Итали
улсын Трентино мужид Дэлхийн оюутны спортын өвлийн 26 дугаар
“Универсиад” их наадам энэ сарын 11-22 нд спортын 11 төрлөөр болж, 50
орны 2636 оюутан тамирчин, албаны хүмүүс оролцож байна.
Өвлийн Универсиад-2013 наадамд Монгол
Улсын багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий
нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, дасгалжуулагчаар Үндэсний шигшээ
багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга, тамирчинаар Б.Бямбадорж,
Т.Доржготов, Б.Гэрэлт-Од, Ч.Отгонцэцэг нар оролцож, энэхүү наадмын
дөрвөн зайн уралдаанд оролцож байгаа юм.
Манай тамирчид наадмын
нээлтийн өдрийн дараа болсон эмэгтэйчүүдийн 5х5 км скиатлон буюу холимог
төрлийн тэмцээнд 75 тамирчин уралдснаас Ч.Отгонцэцэг 35 мин 58.6 сек
амжилтаар 64 дүгээр байрт шалгарав. Энэ зайд алтан медалийг Казакстаны
тамирчин Т.Оссипова, мөнгөн медалийг Украйны тамирчин К.Григоренко,
хүрэл медалийг Финляндын тамирчин М. Питкеанен нар хүртжээ. Харин
эрэгтэйчүүдийн 7,5 х 7,5 км холимог уралдаанд Б.Бямбадорж 46 мин 10,9
сек гүйж 77-р байрт шалгарч Монголын эрэгтэй тамирчдаас хамгийн өндөр
амжилтыг үзүүлсэн. Харин Б.Гэрэлт-од 47:53:0 минутын амжилтаар 79 дүгээр
байрт орсон бол Т.Доржготов 50:29,8 мин амжилтаар 81 дүгээр байрт тус
тус шалгарчээ. Энэхүү зайд ОХУ-ын Р.Шакирзянов, Казакстаны М.Старостин,
ОХУ-ын П.Сиулатов нар эхний гурван байрт шалгарав.
Спринт буюу ойрын
зайн тэмцээнүүд энэ сарын 14-ны өдөр болж Эмэгтэйчүүдийн 1,3 км-ийн
сонгомол төрөлд 83 тамирчин уралдснаас ОУХМастер Ч.Отгонцэцэг 71 дүгээр
байрт 4:14,78 мин үзүүлэлтээр шалгарав. Энэ зайд ОХУ-ын гурван тамирчин
О. Усатова, О.Царева, О.Репницена нар эхний байрыг эзлэв. Эрэгтэй
тамирчдын 1,5 км богино зайн сонгомол төрлийн уралдаанд нийтдээ 94
тамирчин оролцлоо. Манай Б.Бямбадорж 3 мин 53.7 сек ээр 71 дүгээр байр,
Т.Доржготов 4:03,73 минутаар 80 дугаар байр, Б.Гэрэлт-Од нь 4:25,33
минутаар 88 дугаар байрт жагсав. Энэ зайд шалгарсан тамирчид хоорондоо
хэд хэдэн удаа уралдан эцсийн дүнгээр ОХУ-ын М.Ковалев, П.Сиулатов нар
алт, мөнгөн медаль хүртэн Финляндын Х.С. Корпела хүрэл медаль зүүв.
Монголын
баг тамирчдын Сочигийн олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа
эмэгтэй 5 км, эрэгтэй 10 км зайн тэшилтийн уралдаан энэ сарын 17-нд Лаго
дэ Тэсэро цанын цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эмэгтэй 5 км-ийн зайд
Мон-Алтиус БТДС-ийн оюутан Ч.Отгонцэцэг нь 95 тамирчнаас 18 тамирчныг
ардаа орхин 76 дугаар байрт орж ирлээ. Тэрээр энэ зайд 16:06,7 минутын
амжилт үзүүлсэн ба энэ зайд Сочи-2014 олимпод хурдаа сорин уралдана.
Универсиадын 5 км зайд Украины тамирчин К.Григоренко 13:27.1 мин
амжилтаар алтан медаль, Норвегийн тамирчин О.А.Слинд мөнгө, Украиний
тамирчин М.Анцибор хүрэл медаль хүртлээ.
Энэ уралдааны дараа болсон
эрэгтэйчүүдийн 10 км тэшилтийн тэмцээн сонирхолтой, оролцогч олонтой
болж нийтдээ 115 тамирчин уралдав. Манай 3 тамирчин гараанд гарснаас
ОУХМастер Б.Бямбадорж 27:25,3 минутын амжилтаар 89 дүгээр байрт орлоо.
Тэрээр ардаа 25 тамирчнийг орхин барианд орж ирлээ. Б.Бямбадорж энэ
амжилтаараа Монголын эрэгтэй тамирчидаас Сочи-2014 өвлийн олимпод
уралдах ганцхан эрхийн болзолыг хангаж байгаа юм. Нөгөө тамирчин болох
Б.Гэрэлт-Од 28:35,0 мин гүйж 100 дугаар байрт, Т.Доржготов 29:27,0 мин
гүйн 102 дугаар байрыг тус тус эзэллээ. Энэ зайд Сербийн тамирчин М.
Петрович 23:57,4 минутын амжилтаар алтан медаль хүртэв. Мөнгөн медалийг
Беларусийн М.Семёнов 24:02,9 мин, хүрэл медалийн эзнээр ОХУ-ын Р.
Шакирзянов тодров. Одоо монголын баг тамирчдын хувьд энэ сарын 21-ны
өдөр болох эмэгтэй 15 км, эрэгтэй 30 км–ийн холын зайн ганцхан уралдаан
үлдэж байна.