Сонирхогчдын боксын Ази тивийн 2014 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо эхэллээ.
Энэхүү тивийн манай улсын баг тамирчдын ахлагчаар МОБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга П.Сэрдамба ажиллаж байгаа юм. Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр болон Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын дасгалжуулагч Т.Эрдэнэбаярын удирдлага дор 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Э.Цэндбаатар, 56 кг-д Б.Мишээлт, 60 кг-д Э.Бат-Өлзий, 64 кг-д Г.Далай, 69 кг-д Г.Цэнгүүн нарын шилдэг залуу тамирчид оролцож байна.
Нэгдүгээр сарын 25-нд эхэлсэн тус тэмцээнд Монгол, Энэтхэг, Япон, Казахстан, Киргиз, Тайланд, БНСУ, Узбекстан тэргүүтэй 16 орны боксчид өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр 52 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар эхний тойрогтоо Японы тамирчин Юри Кантарог гурван үед илүүрхэн хожсон бол 56 кг-д Б.Мишээлт Тажикстаны Баходур Усмоновыг 2:1-ийн харьцаатай ялжээ.
Харин 60 кг-д өрсөлдсөн Э.Бат-Өлзий 2013 оны залуучуудын дэлхийн аварга, Казахстаны тамирчин А.Жусуровт ялагдсан бол тэмцээний хоёр дахь өдөр 69 кг-д хүч үзсэн Г.Цэнгүүн Энэтхэгийн тамирчинд ялагдаж үзэгчийн суудалд шилжжээ.