Өнгөрч байгаа долоо хоногт Washington Post сонины үнэ төлбөргүй хувилбар Express-ийн нүүрэнд ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг уран гулгагчийн хувцас өмссөнөөр тавиад “Сочи Оросын гялалзаж өндөрт гарах юм уу нүүрээрээ шавхайд унах хоёрын нэг” гэсэн өгүүлэл нийтэлжээ.
13 дугаар хуудсанд оросын ерөнхийлөгчийг хоккейн хувцастай болон цаначны хувцастайгаар бас тавьсан байна. Хүссэн ч эс хүссэн ч өмнө нь олимп зохион байгуулж байсан орнуудын төрийн тэргүүнүүдийг бодвол Путин өөрөө олимпын бэлгэ тэмдэг болчихож.
Уг нь олимп зохион байгуулна гэдэг Оросын тухайд зөвхөн нэр төрийн хэрэг биш, удирдагчдын нь нэр хүндтэй холбоотой. Гэтэл барууны хэвлэлүүдийн анхааралд Сочигийн олимп алан хядлага, ижил хүйстнүүдийн эрх, Москвагийн дотоод бодлого, үндэстэн болон бүс нутгийн харилцаа, хүний эрх, олимпын байгууламжийн хэт өндөр үнэ өртөг зэрэг нь дуулианы сэдэв нь болж байна. Харамсалтай нь энэ бүхнэ Орос орны нэр хүндэд нааштай байж чадахгүй байгаа юм.
Волгоград хотод болсон дэлбэрэлт нь Умард Кавказ дахь сөргөлдөөнийг харуулаад байна. Энэ нь нэг талаас, ялангуяа америкчуудын хувьд халдлага дайралтын эсрэг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж сануулж байгаа юм. Спортын томоохон арга хэмжээний үеэр АНУ-д цагдаа, SWAT буюу америкийн мэргэн буудагч, сум үл нэвтрэх хантаазтэй тусгайгийн асар том зохион байгуулалт дагалддаг. Бостоны марафон гүйлтийн тэмцээний үеэр гурван хүн амь алдаж, 170 гаруй хүн бэртэж гэмтэж байсныг мартаж болохгүй.
Нөгөө талаас хууль сахиулах байгууллагууд Кремлийг Сочи руу цагдаагийнхныг бөөнөөр нь татаж байгаагаас гадна, СОРМ системээр дамжуулан компьютер, телефон утас чагнахыг үгүйсгэхгүй гэж шүүмжилж байна.
Цагдаа, тусгай албаны шинжээч, профессор Марк Галеотти мөн л оросын тусгай албад олимпын жуулчид, бэлгийн болон үндэсний цөөнх, төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэдийн утас чагнаж хүний эрхийг зөрчиж магадгүй гэж анхааруулж байна.
АНУ-ын Төрийн департамент өөрийнхөө иргэдийг олимп үзэхээр явах гэж байгаа бол аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байгаа юм. Эд Сочид зорчих гэж байгаа бол “террорист халдлага, гэмт хэрэг, эмнэлгийн найдваргүй үйлчилгээнээс болгоомжлох”-ыг аль нэгдүгээр сарын 10-нд анхааруулсан. Энэ мэдээлэлд хамгийн гол сэжигтэн гээд байгаа, өөрийгөө Кавказын Эмират хэмээн нэрийдсэн Доку Умаровыг илүүтэй сэжиглэж байгаагаа тэмдэглэсэн байсан. АНУ-ын холбооны аюулгүйн алба Сочи руу өөрийн дээд албаны төлөөлөгчдөө хамгаалах, нүүлгэн шилжүүлэх үед туслуулахаар хэдэн арван агентаа илгээж байна.
Томоохон халдлага болж олон тооны хүн шархдах тохиолдолд нүүлгэн шилжүүлэх ажилд хэрэглэх таван онгоцыг ч бэлэн болгожээ.
Сочигийн өөр нэг том асуудал бол оросын “ижил хүйстний тухай сурталчилгаа”-г барууны ардчилагчид хагас бойкотлохоор уриалаад байгаа явдал. АНУ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар 2000 оноос л олимпод очоогүй юм. Тэр бүү хэл Барак Обамагийн танхимын нэг ч гишүүн төлөөлөгчийн бүрэлдхүүнд багтаагүй юм.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч нь АНУ-ын ижил хүйстнүүд, бэлгийн цөөнхүүдийн төлөө их зүйл хийж, эхний ээлжинд Сочи руу ижил хүйстэн тамирчин одуудыг илгээхээр шийдээд байна. Лесбичүүдийн идэвхтэн, “Их дуулга” тэмцээний 39 удаагийн ялагч теннисч Билли Жин Кинг эднийг нь ахалж явна.
Мөн Америкийн олимпын хороо Сочи руу явах тамирчдаа улс төржихгүй байхыг онцгой анхааруулж байна.
Германы ерөнхийлөгч Йоахим Гаукийг Сочид очихгүй гэж мэдэгдсэний дараагаар барууны бусад орны төр засгийн тэргүүнүүд Өвлийн олимпыг телевизээр үзнэ гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлүүд Путиныг ердөө л Александр Лукашенко, Виктор Янукович хоёртой л хамт байгааг харуулсан зургуудыг нийтэлж байна.
Ийм тохиолдолд Өвлийн олимпын тоглолт нь Орост ихээхэн эрсдэл дагуулж магадгүй юм.
Путин саяхан Михаил Ходорковский, Pussy Riot хамтлагийн дуучид, олон улс хоорондын усанд саатуулагдсан Greenpeace-ийн 30 идэвхтнийг өршөөсөн нь олимпын тоглолтыг, оросыг бүхэлд нь гайгүй харагдуулах гэсэн оролдлого байх.
За авлига бол энэ орны тухайд өөр асуудал. Ийм шүүмжлэл оросын дотоодоос сөрөг хүчний Борис Немцов зэрэг хүмүүс гаргаж байгаа бол ОУОХ-ны зүгээс ч хэлж байна. Олон улсын цанын холбооны 69 настай тэргүүн, швейцарийн Жан-Франко Каспер олимпод бэлтгэх хөрөнгийн гуравны нэг нь хууль бусаар алга болсон гэж мэдэгдэж байгаа.
Ийм тохиолдолд Өвлийн олимп зохион байгуулах хорооныхны толгойн өвчин нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг спортын энэ том арга хэмжээ амжилттай болох нь уу гэдэг л болж байна.
Олимпын тоглолтыг амжилттай зохион байгуулна гэдэг Оросын хувьд ч, Ерөнхийлөгч Путины тухайд ч эргэлзээтэй болоод байна. Энэ нь төрийн тэргүүний нь нэр хүндэд ч , улс орны нь нэрэнд төдийгүй 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, спортын бусад арга хэмжээнд ч нөлөөлж мэдэх юм.