Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Харганат цамхаг” компанийн бөх Улсын начин Амарын Батмөнхтэй “Нутгаан дуурсая” барилдааны үеэр таарч цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр өнгөрсөн жилийн наадмаар Улсын начин Чинзоригоор тав давж улсын цолтны гэр бүлд багтсан юм.
-Улсын наадмаас хойш төдийлэн барилдаж харагдахгүй байна. Бэлтгэл сургуулилтаа хийж байгаа биз дээ?
-Бэлтгэлээ хийж байгаа. Өдөр тутмынхаа бэлтгэл хийгээд л явж байна. Наадмаас хойш олон барилдсангүй ээ.
-Бэртэл гэмтэл гайгүй биз дээ?
-Гайгүй ээ.
-“Нутгаан дуурсая” барилдаанд Хөвсгөлийнхөн ямар амжилттай явж байна вэ?
-Тун гайгүй байгаа шүү. Одоо Архангайн бөхчүүдтэй таарч барилдана. Тэднийг хожвол зооноосоо нэгээр гарна.
-Хувийн амжилт ямар байна вэ?
-Давгүй сайн байгаа шүү.
-Ер нь, өөрийгөө жижигд¬дэг гэж боддог уу?
-Би чинь 1.73 метр. Гэхдээ жин нэмбэл жижигдэхгүй юм билээ. Өнгөрсөн намар 105 кг-тай болсон чинь хоёр гурван барилдаанд сайн барилдсан. Тэр барилдаанаас 100 гаруй кг жинтэй байвал болох юм байна гэж дүгнэлт хийгээд байгаа. Гэхдээ жингээс илүү бэлтгэл чухал гэж бодоод өдөрт хоёр, гурван удаа бэлтгэл хийж, кросст гүйж байна.
-Улсын цолтой бөхчүүд амлахаас бэргэдэг бөхчүү¬дийн тоонд зүй ёсоор орчих¬лоо. Ихэвчлэн тунаж байна. Бөхийн спортод орсон тухайгаа дурсаач?
-Би барилдах их дургүй байсан. Орой малаа хотлуулчихаад явж байхаар сумын заан цолтой ах маань барилдана гээд бариад авна. Хоёр гурав уначихаад л гэр рүүгээ зугтчихдаг хүүхэд байв. Цагаан-Үүр суманд Баттүвшин гээд биеийн тамирын залуухан багш ирээд намайг жүдо бөхөөр дасгалжуулан аймгийн аваргад оруулсан юм. Хоёр гурав ялаад байтал өөрөөсөө хавьгүй өндөр хүүхэдтэй таараад толгойгоо дүүртэл тонгоруулаад, зүрх үхээд нэг хэсэг барилдаагүй. Тэгээд 2006 онд манай суманд “Гурван аваргын залгамж” өсвөрийн үндэсний бөхийн барилдаан болдог юм. Тэр барилдаанд багш маань намайг ор гээд байдаг, би жаахан эмээгээд л… Яг орох болсон надад өмсгөл олддоггүй. Сургуулиас далбаа олоод, багшийнхаа шуудгийг, ахынхаа гутлыг өмсөөд барилдсан. Бүх юм нь томдчихсон өмсгөлтэй зураг нь одоо ч байдаг юм. Тэгж барилдсаар байгаад Улаан-Уул сумын Нармандах гэдэг хүүхдэд унаж хоёрдугаар байрт орсон. 2006 оны өвөл нь Говьсүмбэр аймагт өсвөрийн улсын аварга болсон. Түрүүлнэ ч гэж бодолгүй явсаар түрүүлсэн. Тэр жилийнхээ зун нь Чандмань-Өндөр суманд түрүүлж, сумын заан цол авсан даа.
-Их спортоор хичээллэж байна уу?
-Бэлтгэл хийж л байна. Гэхдээ гадагшаа тэмцээн уралдаанд явах гэхээр зардал мөнгө нь олдохгүй нь жаахан хэцүү юм.
-Бөхийн удамтай юу?
-Миний аавын ээжийнх нь дүү Шаравын Ванчин гэж улсын начин хүн байсан. Улсын наадамд хоёр ч удаа тав давсан юм билээ.
-Барилдааныхаа бичлэ¬гийг үзэж анализ хийдэг гэж ярьсан. Тэгвэл оноо гэхээсээ алдаа нь юу байна вэ?
-Хэтэрхий нягт барилдаанаас л алдаад байх шиг байна. Өөрөөр хэлбэл, хашир нь хэтэрчихээд байна. Тиймээс өөрөөсөө том цолтой бөхчүүдтэй задгай барилдахыг хичээдэг. Мөн наадмаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь зүйтэй гэдгийг ойлгосон.
-Бөхийн холбооноос гаргаж байгаа дүрэм журмын талаар ямар бодолтой явдаг вэ. Байсхийгээд л өөрчлөөд байдаг болж?
-Гэв гэнэт шийдсэн дүрэмд тохируулж бэлтгэл хийнэ гэдэг хэцүү. Том цолтой бөхчүүд бидэнтэй барилдахгүй. Зугтаагаад, эсвэл хамгаалаад. Тэгээд цаг нь болохоор барьц сонгож байх жишээтэй. Цагаан сарын дараагаас хөл авах барьцыг бариулж турших юм гэсэн. Хэрэв тэгвэл жижигхэн биетэй хүмүүст ашигтай. Гэхдээ өөрийнхөө эрх ашгийг бодохоос илүү нийтийн эрх ашгийг бодох нь зөв байх. Тийм учраас наадмаас өмнө үүнийг аль нэг хувилбараар нь цэгцэлчихээсэй л гэж бодож байна. Янз бүрийн юм туршаад байхаар зарим нэг хүмүүст зориулаад байгаа юм болов уу гэж бодогддог л юм. Бөхчүүдээсээ санал авах хэрэгтэй байх.
-Монгол бөхийн ёс жудаг одоо үед хэр байна вэ. Зарим бөхчүүдийг харж байхад янз бүрийн авир гаргаад байдаг л даа?
-Ёс жудагтай сайхан бөхчүүд байна. Гэхдээ зарим том цолтой бөхчүүд уначихаараа цохих, эсвэл янз бүрээр хэлдэг л дээ. Дээр үед үзүүр түрүүний бөхчүүд зэрэг шахуу уначихаад “Чи давсан, чи давсан” гээд зогсч байсан юм гэсэн. Гэтэл одоо айхтар булхайцдаг бөхчүүд ч байна. Тэрүүгээрээ ч сайн барилдаад байдаг юм шиг байна лээ.
-Сайн барилдаад зурагтаар гараад ирэхээд охидоос янз бүрийн мессэж ирж байна уу?
-Тиймэрхүү юм байна аа байна. /Инээв/ Тэр болгоноос л хол байхыг хичээдэг. Гэхдээ бөх сонирхогчдын үнэлэмж байх л даа.
-Амьдралаа яаж болгож байна вэ. Дан ганц бөх гээд сайн барилдахгүй бол хэцүү шүү дээ?
-Бөх бөх гээд яваад байж болохгүй л дээ, амьдрал хаягдах гээд байдаг. Сайн барилдахгүй бол заалнаас цүнхээ үүрээд л гарах болно.
-Чиний хувьд яаж болгож байна вэ. Ивээн тэтгэгчээсээ болоод байна уу?
-Зааланд барилдаад 2-3 давахад 30-40 мянган төгрөг авна. Түүгээрээ амьдралаа залгуулж хүрэхгүй нь тодорхой. Миний ивээн тэтгэгч “Харганат цамхаг” гээд барилгын компани бий. Компанийн захирал их сайн хүн байдаг юм. Би бусдын л адил тус компанид харьяалагдаад цалинжаад явдаг. Би тэр хариуг нь сайн барилдаж байж л хариулна.
-Бөх сонирхогчид, үзэгчид гал гарсан барилдаанаас таашаал авдаг. Тэгвэл бөх хүн үзэгчдийн юунаас таашаал авдаг юм бэ?
-Мэдээж, намайг дэмжээд алга ташаад уухайлж байвал сайхан шүү дээ.