Монголын Биатлоны холбооноос энэ сарын 25-наас гуравдугаар сарын 2 хүртэл Биатлоны цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ. Анх удаа зохион байгуулах энэхүү тэмцээнд Монголын Биатлоны шилдэг 16 тамирчин дөрөв дөрвөөрөө баг болон өрсөлдөх юм. Амралтын өдөр буюу энэ сарын 25-нд “Sky Resort” цанын баазад нээлтээ хийх бөгөөд долоо хоног завсарласны дараа тэмцээний ялагчаа тодруулах аж.
Монгол Улс 1964 онд Австри улсад зохиогдсон өвлийн олимпод анх удаа оролцож байсан түүхтэй. Өвлийн олимпод анх оролцсоны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас биатлон спортыг олон нийтэд сонирхуулах, сурталчлах зорилгоор зохион байгуулж байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Сонирхуулахад, биатлон спортын тамирчин цанаар гулгаж байхдаа бага калибрын буугаар хэвтээ ба босоо байрлалд 50 метрийн зайд таван ширхэг бай онож уралддаг өвлийн олимпын төрөл юм.