Тэрээр хүүхдээ гайгүй гэсэн сургуульд оруулах санаатай яваагаа хэлж байсан юм.
Хамгийн эмгэнэлтэй нь хоёр хүүхэд суух ёстой ширээнд гурав гурваар суулгаж байгаа нь арай дэндэж байгаа хэрэг. 800 мянган төгрөг өгч сургуульд оруулчихаад ийм нөхцөлд хүүхэд нь боловсрол эзэмшинэ гэхээр ямар ч хүний дургүй хүрнэ. Тэгээд бүр нэг ангид 60 хүүхэд суралцахаар ямар боловсрол эзэмших билээ. Аль болох олон хүүхэд оруулж их мөнгө тонших гэсэн энэ сургуулийн удирдлагууд анги танхимаараа нэг шагайгаад хараасай. Ганц нэгдүгээр сургууль ч биш хотын төвд орших нэр хүндтэй гэсэн сургуулиудад бүгд мөнгө авч сурагч элсүүлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг болжээ.
Боловсролын салбар өнөөдөр бизнес болж байгаа бас нэгэн жишээ дурдъя. ШУТИС-ийн санхүүгийн албаныхан нь хоёр сарын дотор гурван машин сольсон гэж тус сургуулийн нэгэн оюутан ярилаа. Албандаа машин авах нэрээр үнэтэй машин авч, хэд хоноод акталдаг аж. Түүнийгээ хямд үнээр ах, дүүс, хамаатан садандаа өгдөг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл 30 сая төгрөгөөр машин албандаа аваад актлахдаа 10 сая төгрөгөөр өгдөг байна.
Мөн 30 сая төгрөгийн яг хэдэн төгрөгөөр нь машин авсныг нь тогтоочих хяналт байдаггүй нь мөнгө идэх нэг сайхан боломж юм байна. Цаасан дээр байгаа тоогоор нь л баримт хийсээр л байгаа. Сургалтынхаа төлбөрийг нэмж, удирдлагууд нь мөнгө идэж, өөрсдийнхөө халаасанд хуримтлуулдагт нь их сургуулиудын оюутнууд дэндүү гомдолтой байгаа аж.
Өөр нэг бизнесийн арга нь багш нарын хахууль. Хөвсгөл аймгаас ХУИС- ийн сэтгүүлчийн ангийн хуваарь авсан охин тус сургуулийнхаа япон хэлний орчуулагчийн ангид орох гэж бүтэн сар хөөцөлджээ. Уг охин нь орос хэлний ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан, аймагтаа бол сурлагаараа нэгдүгээрт ордог сурагч аж. Түүнтэй япон хэлний ангиа сэтгүүлчийн ангиар солих оюутан нь байгаа ч, сургуулийн захиргаа зөвшөөрөхгүй байгаа. “Хахууль авч байж сольж өгдөг. Тэр нь 500-гаас сая төгрөгийн хооронд байдаг гэнэ. Бид хүүхдээ сургах гээд орон байраа барьцаанд тавиад ирсэн болохоор илүүчлэх мөнгө үнэхээр алга. Сургуулиар нь яваад дийлэхгүй болохоор, БСШУЯ-аар шийдүүлчих санаатай хөөцөлдөөд ч дийлэхгүй байна. Яам “сургуулийн дотоод үйл ажиллагааг мэдэхгүй” гэсэн хариу өгсөн” гэж охины ээж ярьж байна. Ийнхүү боловсролоор бизнес хийж байгаа жишээ олон байна. Энэ бүхэнд хяналт шалгалт хийж, сургалтын төлбөрийг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулахыг оюутнууд хүсч байгааг энэ дашрамд хэлье.