Дуучин Мэрай Кэри шинэ жилийн орой Брунейн Султаны хүү, хунтайж Азимийн үдэшлэгт уригдаж, гурван дуугаа сая гаруй ам.доллараар дуулжээ. Хэт тансаглал, плэйбойн амьдралаараа алдартай 31 настай Султаны хүү Лондонгийн "Dorchester" таван одтой зочид буудалд дээдсийн хүрээллийнхэнд зориулсан хүлээн авалт хийсэн бөгөөд Мэрай Кэри тэдэнд "Always Be My Baby", "Auld Sang Syne" зэрэг дуугаа дуулж сонирхуулсан байна. Брунейн хунтайж тун ч өгөөмөр загнаж Мэрайд 910 мянган фунт буюу ойролцоогоор 1,5 сая ам.доллар өгсөн гэх мэдээ байна. Мэдээж Мэрай Кэри гомдоллохооргүй өндөр төлбөр авахаар тохиролцсон учраас үдэшлэгт оролцохоор Лондонд ирэхдээ гэр бүлээ ч бас дагуулан ирсэн гэнэ. Тэрээр хоногийн 5000 долларын үнэтэй зочид буудалд нөхөр, хоёр хүүхдийн хамт байрлаж байгаад явжээ.
Дуучны хэвлэлийн төлөөлөл түүнийг хунтайжийн үдэшлэгт оролцсоныг баталсан ч хэдий хэмжээний мөнгөөр дуулсныг нь хэлэхээс татгалзжээ. Гэхдээ тэрээр сая ам.доллар гэдэг бол түүн шиг оддын хувьд тийм ч өндөр төлбөр биш гэдгийг хэлэхээ мартаагүй гэнэ. Мэрай Кэри үүнээс хэдхэн хоногийн өмнө Анголын дарангуйлагч гэгддэг Хосе Эдуардо Дос Сантосын гэр бүлийн урилгаар мөн л тэдний баярт уригдан дуулахдаа сая ам.доллар авсан нь батлагдсан юм. Үүнээс харвал дуучин бүсгүй өмнө нь Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн урилгаар дуулснаасаа болж олны шүүмжлэл хүлээж, уучлал гуйхдаа хүрч байснаа ч мартсан бололтой.