Саакашвили хэвийн бус авир гаргасан, оросууд шийдэмгий байсан гээд олон шалтгааны улмаас дэлхий нийт Гүржийн дайнаас болж Сочид очихгүй гэх шийдвэр гаргахаас татгалзсан. Америкийн конгрессын төлөөлөгчид Сочийн тоглолтод ямар ч улсыг оролцуулахыг хориглосон тухай тогтоол гаргах гэхэд дэлхийн нийт дагаагүй. Тиймээс Сочид тоглолт явуулахыг албан ёсоор эсэргүүцэх тухай тогтоол батлуулах гэж нэг бус удаа үзсэн. Хэрэв тэр тогтоолыг нь конгресс зөвшөөрсөн бол 1980 онд болсонтой адил үйл явдал болох байлаа. Тэгээд ч хүйтэн дайн дууссан тул улс болгон америкчуудын саналыг уухайн тас гээд алга хавсран хүлээж авах гэж яарсангүй.
Ийн Америкт Сочийн тоглолтыг таслах боломж тасрав уу гэтэл дээр нэр гарсан дуулиант хууль батлагдаж өрнөдийн жүжигчдээс эхлээд улстөрчид хүртэл бүгд мэдэгдэл хийж эхлэв. Обамагаас эхлээд Кемэрон хүртэл төрийн тэргүүн Сочид очихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэн дуулиан болсон. Албан ёсны шалтгаан нь ажилгүй, завгүй гэсэн ч үнэн хэрэг дээрээ гомо нарын эсрэг хууль баталсныг эсэргүүцсэн юм байх. Үүнтэй дуу дуугаа авалцан Өрнөдийн зарим тамирчид Путиныг зөвхөн дотооддоо үйлчлэх хууль баталсны төлөө тэмцээнд оролцохгүй, эсвэл оролцохоор болвол өөрийгөө гомо, лесби гэж зарлана гээд нэг хэсэг кампанит ажил эхлүүлэв.
Америкчууд ингээд зогссонгүй Сочид очвол алан хядагчдын дайралтад гарцаагүй өртөнө гэж өөрийн жуулчдаа айлгаад амжив. Юмыг яаж мэдэх вэ өвдөж зовбол Ивануудын анагаах ухаан авах юм байхгүй гэдгийг анхааруулахын сацуу алан хядагчид дайрвал хамгаалахын тулд Хар тэнгист өөрийн байлдааны усан онгоцуудаа байршуулсан тухай мэдэгдсэн.
Үүнийг дагаад лалын Чечень гэдгээр түрий барьсан лалын алан хядагчид оодорч орон орны Олимпын шигшээ багуудад заналхийлсэн агуулгатай цахилгаан явуулж айлгаж эхэлсэн.
Оросууд үүний хариуд зүгээр байсангүй. Олимпын тоглолтын аюулгүй байдлыг хамгийн дээд хэмжээнд хангаж байгаа гэдгээ удаа дараалан илэрхийлэв. Агаараас, далайгаас, эргээс, уулнаас гээд байж болох бүх талбараас нийт 40 мянга гаруй цэрэг, цагдаа, тусгай албаны хүмүүс тоглогчид болон орон орны хөгжөөн дэмжигчдийг хамгаална гэдгийг Путинээс эхлээд Медведев, Шойгу хүртэл бүгд албан ёсоор удаа дараалан мэдэгдэв.
Иймдээ ч хоёр хоногийн дараа эхлэх гэж байгаа Сочийн Олимпын тоглолтын нээлтэд Ши Жинпинээс эхлээд дэлхийн олон орны тэргүүн биечлэн оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Германд гэхэд л Сочийн Олимпын хөгжөөн дэмжигчдийн 50 мянган тасалбар байршуулснаас бүгд зарагдаж дууссан тухай мэдэгдэж. Тэгэхээр өрнөдийн энгийн хүмүүс алан хядах ажиллагаа, гомо нарыг хавчин боогдуулсан хууль зэргээс тэгтлээ айхгүй байгаа бололтой.
Спорт бол спорт шүү дээ. Энд нийгмийн гарал үүсэл, яс үндэс, бэлгийн чиг баримжаа бүгд эрх тэгш оролцон зөвхөн хамгийн хурдтай, хүчтэй чадалтай нь шударгаар ялалтыг авдаг талбар.