Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч, гүйлтийн цанын олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж Олон улсын Олимпийн хорооноос тогтоосон норм, нормативын хэмжээг бүрэн хангаж Сочи хотноо болох өвлийн Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.
Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" нийгэмлэгийн тамирчин бөгөөд цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа гүйлтийн цанын спортын төрлөөр Олимпод оролцох тамирчин болж байгаагаараа онцлогтой. Өчигдөр ЦЕГ-ын удирдлагууд Сочигийн өвлийн олимпод оролцох тамирчнаа хүлээн авч, Олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг ерөөж, төрийн алтан соёмбот далбааг цагдаагийн байгууллагын далбааны хамтаар гардуулав.
Дашрамд дурдахад, Сочигийн өвлийн олимп 2 дугаар сарын 7-23-ныг хүртэл болох бөгөөд 80 гаруй орны 2800 тамирчин өрсөлдөх юм.