ССАЖЯ-наас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын статустай спорт холбоодод тодорхой шалгуур тавьж, аттестатчилахаар төлөвлөж байна.
Тэд тухайн спортынхоо олон улсын спортын холбоондоо бүртгүүлж, тэмцээн уралдаанд оролцох, эх орондоо зохион байгуулах эрх эдэлдэг. Харин сүүлийн үед зарим спортын холбоо идэвхгүй ажиллаж, тухайн спортыг сурталчлах, тамирчдаа уралдаан тэмцээнд оролцуулах талаар хойрго ажиллаж байгааг шүүмжилсэн гомдол ССАЖЯ-д цөөнгүй ирэх болжээ.
Тухайлбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэсэн хоёр төрийн бус байгууллага ажилладаг. Монголын сагсан бөмбөгийн холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-нд бүртгэлтэй учир гадаадын, олон улсын чанартай тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй. Тус холбоог ажлаа хийхгүй байна гэж шүүмжлэсэн залуус нэгдэн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-г байгуулан ажиллаж байна. МҮСБХ нь “Үндэсний супер лиг”, “Спрайт супер лиг” тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр тамирчдаа олон улсын тэмцээнд оролцоход дэмждэггүй, үзэл бодол нийлдэггүй гэсэн шалтгаанаар хоёр, бүр гурван ч холбоотой болсон жишиг тогтоод байгаа аж. Энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон пауэрлифтингчид гэхэд л хоёр холбоотой. Сүүлд шинээр гарсан холбооныхон нь идэвхтэй ажиллаж, тамирчид нь өндөр амжилт үзүүлсэн байх жишээтэй.
Төрөөс спортын холбоодын үйл ажиллагаанд шууд оролцолгүй, харин аттестатчилал явуулж, шилдэг амжилт гаргасан, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан холбоог дэмжих юм. Үүний үр дүнд спортын төрлүүд нэгдмэл удирдлагатай болж тухайн холбоо спортоо эзэмшигч байж, шилдэг тамирчдаа “брэнд” болгох нөхцөл бүрдэнэ. Улмаар хүүхэд залуус спортоо сонгох сонголт болон спорт холбоодыг төрөөс дэмжих үйл ажиллагаа тодорхой болох юм. Спортдоо сэтгэлтэй бизнесмэнүүд холбоо удирдан, тамирчдыг цалинжуулж, гадаад, дотоодын тэмцээнд оролцоход хувиасаа хөрөнгө гаргасны үр дүн гэдгийг онцлох ёстой. Манай тамирчдын амжилт гаргахад тухайн спортод сэтгэлтэй бизнесмэнүүдийн дэмжлэг чухал үүрэгтэй.
Монголын таеквондогийн холбоо нь дотроо олон улс, дэлхий, оюутны гэсэн салбар холбоотой. Харин тэд Монголын таеквондогийн холбоондоо нэгдсэн удирдлагатай, нэгдмэл байсны үр дүнд өнгөрсөн долдугаар сард Софи хотноо болсон ДАШТ-ээс хоёр алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. 2013 оны Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан. Энэ бол тухайн спортыг хөгжүүлэхэд тэд нэгдэн ажиллаж байгаагийн тод жишээ юм.
Иймд ССАЖЯ-наас холбоодыг аль болох нэгтгэх, нэгдээгүй ч нэг зорилго чиглэлтэй хамтран идэвхтэй ажиллахад тодорхой бодлого баримтлахаар төлөвлөжээ.