Нью-Йорк хотын эрх баригчид нөхөн төлбөр, нийгмийн даатгалтай холбоотой луйвар хийж төсвөөс 400 сая ам.доллар завшсан хэргээр 80 экс цагдаа, гал унтраагчийг баривчилсан тухай “The New York Times” сонин мэдээлжээ.
Баривчлагдсан хүмүүсийн 72 нь цагдаа, найм нь гал унтраагч байсан бөгөөд дийлэнх нь есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны дараа аврах ажиллагаанд оролцож байсан хүмүүс гэнэ.
Экс цагдаа, гал унтраагч нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа сэтгэцийн хүнд гэмтэл авсан гэж янз бүрийн хүнд өвчний шинж тэмдгийг харуулан эмч нарыг мэхэлж хөдөлмөрийн чадваргүй гэсэн тодорхойлолт гаргуулж их хэмжээний нөхөн төлбөр авдаг байсан аж.
Нөхөн төлбөрийн хэмжээ нь жилдээ 50 мянган ам.доллар хүрдэг байжээ.
Гэтэл “Facebook” гэх мэт олон нийтийн сүлжээ дээрх өөрсдийн хуудсан дээрээ халуун орны тансаг амралтын газар амарч, загас барьж, нисдэг тэрэг жолоодож, усны цанаар гулган тайван амгалан амьдарч байгаа зургаа байрлуулсны дараа хууль хяналтын байгууллагынхан хар авч мөрдөн байцаалт эхлүүлсэн юм байна.
Үр дүнд нь олон хүн оролцсон томоохон хэмжээний луйврын хэрэг явж байгааг тогтоосон бөгөөд ийнхүү өнгөрсөн өдрүүдэд баривчилгаа явуулжээ.
НьюЙорк хотын прокурорын газраас энэ хэрэгт буруутган 106 хүнд хэрэг үүсгэжээ. Эдгээрээс дөрвөн хүнийг бүх луйврыг зохион байгуулсан, эмч нарыг хэрхэн мэхлэх талаар тусгай аргуудыг экс цагдаа, гал унтраагч нарт зааж сургасан гэж буруутгаж байгаа байжээ.
Тэд бол прокурор, Холбооны мөрдөх товчооны ажилтан асан 83 настай Раймонд Лавалль, тэтгэврийн сангийн зөвлөх 89 настай Томас Хейд, хувийн мөрдөн байцаагчдын холбооны ажилтан 61 настай Жон Минерва, 64 настай экс цагдаа Жозеф Эспозито нар юм байна.
Энэ дөрвөн хүний шууд удирдлага, зааварчилгаагаар гэмт хэрэгтнүүд 26 жилийн дотор нийт 1000 хүн авах ёстой байсан хэмжээний нөхөн төлбөр, тэтгэмжийг хууль бусаар авсан аж. Удахгүй энэ хэрэгт холбогдуулан дахин 50 хүнийг баривчлаж магадгүй гэдгийг “The New York Times” сонин онцолжээ.
Үүнээс өмнө буюу он гарахын өмнө Америкт ажиллаж байсан Оросын дипломат ажилтан 49 хүнийг ядуурлын түвшинд амьдардаг, цалин хөлс хангалтгүй гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2004-2013 оны хооронд Америкийн төрөөс 1,5 сая ам.доллар луйвардан авсан гэж буруутгасан юм. Гэхдээ Оросын дипломат ажилтнууд Венийн конвенцын дагуу халдашгүй дархан эрхтэй байсан тул америкчууд баривчлаагүй бөгөөд, оросууд ч яаран буцаан татсан байна.
Энэ луйврыг хийсэн дипломатчид мөн л “Facebook” гэх мэтийн олон нийтийн сүлжээ сайтууд дээр гадаадын үнэтэй амралтын газар, зочид буудалд тухлан амарч байгаа, “Tiffany” гэх өндөр үнэтэй брэндийн бүтээгдэхүүн худалдан авч байгаа зураг, бичлэгээ тавьж байгаад илчлэгджээ.
Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн байдал хүндхэн байгаатай холбоотойгоор зөвхөн Америк гэлтгүй олон оронд нийгмийн халамж, тэтгэлэг, нөхөн олговортой холбоотой хэрэг олон гарах болсон. Ажилгүйдэл өсөхийг дагаад төрөөс олон нийтийн бухимдлыг багасгах үүднээс ажилгүй болсон ч ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст зориулсан тэтгэмж олгох нь газар авахтай зэрэгцэн энэ салбарт олон төрлийн луйврын хэрэг гарах болсон юм.
Испанид гэхэд л 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн халамж хэлбэрээр дөрвөн сая еврог луйвардан авсан 60 хүнийг баривчилсан хэрэг гарсан. Гэмт этгээдүүд 100 орчим хуурамч компани байгуулж, хуурамч компаниуддаа хууль бус цагаачдыг бүртгэдэг байж. Улмаар хуурамч компаниа дампуурсан гэдгийг төрийн холбогдох байгууллагуудад мэдэгдэхэд бүртгэсэн хууль бус цагаачид нь ажилгүйдлийн нөхөн төлбөрийг сар болгон авах эрхтэй болдог байжээ.
Энэтхэг, Пакистан гээд нийт 15 орны цагаачдаас бүрдсэн гэмт бүлэглэл нь таван жил гаруй ажиллах хугацаандаа гурван мянга гаруй хууль бус цагаачдыг жинхэлж, нийгмийн халамжийн хөтөлбөрт хамруулсан байна. Тэд төлбөр гэж нэг хүнээс 8000 евро авдаг байсан аж.
Олон нийтийн санал, байр суурь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг улсууд өөр өөрийн санхүүгийн боломж, эдийн засгийн өсөлтөөс хамаараад ажилгүйдлийн тэтгэмж гэж олгодог. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажил идэвхтэй хайж байгаа хүнд тодорхой хугацааны турш олгодог. Энэ тэтгэмж нь олон нийтийн дундах бухимдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохоор эрх баригчид онцгой анхаарал тавьдаг. Улс болгон төрөөс явуулж байгаа бодлого, уламжлал, санхүүгийн боломжоо харгалзан ажилгүйдлийн тэтгэмжийг янз бүрээр тогтоодог.
Тухайлбал, манай хойд хөршийн ажилгүйдлийн сарын тэтгэмжийн хэмжээ дунджаар 140 ам.доллар орчим.
Казахстан 120, Азербайжан 210, Украйн 120, Гүрж 110, Молдов, Киргиз 10, Беларусь 15 ам. доллар байдаг.
Гэтэл Германд 2000, Данид 2500, Португальд 1260, Грект 480, Польшид, АНУ-д 1000, Японд 2400 ам.доллар байдаг ажээ.
Энэ мөнгийг ажлаа алдсан хүнд үргэлж өгөөд байдаггүй, улс болгон ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа өөр өөр. Францад ажилгүй болсон хүнд дээд тал нь 6000 еврог дөрвөн сараас, хоёр жил хүртэл хугацаанд тэтгэмж болгож өгдөг. 50 нас гараад ажлаасаа халагдсан хүнд бол бүр гурван жил хүртэл хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж гэж өгнө.
Германд зургаагаас 24 сарын хугацаанд тэтгэмж өгдөг.
Их Британид дээд тал нь зургаан сар хүртэлх хугацаанд тэтгэмж өгнө.
Италид ажиллаж байсан салбараас нь хамаараад сарын 900-1120 еврогийн тэтгэмжийг 240-360 хоног өгдөг.
Испанид ажлаа алдсан хүнд доод тал нь 397 еврог дөрвөн сараас хоёр жил хүртэл хугацаанд төлнө.
Данид сарын 2295 еврог дээд тал нь хоёр жил хүртэл хугацаагаар өгдөг.
Бельгид цалингийн 65 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг эхний гурван сар олгоод цаашид тэтгэмж авах хэрэгтэй гэж үзвэл өмнөх цалингийн 60 хувьтай тэнцэх мөнгийг олгодог. Гурван сараас цааш олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ 1500 еврогоос давах ёсгүй байдаг аж.
Швейцарьт ажлаа алдсан хүнд 200-520 хоногийн турш сардаа 6900 хүртэлх еврогийн ажилгүйдлийн тэтгэмж өгдөг.