Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.БАНДИ БААВАЙ

Буриадууд ард олондоо хүндлэгдсэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй халхгар өвгөдөө “Баавай” хэмээн эрхэмлэн дууддаг. Д.Банди багш Монголын боксын спортын дөрвөн үеийнхний   хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд нь хүргэсэн, халз тулааны спортын  баавай дасгалжуулагч  аргагүй л мөн.  Монголын боксын спортын эцэг, гавьяат  дасгалжуулагч Б.Олзотоос хойш түүн шиг дасгалжуулагчийн ажилд тэсрэлт гаргаж, Монголын боксчдын авьяас чадварыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн багш  байхгүй.
Уг нь, УБДС-ийг төгссөн,  математикийн багш  хүн л дээ. Математикийн багшийн  оновчтой түргэн сэтгэлгээгээ, төрөлх  уужуу  тайван ухаантайгаа хослуу¬лан намуухан   дуугаар зааж зөвлөсөөр Монголын боксчдыг  өнөөдрийн хэмжээнд бэлтгэсэн гавьяатан билээ. Сүүлийн арван жилд  дэлхий нараа  бүтэн тойрох  365 хоногоос 70 гаруй өдөрт нь гэртээ  тайван хонож үзээгүй  Д.Банди  багш аргагүй л ядарч, бие нь тэнхээрээд ажлаасаа чөлөө хүссэн болов уу.

2010 оны тавдугаар сард цус харвасан ч  Монголын боксын маргаашийн төлөөх  сэтгэлийн их тэнхээ, хань ижил, зургаан сайхан хүүхдийнхээ хүчээр хоёр хөл дээрээ бат зогссон билээ.
Д.Банди багш хэзээ ч, хаана ч уулзсан  инээмсэглэсэн уриалгахан зангаараа угтаж, царгиадуу баргил дуугаар ажил хэргээ урамтай гэгч нь тайлбарладаг зантай. Түүнд  уулзаж учирсан хүмүүсийг, шавь нараа, хавь ойрынхноо  өөртөө татах ямар нэгэн  хүч байх шиг санагддаг.  Миний бодлоор тэр их хүч нь ямар ч үед адгаж сандардаггүй,  орилж хашгичдаггүй дөлгөөхөн  тайван  занд нь  л оршдог болов уу.  Бээжингийн олимпод Монголын боксчид  аянга цахилгаан шиг ниргэж Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн  медаль шүүрэх хүртэл  1350 удаа  рингэнд  шавь нараа дагуулан гарч,  тэр хэрээр л тархиныхаа эд эсээс хороосон  нь  ойлгомжтой.  Сүүлийн зургаан жилд эх орныхоо хилийн дээсийг 200 гаруй удаа алхаж, Монголын ширэн бээлийтнүүдийн гайхамшигтай  цуврал ялалтыг  удирдан чиглүүлж явсныг нь бодохоор жаран насны босгыг алхсан  түүнийг бахдан бишрэхээс аргагүй. Бээжин, Милан,Баку,Чикаго, Бусан  гээд  дэлхийн өнцөг булан бүрт Монголын ширэн бээлийтнүүдийг  ялалтын  тавцан өөд  хөтлөн явсан  уртын их замынх  нь  гэрч болсон  хуудас нь дууссан  20 ширхэг гадаад паспорт  түүнд хадгалагдаж  байгаа. Монго¬лын боксын спорттой  40 гаруй жилийн амьдралаа холбосон түүний хоолойн хөвч нь суларч, өнөөдөр ярихдаа нэлээд хүч гарган хоолойгоо шахаж ярьдгаас амархан ядардаг болсон юм билээ. Гучин жил дасгал-жуулагч хийхдээ  боксын тэмцээн үзэхээр  танхимд цугласан олон зуун хөгжөөн дэмжигчдийн шуугианаас даван  дуугарч,  хэрэгцээтэй цаг үед нь шавьдаа ганц ч болтугай  ончтой зөвлөгөө өгөх гэж   хоолойгоо сөөтөл  хашгирч явсны  хор өнөөдөр ингэж илэрч байгаа ажээ.  Э.Бадар-Ууган,П.Сэрдамба нарын хөдөлмөрийн баатар хоёр, Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын таван гавьяат, ОУХМ 30 гаруй, спортын мастер 60 гаруй, зэрэгтэй 600 гаруй боксчныг Монголын их спортод бэлтгэж өгсөн  ардын багш маань олон жил өөрийн гэсэн орон сууцгүй, айлаас айл дамжин нүүдэллэж билээ. 2008 оны Бээжингийн  олим-под  алт, мөнгөн медаль ихэрлүүлэн Монголын спор¬тыг цоо шинэ түвшинд гарга-чихаад  ирэхэд нь улсаас байр өгөлгүй  өвгөн  багшийн голыг харлатал гомдоож билээ. Гараас нь хөтлөн явж, их спортын оргилд хүргэсэн шавь нар нь гавьяа шагналдаа дарагдаж байхад, замыг нь зассан   дасгал¬жуулаг¬чийг нь бүгдээрээ мартчихсан нь эмгэнэлтэй. Харин 2009 оны Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ  хүрэл медаль хүртэж багаараа 75 хувийн амжилт¬тай тэмцэлдэж, 48 орноос тавдугаар байр эзэлсэн амжилт гаргаад ирэхэд нь ШШБЕГ-ын  харьяа “Сүлд” спорт хорооныхон сая нэг дөрвөн өрөө байраар мялаасан юм. Ардын багшийг өөрийн гэсэн орон сууцтай болоход нэр нөлөө, албаны эрх дархаа ашиглан ихэд хүчин зүтгэл гаргасан, ХЗДХ-ийн  сайд  Ц.Нямдоржтонд  гүн талархал илэрхийлүүш¬тэй. Хүн гэдэг чаддаг юмаараа хэрэгцээтэй цагт нь  хэн нэгнээ  магнайг нь тэнийтэл баярлуулах шиг буянтай  үйл гэж юу байх билээ дээ. Д.Банди  багш Монголын боксын спортыг хөл дээр нь  найдвартай босгосон шигээ өөрийнхөө  зургаан хүүхдийг эрдэм боловсролтой,  хаана ч амьдралаа аваад явчих чадвартай хүмүүс болгон хүмүүжүүлжээ. Том охин Б.Ариунтуяа  нь “Урбанек”  компанид  ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг.Түүний нөхөр  үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн  Б. Лхагважав гэж   сэтгэлийн  хөдөлгөөнөө тэр бүр ил гаргаад байдаггүй  хянуур нэгэн байдаг. Чамбайхан хүргэн нь нэгэн удаа   “ Өөлөх өөгүй   сайхан хүн” хэмээн хадам ааваа магтаж  гэнэ алдсан  байна лээ.  Том хүү  Б.Ариунболор  нь “Улаан¬баатар” дээд сургуульд багшилдаг бол удаахь охин Б.Ариунжаргал нь “Толгойт” өртөөнд хариуцлагатай  албанд зүтгэж, түүний дүү Б.Ариунчимэг нь Сангийн яаманд хэлтсийн  даргаар ажиллаж  явна.  Их амьдра¬лын   жаргал зовлонг 30 гаруй жил хуваалцаж яваа гэргий  Д.Долгоржаваа   “Энэ зэрэгтэй явах  амьдралын минь түшиг” гэж ихэд хайрлан дээд¬лэх юм билээ.  Д.Долгор¬жав  эгчийг Монголын спортын хүрээнийхэн андахгүй. Тун ч илэн далангүй,  их л хээгүй нэгэн билээ. Харин  Д.Банди  баавайг өөхөнд ороосон бөөр шиг газарт хүргэлгүй бөөцийлж байх санаатай ганц хүн гэж хэлж болно. 1997 онд гавьяат дасгалжуулагч болоход нь, дараа нь 2009 онд ардын багш болоход нь   л  нутаг усныхан, хамаатан садан, үр хүүхэд, ач зээгээ  бүгдийг нь тойруулаад нэг сайхан цугласан даа гэж ярина. “Муу өвгөн минь дэндүү гэмээр цайлган цагаан сэтгэлтэй хүн.  Муу хүнд итгээд 15 дугаар хорооллынхоо сайхан байрыг алдчихаад олон жил зүдэрч амьдарсан шүү. Төр, түмэндээ хоёргүй үнэнч сэтгэлээр зүтгэснийх, хожуухан ч гэсэн өөрийн гэсэн сайхан орон байртай болоод одоо л нэг сэтгэл минь тэнийж явна. Гэртээ ирэхэд нь юунд ч санаа зовохооргүй байлгах гэж зүтгэсээр ирлээ. Үнэндээ манай муу өвгөн оймсоо ч хаана байдгийг мэддэггүй хүн” хэмээн саяхан ярьжээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, сүүн цагаан зам мөртэй хүний ажил, амьдрал аяндаа л тэгшрээд  ирдэг юм байна. Баавай минь, таны олон жилийн сэтгэлээ шингээсэн их ажлын үр шимээр Монголын бокс дэлхийд эхний наймд найдвартай жагсдаг боллоо.  Гурав хүрэхгүй сая хүнтэй Ази тивийн жижигхэн орны хувьд энэ бол гайхмаар амжилт  мөн. Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөө эрсэн ч “Баавай” танд цаашид хийх ажил мөн ч их байна санж. Та үндэсний шигшээ багтаа зөвлөх хийгээд  явахад л таны нөмөр  их нөөлөг, хаялага буян нь шавь нарт чинь нөлөөлж, тэд дэлхийн дэвжээнд хэнээс ч айхгүй нүдэлдэх  болно. Ядаж л Лондонгийн олимп хүртэл  танд хийх ажил их байна.

0 Сэтгэгдэл
2010 оны тавдугаар сард цус харвасан ч Монголын боксын маргаашийн төлөөх сэтгэлийн их тэнхээ, хань ижил, зургаан сайхан хүүхдийнхээ хүчээр хоёр хөл дээрээ бат зогссон билээ.
Хамгийн их уншсан