Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын гараа Токио 1964

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны ХХХ олимпын наадам эхлэхэд 99 хоног үлджээ. Бэлгэшээлт энэ өдрөөс эхэлж манай сонин “Монголчууд олимпод” булан  нээж байна. Тэртээх олимпын наадамд хэн гэгч тамирчин оролцож, олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж байсан гээд түүхийн хуудсыг эргүүлж байна.

Зуны ХIII дугаар их наадам буюу Токиогийн олимп

1964 оны аравдугаар сарын 10-24-нд Японы Токио хотноо зуны олимп зохион  байгуулагдсан. Хэдийгээр тус улс 1940 оны зуны олимпыг зохион байгуулах байсан ч Хятад руу халдан довтолсноос нь болж Хельсинк хотод уг олимпыг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн гэдэг. Гэсэн хэдий ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас энэ олимп цуцлагдсан түүхтэй. Ингэж явсаар Баруун Германы  Мюнхен хотноо 1959 оны тавдугаар сарын 26-нд болсон олон улсын олимпын хорооны 55 дугаар чуулганаар Токио хот Детройт, Брюссель, Венатай өрсөлдөн ялж зуны олимпын ХIII их наадмыг зохион байгуулах эрхтэй болжээ. Ингэснээр Ази тивд олимпын наадам зохион байгуулсан түүхтэй. Мөн Монголчуудын хувьд хамгийн анхны олимп нь энэ байв. Энэхүү наадамд манай улс  спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй дөрөв нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцсон хэдий ч нэг ч тамирчин шагналын тавцанд зогсч чадаагүй юм. Гэхдээ тамирчдад энэ олимп ихээхэн туршлага болж 1968 оны Мехикогийн олимпод чөлөөт бөхийн төрлөөр дөрвөн тамирчин маань медаль хүртсэн билээ. Токиогийн олимпод оролцож байсан тамирчдын хувийн амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Чөлөөт бөхийн төрөлд найман тамирчин оролцож байжээ

Монголын чөлөөт бөхийн тамирч­дын амжилтын хуудсыг эхлүүлсэн олимпын наадмыг 1968 оны Мехи­когийн олимп гэдэг ч оролцож явсан азай буурлууд Токиогийн олимп хэмээн бэлгэшээдэг юм билээ. Учир нь, тив дэлхийд чөлөөт бөхөөр хүчтэй өрсөлдөгч байж чадахаа тэд 1964 оны Токиогийн олимпоор мэдэрсэн гэдэг. Энэхүү олимпод 52 кг-д Монгол Улсын  гавьяат тамирчин ардын багш Ч.Дамдиншарав, 57 кг-д Б.Сүхбаатар, 63 кг-д Б.Санжаа, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш Д.Сэрээтэр, 78 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат, 87 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, 97 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Эрдэнэ-Очир, +97 кг-д Ц.Санжаа нар оролцож байсан түүхтэй.

Хөнгөн атлетикийн тамирчид

Хөнгөн атлетикийн төрөлд гур­ван тамирчин оролцсоноос эрэгтэй­чүүдийн 400 метрийн зайд уралд­сан Д.Амарсанаа нэгдүгээр шатанд хасагдсан ч 800 метрийн гүйлтийн уралдаанд оролцож 1:56:3 минутаар 42 дугаар байрт шалгарсан юм. Харин эмэгтэйчүүдээс Р.Алданыш 400 метрийн гүйлтэд 60.8, 800 метрийн уралдаанд 2:21:1 минутын амжилт үзүүлсэн байна. Харин зээ­рэнцэг шидэлтийн төрөлд оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа 44.55 метрийн амжилт үзүүлж байсан түүхтэй.

Дугуйн спорт

Тус олимпод дугуйн спортын тамирчид эрэгтэй бөөн гараа, эрэгтэй багийн гараатай уралдаанд оролцсон. Хувийн бөөн гараатай уралдаанд Л.Буудай, Ч.Саманд, Я.Баатар, Л.Эрхэмжамц нарын тамир­чин оролцсоноос Л.Буудай 4:39:51:79 цагийн амжилтаар 82 дугаар байрт шалгарсан юм. Харин багийн бөөн гарааны төрөлд тэд 2:48:55:57 цагийн амжилтаар 23 дугаар байрт шалгарч байжээ.

Буудлага

Урт бууны чөлөөт төрөлд Д.Лхагважав оролцож 1070 оноогоор 24 дүгээр байрт, Т.Мягмаржав гар бууны төрөлд 518 оноогоор 40 дүгээр байрт шалгарсан түүхтэй.

Гимнастик

Олимпын наадамд эрэгтэйчүүдээс З.Нямдаваа, эмэгтэйчүүдээс Ц.Гүн­дэг­маа, Я.Туяа нар оролцсон. Олон төрөлтөд Ц.Гүндэгмаа нийлбэр дүнгээр 63 дугаар байр, харин Я.Туяагийн хувьд 67 дугаар байрт шалгарч байсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан