“Тонька пулемётчин” хочтой Макаровна Антонина Макаровна бол дэлхийн хоёрдугаар дайн, Аугаа их Эх орны дайны үеийн хамгийн аймшигтай урвагч, алуурчин ч байж мэднэ. Эх орны дайны үед тэрээр гитлерийн армийн эзлэгдсэн нутагт, германчуудад ажиллаж оросын партизан, энгийн номхон иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, цэрэг дайчид гээд 1500 гаруй хүнийг буудан хороосон эмэгтэй.
Тэгээд ч нутаг нэгтэн, орос иргэдээ бөөнөөр нь хядаж байсан түүнийг 1941-1943 онд фашистуудын эзлэгдсэн нутаг дэвсгэрт “Тонька пулемётчин” хэмээн нэрийдэж байж.
Эх орныхоо төлөө цусаа урсган үнэнчээр дайтаж явсан хэдэн зуун мянган улаан цэргийг зөвлөлт төр бөөнөөр хорих лагериудад тарчлаан тамлаж байсан ч энэ урвагч, алуурчин эмэгтэйг ялалтын баяраас хойш 33 жилийн дараа л олж баривчилсан байдаг.
“Ямар ялгаа байхав, пулемёт чичрээд л....Хэн үхэж байгаа нь надад хамаагүй хэрэг. Өнөө хүртэл би энэ талаар огтхон ч бодож байгаагүй” гэж хамгийн сүүлд хүмүүсийг буудаж байснаасаа 35 жилийн дараа тэрээр мөрдөн байцаалт дээр хэлж байжээ.
Гэхдээ зөвлөлт төр түүнийг мартаагүй, эрэн сурвалжилсаар байсан. Хэргийн гол нь энэ эмэгтэй 33 жилийн туршид Антонина Макаровна Гинзбург нэртэй болчихсон явлаа. Нөхөр нь эх орны дайны ахмад дайчин, одон медальтай нэгэн. Насанд хүрсэн хоёр охин нь Москвагаас германы Кенигсберг хүртэл фронтын зам туулсан сувилагч ээжээрээ бахархана. Гэр бүлээрээ ахмад дайчны хөнгөлөлт эдэлнэ.
Түүнийг 1978 онд белорусын Лепель хотоос баривчилсан байна. Бор шаргал өнгийн цувтай нас тогтсон энэ эмэгтэйн дэргэд машин зогсоод “Та бидэнтэй хамт яаралтай нэг газар очих хэрэгтэй боллоо” гэсэн байна. Аюулаас хамгаалахын төлөөлөгч түүнд “Таныг яагаад энд авчирсныг та мэдэж байна уу” гэхэд “Энэ ямар нэгэн алдаа байх” гээд мушийн сууж байсан гэдэг.
“Та бол Антонина Макаровна Гинзбург биш. Та бол Антонина Макаровна, бүр алдаршсан нэрээрээ бол пулемётчин Тонька. Та бол немцүүдэд ажиллаж хүмүсийг бөөнөөр нь буудаж байсан залхаан цээрлүүлэгч. Брянскийн ойролцоох Локоть тосгонд таны үйлдсэн аймшигт аллага одоо хүртэл домог шиг яригдаж байдаг. Бид таныг 30 гаруй жил хайлаа. Юу үйлдэж байснаа одоо бидэнд ярих цаг чинь болсон. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ” гэж мөрдөн байцаагч хэлжээ.
“Сүүлийн жилүүдэд зүрх түгшээд байдаг болсон юмаа, юу болохыг мэдэж байж л дээ. Олон жил өнгөрч, гэхдээ яахав бичээд бай л даа” гэж тэрээр хэлсэн байна.
Түүний байцаалтад өгсөн мэдүүлгээс:
“Хүмүүсийг буудах бол нэг их ялгаа байгаагүй дээ. Зөвхөн тоо нь л өөр өөр байсан. Ихэнхдээ 27-гоос дээш хүнийг нэг хэсэг болгон бууддаг байлаа. Шоронгоос 500 орчим метрийн зайд ухсан нүхний ирмэг дээр бууддаг байсан. Хүмүүсийг нүхний ирмэг дээр цааш нь харуулан жагсаана. Буудах гаарт хэн нэгэн нь миний пулемётыг аваачаад тавьчихсан байдаг. Би пулемётынхаа ард өвдөглөж суугаад л шүршдэг байсан. Энэ чинь миний ажил шүү дээ” гэжээ.
Вяземийн тогоонд, залуухан сувилагч бүсгүй гитлерчүүдийг Москва руу дайрч байхад 1941 онд тэр анх үхлийг туулж гарч. Энэ аймшигт газар зургаахан хоногийн хугацаанд зөвлөлтийн сая гаруй цэрэг эр амь үрэгдэж, 500 мянган хүн шархадсан. 19 настай охин Тоня Макаровна ойд ганцаараа үлдсэн байлаа. Энд нэг орос цэрэгтэй таарч гурван сар хамт тэнүүлчилж. Ингээд 1942 оны нэгдүгээр сард арай гэж Красный Колодец тосгонд ирэхэд нөгөө цэрэг “Энэ манай тосгон. Чи замаараа, би замаараа. Энд миний эхнэр хүүхэд байгаа. Хамт явсанд баярлалаа” гэж. Тоня харин “Коля намайг бүү орхи л доо” гэсэн ч Николай түүнд тамхи, жаахан хүнс өгөөд явсан байна.
Ингээд тэр тосгоноос тосгон дамжиж яваад нэг айлд очсон байна. Эзэгтэй ч түүнийг гэртээ оруулснаа хэдэн хоногийн дараа явуулахаас аргагүй болж. Тэнэж явахад нь орос хүн “Хэн бэ” гэхэд тэр “Антонина Макарова байна. Москвагийнх” гэжээ. Түүнийг Локоть тосгонд авчирч герман цэргүүд ээлжлэн “хайрласан” байна. Дараа нь стакан дүүрэн архи хийж өгч. Тэгээд л пулемётын ард суулгах нь тэр. Түүнд ч гэсэн пулемётын урт ээлжээр тасралгүй шүрших нь сайхан байлаа. Гэхдээ амьд хүмүүс рүү шүү дээ.
“Анх удаа бол согтуу байсан болохоороо юугаа ч мэдээгүй. Харин германчууд 30 марк өгсөн нь их мөнгө байсан. Германчуудад зүтгэж байсан орос цагдаа нар болохоор партизанууд, тэдний ар гэрийнхнийг цаазлах дургүй байсан байх л даа” гэж ярьжээ. Орон гэргүй, ганц бие Антонинад нутгийн морин завод байсан газарт өрөө, нэг ор өгсөн гэнэ. Шөнө нь тэндээ пулемётоо хадгалаад өглөө нь ажилдаа гардаг байсан гэжээ.
“Би ч хэнийг буудаж байгаагаа мэддэггүй, тэд ч намайг мэддэггүй. Ингэхээр надад ичээд байх зүйлгүй байсан. Заримдаа хэн нэгнийх нь цээжинд “партизан” гэсэн бичиг өлгөсөн байдаг байлаа. Зарим нь үхэхийнхээ өмнө дуу дуулдаг байсан. Цаазын дараа би буугаа цэвэрлэнэ. Сум бол хангалттай” гэж Антонина Макаровна мэдүүлжээ.
Красный Колодец тосгонд Антонинаг гэртээ байлгаж байсан эмэгтэй нэг удаа Локоть тосгонд давс эрж ирээд германчуудад баригдаж. Түүнийг партизануудтай холбоотой хэмээн шоронд хийхэд “Би партизан биш. Та нар өөрийнхөө Тонька пулемётчиноос асуу” гэхэд Антонина түүнийг харж байснаа “За нааш ир, би чамд давс өгье” гэсэн гэдэг.
Фашистын орос алуурчин эмэгтэйн өрөө бол цомхон. Гялалзтал нь арчиж зүлгэсэн пулемёт нь тавиастай. Сандал дээр гоёмсог даашинз, хормогч, цагаан шаахай, нуруу ил гарах гоё цамц байна.
Тэрээр нөгөө эмэгтэйд “Алуулж байгаа хүмүүсийн хувцас надад таалагдвал би дараа нь тайлаад авдаг юм. Нэг удаа нэг багш эмэгтэйг байсны ягаан ноосон цамц нь надад таалагдсан ч даанч цусанд будагдчихсан байсан болохоор авч чадаагүй. Харамсалтай л юм. Чамд хэдий давс хэрэгтэй юм бэ” гэжээ.
Нөгөө эмэгтэй ч “Надад чамаас юу ч хэрэггүй. Тоня бурхан чамайг харж байгаа шүү. Чиний цусанд будагдсаныг чинь харж байгаа” гээд хаалга саван гарчээ. Антонина харин араас нь “Чамайг шорон руу тууж явахад чи л надаас тусламж гуйгаа биз дээ” гэж хашгирсан гэдэг. “Тэгээд яахав хөөрхий авгай баатарлагаар амь үрэгдсэн дээ. Аварч болох л байсан юм” гэж Антонина мөрдөн байцаагчид мэдүүлжээ.
Оройдоо тэр немцүүдийн бүжгэнд очно. Тэр немцүүдэд үйлчилдэг янхнуудтай нэг их найзалдаггүй, би чинь Москвагийнх шүү дээ хэмээн хамраа сөхдөг байсан гэнэ. Бүжгэн дээр яахав эрчүүдийг ёстой бээлий шиг л сольж офицеруудыг ч гэсэн нүдний булангаар харна.
Ажлын дэглэм бол өдөр бүр л ижил. Өглөө эрт босно. Тэгээд л шорон руу очно. Өнөөдөр хэдэн хүнийг нухахаа багцаалж харна. Анхных, хоёр дахь, гурав дахь ....гээд дараа дараагийн буудлага бол зүгээр л нэг хүндхэн ажил ......
Тэрээр байцаалт дээр “Надад цалин өгч, би үүрэгт ажлаа л хийж байсан. Зөвхөн партизан төдийгүй, ар гэрийнхэн нь хүүхэд эмэгтэйчүүд, хөгшид.... Би энэ талаар дурсмааргүй байна. Нэг удаагийн буудлага дээр нэг залуухан хүү “Дахиж уулзахгүй дээ, эгч минь” гэж хашгирсан юмдаг” гэж мэдүүлжээ.
1943 оны зун Брянскийг чөлөөлөх тулалдаан эхэлж. Тоня, тэндэхийн хэдэн янхантай адил бэлгийн замын өвчин авч, тэднийг ар тал руу эмчлүүлхээр явуулсан байна. Энэ хооронд Локоть тосгонд зөвлөлтийн цэрэг орж ирэн урвагч цагдаа нарыг баривчилсан ч Тонько пулемётчин шударга цаазаас үлдэж орхижээ.
Харин тосгоны ойролцоо талд түүний буудсан 1500 орчим хүний булш үлдсэн байна. Ингээд л 1921 онд төрсөн, Москвагийн иргэн Антонина Макаровна Макароваг 30 жилийн турш эрсэн байна. Түүний талаар мэдээлэл тун бага байлаа. Хамт ажиллаж байсан урвагчид нь бол бүр юу ч мэдэхгүй. Ингээд энэ хугацаанд ийм ойролцоо нэртэй 250 орчим хүнийг судалж шалгасан ч алуурчин бүсгүй усанд хаясан чулуу шиг сураггүй.
Гэтэл 1976 онд Парфенов гэдэг нэг албан хаагч гадаадад явах болж. Гадаад паспорт авахын тулд бөглөсөн анкет дээр нь Антонина Макаровна Макарова гэсэн уугуул овогтой, 1945 онд нөхөрт гарахдаа нөхрөөрөө Гинзбург хэмээн овоглосон ганц хүн байх нь тэр. Одоо Белоруст амьдардаг гэнэ. Ингэж л түүнийг олсон байна. Тэгээд л белорусын аюулаас хамгаалахынхан түүнийг ажиглаж, хамт ажиллаж байсан урвагч, нууц амраг хоригдлуудыг нь аваачиж далдаас таниулжээ. Тэд бүгд нэгэн дуугаар “Энэ бол Тонька пулемётчин мөн байна” гэж баталсан байна.
Түүний нөхөр Виктор Гинзбург дайны болон хөдөлмөрийн ахмад ажилтан, авгайг нь баривчилсны дараа “шударга хүнийг гүтгэлээ” хэмээн НҮБ-д гомдол мэдүүлж байсан гэдэг. Тэр бүр эхнэртээ хайртай, ямар нэгэн гэмт хэрэг, мөнгө завшсан байлаа ч уучилна гэж байсан. 1945 онд Кенигсбергт цэргийн эмнэлэгт хэвтэж байхад нь залуухан сувилагч бүсгүй ирсэн, тэгээд л танилцаж насан турш хамт амьдарсан гэж ярьсан. Гээд яахав дээ, үнэнийг нь л хэлсэн дээ гэж мөрдөн байцаагч нь дурсчээ.
Антонина яахав немцийн цэргийн эмнэлгээс зугтааж манайханд бүслэгдээд өөр бичиг баримт олж дахиад л сувилагч болох нь тэр. Байцаалт дээр тэр юуг ч нуугаагүй, аймшигтай зүйлээ бүгдийг ярьсан. Сонсоход ч аймаар байсан. Бүр хүмүүсийг буудаж байснаа дэс дараагаар нь санаж байсан. Үнэхээр хэрцгий эмэгтэй. Түүнээсээ айж эмээсэн, харууссан төрх ер байгаагүй. Залуудаа ямар хүүхэн байсан бол гээд бодоход санаанд багтахгүй байсан шүү” гэж мөрдөн байцаагч Леонид Савоськин ярьжээ.
Ийм аймшигт хэргээсээ айж байсан уу гэсэн асуултад Антонина “Байнга айна гэж байхгүй. Эхний 10 жил бол би хэзээ л хаалга тогшин орж ирээд баривчлах бол гэж айдаг байсан. Дараа нь тайвширсан. Хүн насан туршдаа айж явна гэж байхгүй шүү дээ” гэж хариулжээ.
Мөрдөн байцаалтын үеэр түүнийг хүмүүсийг буудаж байсан Локоть тосгонд аваачиж туршилт хийсэн байна. Тосгоныхон ердөө л түүний явсан зам мөрөөр нь нулимж угтсан гэдэг.
Тэр шоронд сууж байхдаа камерынхаа бүсгүйчүүдэд орой бүр “Нас ахисан үед минь намайг гутаалаа. Надад сайндаа л гурван жилийн ял өгөөд тэнсэнэ биз. Тэгээд дараа нь би яаж амьдрах юм. Захын муу тэнэг л намайг хуруугаараа чичнэ шүү дээ. Би чинь амьдрах ёстой биз дээ. Олны өмнө ажилладаг ажил хийх ч юм бил үү” гэж гомдоллож байсан гэдэг.
Түүнд 1978 оны наймдугаар сард буудан алах ял оноогоо ердөө маргааш нь 11-ний өглөөгүүр ялыг нь гүйцэтгэн буудан хороожээ. 55 настай энэ эмэгтэй өршөөл үзүүлэхийг гуйсан ч Москва татгалзсан байдаг.
Эх орны дайны үед эх орноосоо урван тэрсэлсэн тохиолдол олон байсан ч залхаан цээрлүүлэгч, алуурчин эмэгтэйн ганц түүх л энэ. Үүнээс хойш ЗХУ-д эмэгтэй хүнийг бас цаазаар авагүй гэдэг.