Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.ЭРХЭМБАЯР: АВАРГА ЦОЛОНД ХҮРЭХ ТАВИЛАН БАЙВАЛ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Наадмыг  хаврын эхэн сарын барилдаанаар сонжиж бас бэлгэшээх нь бичигдээгүй ёсон. Нас бие,  хүч чадал, ур чадвараараа өнөө цагийн хүчит бөхчүүдийн өнгө төрхийг тодорхойлж яваа Монгол Улсын арслан Г.Эрхэмбаяртай ярилцлаа.



Арслан цолондоо дасч өгөхгүй байна

-Сайхан хаваржиж байна уу, та?
-Сайхаан сайхан. “Дөрвөн уулын хишиг”, “Нутгаа дуурсая” барилдаан гээд тэмцээн ихтэй л явна.
-Олноо Боохой хэмээн алдаршсан Д.Данзан арслангаас хойш 78 жилийн дараа та Сэлэнгэ аймгаас  төрсөн удаахь арслан  болж түүхийн шинэ хуудсыг нээсэн?
-Тийм ээ. Бараг л хагас зууны тэртээ Боохой хэмээн алдаршсан Д.Данзан агсан улсад үзүүрлэж арслан цол хүртэж байсан түүхтэй. Түүнээс хойш би арслан болсон нь энэ. Энэ спортод үнэнч, элэгтэй явсны ач гавьяа гэж дотроо бодож явдаг даа. Мөн миний энэ амжилт багш дасгалжуулагчид болоод “Ноёд” группийн хамт олны ач. Энэ дашрамд тэдэндээ маш их баярлаж явдгаа хэлье.
-Найман жил начин цолтой барилдсан. Арслан цолондоо хэр хурдан дассан бэ?
-/Инээв/ Дасч өгөхгүй удсан шүү.  Ер нь,  ихэвчлэн  өсөх идрээ гэж дуудуулдаг байлаа. Цолондоо маш удаан дассан. Ямар сайндаа л “Арслаан гэхээр эргэж харахгүй, начин гэхээр хэзээний эргээд харчихсан гүйж явах юм” гээд найзууд минь хэлж байхав.
-Одоо бол дасчихсан л биз дээ?
-За даа бүрэн гүйцэд дассан гэхэд хэцүү. /Инээв/

Миний мөрөөдөл заан цолонд хүрэх байсан

-Арслан болдог жилийнхээ наадмын өглөө сэрэхэд  сэтгэл санаа ямар байв?
-Өнгөрсөн жилийн наадмаар ажил үйлс бүтээд сайхан байсан шүү.  Долдугаар сарын 12-ны өглөө гэр бүлийн хүн маань цай чанан цайлаад сууж байтал хаалга тогшдог юм байна. Тэгсэн манай нутгийн багын  найз нөхөд маань ороод ирэхэд тухайн өдрийн барилдааныг бодож байсан бодол стресс алга болсон. Найзуудтайгаа хуучны халуун яриа өрнүүлээд наадмын дэвжээ рүүгээ яв­сан.  Сэтгэл санаа минь тун сайхан бай­­сан нь цол ахихад нөлөөлсөн байх.
-Хоёр наадам дарааллаад С.Мөнх­бат аваргад өвдөг шо­роод­сон. Миний санахаар эхний жил та уйлж байсан бол, өнгөрсөн жилийн наадмаар инээгээд босч ирсэн?
-Уржнан жилийн наадмаар тавын даваанд өвдөг шороодсон. Тэр жил сэтгэлдээ цолоо ахиулчих юмсан гэсэн их бодолтой байсан. Дээр хэлсэн дээ олон ч жил уйллаа даа гээд. Бүхэл бүтэн 360 хоногийн хугацаанд бие сэтгэл, амьдрал ахуй бүхий л зүйлээ зориулж бэлтгэл хийдэг. Тэр нь  үр дүнд хүрэхгүй болохоор ямар  ч тамирчинд хэцүү л дээ.
-Тэгвэл  үзүүр түрүүнд барилдаад өвдөг шороодсон хэрнээ ингээгээд л босоод ирсэн шүү дээ.  Цолондоо ханачихсан байсан уу?
-Нэг тийм тал бий. Яагаад гэхээр начин болсноосоо хойш улсын аварга,  арслан цол авна гэж барилдаагүй л дээ. Миний зорилго Монгол Улсын  заан хэмээх эрхэм  цол л  хүртэх явдал байсан юм. Мөрөөдөж ч явсан. Тэр мөрөөдөл минь биелсэн болохоор миний хувьд болчихлоо гэсэн бодол төрсөн. Цаанаасаа  л олон жилийн хүч хөдөлмөр, хүсч тэмүүлсэн мөрөөдөл биелдэг нь мэдрэгдсэн.
-С.Мөнхбат аваргатай байнга л тунах юм аа. Аваргын барилдааны тухайд юу хэлэх вэ?
-Тийм ээ. Аваргыг их үнэлсэн. Үнэхээр хүчтэй бөх, бас сайхан эр хүн. Өөрийгөө энэ спортод бүрэн зориулчихсан,  хувь хүнийхээ хувьд их сайн залуу. Бид үзүүр түрүүнд үлдэж барилдчихаад Ерөнхийлөгчийн хүлээн авалтад оролцоход “Эрхэмээ ахдаа баяр хүргэе. Та бид хоёр олон ч ойгоор үлдэж барилдах хувь тавилантай байж дээ” гэж байсан нь их ухаалаг санагдаж билээ. Ер нь дүүдээ их баярлаж явдаг даа. Аварга гэдэг  эрхэм цолыг Мөнхбат маань даагаад явах эр хүн.

Аавдаа улсын цол харуулж чадаагүйдээ харамсдаг

-Арслан маань хэзээнээс бөхийн эв дүй суусан хүн бэ?
-Бага наснаасаа бөхөд  сонирхолтой байсан. Тэгж явсаар хоёрдугаар ангидаа Монгол Улсын начин Мижиддорж багшийн удирдлаган дор  бэлтгэл хийж багшийнхаа олон сайхан мэхнээс суралцаж  өдийг хүртэл барилдаж байна. Одоо эргээд бодохоор их л ба­гаа­саа барилдаж эхэлсэн юм байна шүү.
-Та багшийнхаа буянд анх удаа хилийн дээс алхаж үзсэн  гэсэн байх аа?
-Тийм ээ. Улаан-Үд хотыг үзэж байсан юм.
-Аав, ээжийн тань тал хоёулаа бөхийн удамтай гэж сонссон?
-Аавын минь талд Завхан аймгийн Баян хайрхан сумын их мундаг бөх байсан. Улсын цол хүртээгүй ч даншиг наадмын түрүүг алддаггүй хүчирхэг  бөх байсан гэдэг. Ээжийн минь талд Монгол Улсын заан  Баярсайхан, айм­гийн арслан Эрдэнэбулган гэж хүн бий.
-Хөвсгөл аймгийн 70 жилийн ойгоор зургаа давж аймгийн өсөх идэр начин цол хүртэж байсан. Хамгийн анхны цол, амжилт гэдэг хэзээч мартагдахааргүй сайхан дурсамж байдаг байх?
-Бөхийн спортоор хичээллэж эхлээд хамгийн түрүүнд л аймгийн цол хүртчих юмсан гэсэн бодол төрдөг. Монгол Улсын начин болдог жилийн өмнө Дархан –Уул аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан. Аймгийн арслан цолыг зургаан хоног зүүгээд л Монгол Улсын начин болж байлаа. Сайхан байсан шүү.
-Цолны босго маш хүнд. Тэр тусмаа начин болоход маш олон жилийн хөдөлмөр гардаг байх?
-Монгол Улсын начин гэдэг босго өндөртэй бөхчүүдийн хүсч тэмүүлдэг л зүйл. Начин болчихоод олон жил цолоо ахиулж чадахгүй уйлж байсан үе байдаг. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайн базааж  багш дасгалжуулагчдын заавраар сайн ажиллаж байж энэ цолонд хүрсэн.
-Г.Өсөхбаяр аваргын түрүүлдэг жил н.Гэлэгжамц гуай “Би долоон жил наадамд аварга цол горьдож суусан” гэдэг. Уучлаарай таны аав арслан болохыг тань хараагүй гэдэг. Начин болохыг тань хэр олон жил хүлээсэн бол?
-Начин болохыг минь ч харж чадаагүй дээ.
-Уучлаарай эвгүй зүйл асуучихлаа?
-Зүгээр дээ. Миний эмзэглэж явдаг зүйлийн нэг …/Санаа алдав/. 2002 онд аавын минь бие жаахан тааруу байхад нь улсын цол хүртээд  аавыгаа л баярлуулчих юмсан гэж боддог байлаа. Гэтэл хоёрын даваанд бурхан болчихсон Даваадорж хар­цагад өвдөг шороодчихсон юм.  Муу аавдаа улсын цолны тэр сай­хан зүйлийг  мэдрүүлж, үзүүлж чадаа­гүйдээ дотроо гоморхож л явдаг юм.

Улсын цолтой бөхчүүд шиг том хүмүүс харагддаггүй байлаа

-Хамгийн анх хэн гэгч том цолтой бөхтэй барилдаж байв?
-Оюутан байхдаа аймгийн начин Даваасамбуутай  барилдаж үзэж байлаа. Даваасамбуу гуай надаас маш том биетэй. Барилдаж үзээгүй хүндээ нэг их чанга унаж, өвдөг шороодож билээ. Тэр барилдаан одоо хэр нь санаанаас минь гардаггүй юм. Тэр үед энэ ч миний хоолоо олж идэх тоглоом биш юм аа. Аймгийн цолтой бөх нь ийм байгаа юм чинь улсын цолтой бөх бүр хэмхлээд хаячих юм шиг байна гэж бодож байсан./Инээв/
-Тэр цагаас хойш жил гаран заалны барилдаанд оролцоогүй гэдэг?
-Тийм ээ. Ангийнхаа хүүхдүүдийн дэмжлэг туслалцаа, урмаар буцаад барилдаж эхэлсэн түүхтэй. Тэрнээс хойш аймгийн цол, улсын цолонд хүрч чадсан. Ангийн нөхөддөө их баярлаж явдаг.
-Таны оюутны амьдрал хэрхэн өнгөрсөн бол?
-Хүнийг амьдралтай их ойрхон болгодог юм шиг санагддаг.  Бие даах чадвар маш мундаг болдог. Сайхан байсан.
-Анх залуу бөх байхад ул­сын цолтой бөхчүүдийг харах сүрдмээр биз?
-Цолгүй байхад цолтой бөхчүүд шиг том, сайхан харагддаг зүйл байхгүй.  Одоо барилдаж байгаа бөх болгонд л улсын цолтой бөхчүүд том мундаг харагддаг  байсан байх.
-Бөхчүүд хамгийн анх түрүүлчихээд туг тойрч байснаа санадаггүй гэдэг. Танд ийм тохиолдол гарч байв уу?
-Өнгөрсөн жилийн наадмын барил­даанд гарьд, арслан цолонд тэгтлээ их сэтгэл хөдлөөгүй. Харин олон жил мөрөөдөж байсан цол маань заан болохоор түүнд хүрчихээд яг юу болсныг сайн санаддаггүй юм. /Инээв/

Миний хань сэтгэл зүй тал дээр маш сайн дэмждэг

-Одооны зодог шуудгийг хэт бариу,  барьц авахад хэцүү гэх юм?
-Нэг үеэ бодоход бөхийн спорт нэлээн хөгжиж байна. Хүмүүсийн зодог шуудаг хийж байгаа арга барил нь ч өөр болсон. Бөхчүүдийн хэмжээ дамжаагаар хийж байгаа болохоор тэр нь барьц өгөхгүй байна гэх нь аргагүй л дээ.
-Шинэ залуу бөхчүүд цол нэмэхийн тулд мөнгө хэрэгтэй гэдэг?
-Бидний үеийн бөхчүүдэд тийм асуудал гарч байсангүй ээ. Одоо үеийн хүүхдүүд яадаг юм бүү мэд.  2003 оноос хойш аймгийн наадамд ба­рилдаагүй болохоор сайн мэдэхгүй бай­на. Гэхдээ зарим хүний ташаа мэдээлэл байдаг л байх. Ялангуяа спорт сонирхож байгаа айлын хүүхдүүдэд боломжтой ар гэртэй нь цөөхөн. Хөдөө гадаанаас ирсэн гээд янз бүрийн л хүмүүс байгаа. Үүнд ах нь эсрэг байр суурьтай байдаг юм.
-Өрсөлдөгчөө хамгийн олон удаа унагаж гаршсан мэх тань юу вэ?
-Тухайн үед  таарсан бөхчүүдтэйгээ тааруулж мэх хийдэг гэхээс яг тийм ийм гээд гаршсан  онцлох мэх алга. Яг тэр мэхээр л би ингээд  давчихдаг гэсэн зүйл байхгүй л дээ.
-Цол ахихын хэрээр бяр нэмнэ. Энэ үнэн үү?
-Үнэн шүү. Хүн сэтгэл зүйгээр өрсөлдөгч бөхөөсөө илүү барилдах ёстой гэсэн бодол орж ирдэг. Илүү их хариуцлага юм даа. Тэр утгаараа бэлтгэл сургуулилт ч чангарна.
-Бөхчүүд бие бялдрын бэлтгэлээс гадна сэтгэл зүй хамгийн чухал гэдэг. Энэ талын бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Миний сэтгэл зүйн багш гэр бүлийн минь хүн. Аль ч тал дээр намайг маш сайн дэмжиж  хурцалж өгдөг. Амьдралын шалтгаантай тал дээр ч чиглүүлж өгдөг юм.

Хүн бахархаж амьдрах ёстой

-Танд Монгол Улсын аварга цол хэр ойрхон санагдаж байна вэ?
-Миний хувьд “Би аварга болмоор байна” гээд хүсэмжлээд байсан зүйл алга. Аварга цолтой явах хувь тавилан байвал болох байлгүй дээ.
-Та хэр шартай хүн бэ?
-Спортын хүн шаргүй байна гэж үгүй. Гэхдээ зөв шар гаргах ёстой байх аа./Инээв/
-Үеийн бөхчүүдээс  таны барилдаан юугаараа илүү вэ?
-Онцлог гээд байх ч юу байхав. Багш дасгалжуулагчдынхаа зааж сургаснаар барилдаад л явж байна. Гоц гойд үеийнхнээсээ тасарсан мэх­тэй,  бяртай гээд ялгараад  онгироод байх юм алга. /Инээв/
-А.Сүхбат аварга анх өмсч байсан малгай гутлаа солих дургүй гэдэг. Таны хувьд?
-Миний хувьд  нээх бэлгэшээгээд байнга өмсөөд байдаггүй. Жаахан хуучраад ирэх юм бол солиод л өмсчихдөг.  
-Бөхчүүд нутгархах үзлийг дэврүүлээд байдаг юм шиг?
-/Инээв/ Үгүй ээ. Хүн болгон л нутаг усаараа бахархдаг биз дээ. Бөхчүүд ч гэсэн тэдний л адил.
-Хүн онгирч амьдрах ёстой юу. Аль эсвэл бахархаж амьдрах хэрэгтэй юм болов уу?
-Зорилгоо биелүүлчихсэн бол өөрөөрөө бахархах хэрэгтэй байх. Тэрнээс бусдад онгирч сагсуурч амьдрах утгагүй.
-Бөхчүүдтэй хэнтэй нь илүү найз вэ?
-Доржсамбуу гарьд  Амартүвшин гээд олон  сайхан найзтай. Дорж­сам­буу ах намайг байнга дэмждэг. Ах, найз шиг минь байж чаддаг хүн дээ.  

Хамгийн түрүүнд эцэг эхээ шүтдэг

-Бяр нэмэхийн хэрээр үзэгчдэд уран мэх үзүүлэх дуртай болчихдог гэдэг. Таны хувьд?
-Даацтай мэх хийхийг л нэн түрүүнд тавьдаг.  Үзэгчдээ хүндлэх зорилгоор сайхан уран мэх үзүүлэх бодол бөх болгонд л байдаг байх.
-Шүтлэггүй хүн гэж байдаггүй. Шүтлэггүй хүн гэдэг нь шүтдэг юм аа олоогүй хүнийг хэлдэг гэдэг. Та юу шүтдэг вэ?
-Хамгийн түрүүнд эцэг эхээ шүтдэг. Дараа нь нутаг усаа шүтнэ. Мөн хүмүүсийн  жишгийг дагаж гандан орж хийморийн сан тавиулаад гарах бас сайхан шүү.
-Таны нас жин өндөр хэд билээ?
-Өөрийгөө гуалиг гэж хэлэх үү. Тарган гэж хэлэх үү./Инээв/. Жин 135, өндөр 177.Нас  34 хүрч байна.
-Та ганц охинтой. Хүүтэй болбол бөх болгох уу?
-Бөхийн спорт маш хүнд. Заримдаа зааланд ороод бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг хараад ингэж зовж яана аа гэх бодол төрнө. Хүү заяах л байлгүй дээ. Харин хүүгээ чи заавал удам дагасан бөх бол гэж хэлэхгүй. Өөрөө дуртай бол болно л биз. Тийм л бодолтой явдаг.

0 Сэтгэгдэл
Zoxion bichleg bndaa
saihan yriltslaga bna, bayralalaa Amjilt husye!
Хамгийн их уншсан