Францын алдарт жүжигчин Жерар Депардьегийн охин Жули генээ дагаж, аавтайгаа ижилхэн том хамартай төрсөн ч өөрийгөө нэрт жүжигчний охин гэдгээ бусдад мэдэгдүүлэхгүйн тулд таван ч удаа мэс засал хийлгэсэн гэнэ. Жули Депардье "Le Monde" сонинд өгсөн ярилцлагадаа гэр бүлийнхээ харилцааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд эцгээ дуурайсан хамар нь түүнийг хэний охин болохыг ядах юмгүй гэрчлээд байсан учир гоо сайхны мэс засал хийлгэхэд хүрсэн хэмээн ярьжээ. Хэтэрхий нэр алдартай аавынхаа сүүдэр дор өсч өндийхөд хүнд байсан гэдгийг түүнтэй ижил жүжигчний замыг сонгосон охин нь ярьжээ. Жули Депардье эцгээсээ ийнхүү зай барих болсон нь нэг талаас гэр бүлийн харилцаа нь хүйтэн хөндий байсантай ч холбоотой бололтой.
Түүний ярьснаар Жерар Депардье хэзээ ч гэртээ тогтдоггүй, байнга нэг тийшээ явсан байдаг учир гэр бүлээрээ нэг дор цугларна гэж үгүй. Зул сараар гэр бүлээрээ хамт хооллодог ч баярын ширээний ард дандаа хэрүүл маргаантай суудаг байсан гэж ярьжээ. Ийм тайван бус уур амьсгалд Депардьегийнхан нэг нэгэндээ авсан бэлгээ ч задалж үздэггүй байсан аж.
Жули Депардьегийн дуулгасан өөр нэг сонин мэдээ гэвэл алдарт жүжигчин Жерар Депардьегийн амьдрах хоног тоотой цөөхөн үлдсэн тухай байв. Тэрээр 65 настай эцгийнх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад таван жилийн дотор хорвоог орхих нь тодорхой болсон хэмээн ярьсан байна.
Жерар Депардье Францын орлогын албан татварын хуулийг эсэргүүцэж, иргэншлээсээ татгалзан, Оросын иргэн болсон билээ.