Сүүлийн үед хэн хүнгүй л “Спиртлэг биш спортлог амьдаръя” хэмээн уриалах болсон. Монголын Залуучуудын холбооноос ийм уриалга гаргаж, “Спирт үү, спорт уу” аяныг 2012 оны хоёрдугаар сараас эхэлж байсан. Мөн тэр жилийнхээ долдугаар сард дугуйн аялал хүртэл зохион байгууж байсан санагдана.
Монгол Улсын Засгийн газраас ч энэ төрлийн үйл ажиллагааг санаачилж, зохион байгуулж байсан. Нийтийн биеийн тамирыг дэмжих хүрээнд ууланд авирч байхыг хүртэл уриалж байлаа. Гэхдээ энэ бүхэн тийм ч сүрхий үр дүнд хүрсэн үү гэвэл үгүй. Дугуйн болон явган аялал зохион байгуулах нь зөв. Гэхдээ түүнд хэдэн хүн хамрагдах вэ гэдэг нь асуудал. Мөн ууланд аялаад, авираад байх хүн ч тун цөөхөн нь мэдээж.
Ингээд л спортлог амьдрах дээр асуудал үүсч байгаа юм. Ер нь өнөөдөр Улаанбаатар хотод спортлог амьдрах боломж байна уу. Өглөө гараад гүйе ч гэсэн талбай алга. Гүйлтийн талбай нэг ширхэг ч байхгүй. Олон нийтэд зориулсан шүү. Ядаж залуусыг гүйхэд зориулж, зохион байгуулалттайгаар төв цэнгэлдэх хүрээлэнгээ ч нээгээд өгчихгүй шүү дээ.
За өвлийн цагт бол утаандаа “нуугдах” Улаанбаатарт гүйгээд явж байна гэдэг бараг амиа хорлохтой адил. Яах вэ, гэртээ гүйлтийн зам аваад гүйж болох юм. Гэхдээ л хүн бүрт тэгэх боломж бас байхгүй. Мөн фитнест ч гэсэн бүгд явах боломж бага шүү дээ.
Ядаж байхад Улаанбаатарт долоо хоногтоо ганц удаа тоглочих заал ч алга. Ийм байхад спортлог амьдрах арга байна уу. Харин спиртлэг амьдрахгүй байя гэхэд дэлгүүрт орсон ч архи, дарс, шар айраг. Баар сав, паб бол нийслэлээр дүүрэн байна. Бараг хоёр байшин тутмын нэг нь баар, паб болчихсон. Ийм байхад бол залуус спиртгүй амьдрах арга алга шүү дээ.
Яг үнэндээ бодит байдал ийм байхад хэн нэгэн нь худлаа “Спортлог амьдаръя” гэж уриалаад хэрэг алга. Ядаж байхад Улаанбаатарт байгаа хэдэн дунд сургуулиуд нь заалаа ца¬гаар өгдөг байсныг болиулж байгаа. Зарим сургууль бол угаасаа өгдөггүй.
За тэгээд төрийн өмчид байгаа хэдэн заа¬лууд нь ганц орой сагс тоглоод, спортлог амьдрах гэсэн за¬луучуудад хаалттай. Зарим заал нь бүр төрийн тусгай хам¬гаалалттай бүсэд байдаг учраас ойртвол буудуулж ч ма¬гад¬гүй. Улсаас залуус зориулаад ганц нэг заал барьж байгаа юм алга.
Уг нь эрхэм дарга нар худлаа үнэн нийтийн биеийн та¬ми¬рыг хөгжүүлнэ, “спортлог амьдарч, спиртээс татгал¬зая” энэ тэр гэж уриалж, амнаас хэтрэхгүй байхаар төрийн мэдэлд бай¬гаа хэдэн заалаа иргэдэд чөлөөлөөд өгчих хэрэгтэй шүү дээ.
Саяхан цахим ертөнцөд энэ талаар хэлэлцүүлэг болж, төрийн өмчийн спорт заалаа чөлөөлж өгөөч гэж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс гуйсан байна билээ. Магадгүй шаард¬сан ч биз. Уг нь төрийн өмчийн мэдэлд байгаа заалуудыг иргэдэд цагаар өгөөд эхэлбэл сайн л байна. Эрхэм сайд энэ хүсэлтийг олж харсан бол нэгийг бодож байгаа биз.
Мөн сургуулиуд ч гэсэн орой 17:00-23:00 цаг хүртэл спорт заалаа иргэдэд өгдөг бол сайнсан. Яах вэ, зарим сургуулиуд нь зохицуулаад өгөөд байгаа. Сайн хэрэг. Цагийг нь 15 мян¬ган төгрөгөөр өгдөг гэж тооцвол сардаа овоо хэдэн төгрөг сургуулийн захиргаанд орно шүү дээ.
Гэхдээ биеийн тамирын багш нь биш сургуулийн захиргаа нь зохион байгуулаад, олсон орлогоороо ганц нэг анги засчихдаг бол шүү дээ. Цаашлаад өнөөх “Спортлог амьдаръя” гэдэг уриа лоозон чинь бага ч болов хэрэгжинэ. Дээрээс нь дүүрэг бүрт цөөн ч болов спорт заал бариад, боломжийн үнээр өгөөд байвал бүр ч сайн. Харин яг одоогийн нөхцөл байдалд бол “спортлог амьдрах” уриалгыг хэрэгжүүлэх арга тун мөхөс байна даа.