Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах өнгөрсөн намар энэ албанд томилогдож анхныхаа олимпын наадмыг Оросын Сочи хотноо зохион байгуулах гэж байна. Түүнийг олимпын бамбар асаан замд гарах гэж байхад нь Оросын “Р-Спорт” хэвлэлийн англи дахь редактор ярилцсан байна.
-Таны хувьд олимпын бамбарыг асааж замд гаргах нь тун ч хариуцлагатай өдөр байлаа шүү?
-Ёстой сэтгэл хөдөлмөөр агшин. Би энэ арга хэмжээнд Олимпын хорооны ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцож байна. Эртний Олимп уулнаас бамбар асаана гэдэг гайхамшигтай, дурсгалт үйл явдал. Олимп уулгүйгээр нэг ч олимпыг төсөөлөх аргагүй. Би энд Олимпын хорооны гишүүний, олимпын аваргын хувьд ч ирж байгаагүй болохоор үнэхээр сэтгэл хөдөлж байна.
-Та 1976 оны Монреалийн туялзуур жадны олимпын аваргын титмээ хамгаалахаар 1980 онд Москвагийн олимпод очсон бол яах байсан бэ. Танай орон Москвагийн олимпыг бойкотолсноор та очоогүй?
-Хэлэхэд хэцүү л дээ. Би тамирчин хүн. Спортын улс төр, Олон улсын олимпын хорооны тухай нэг их бодоогүй. Тэр ч бүү хэл Монреальд надад хэн алтан медаль гардуулсныг ч сайн санахгүй л байна. Спорт дахь улс төрийг би Монреальд анх удаа харж, тэр тухай бодсон юмдаг. Тэгэхэд би Африкийн тамирчид олимпын хотхоноос явах гээд нүдэндээ нулимстай гарч байхыг байрныхаа цонхоор харж байлаа. Тэр наадмаас би алтан медаль хүртсэн ч тэр тамирчдыг хэзээ ч мартдаггүй. Дараа нь Москвагийн олимпыг бойкотолсон явдал гарлаа. Тэр үед би ямар ч тохиолдолд тамирчдад ийм явдал бүү тохиолдоосой, энэ үед нь тэдэнд туслах юмсан л гэж бодож байсан.
-Та Сочигийн өвлийн олимпыг ОУОХ-ны ерөнхийлөгчийн хувьд ерийн биш наадам болно гэж бодож байна уу. Олимпын гал Зальцбург, Пхечанга гээд явахад эрсдэл бий юү?
-Энэ бол гайхамшигтай наадам болно. Эрсдэлийн тухай яриа байхгүй. Яахав, олимпын тоглолт бүрийн өмнө янз бүрийн яриа гардаг шүү дээ. Одоо өвлийн олимп эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Ярих дуртай нь янз бүрээр хэлж л байгаа. Бидэнд өөрийн гэсэн үзэл баримтлал, байр суурь байна, түүнийгээ хамгаалах болно.
-Та сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр спорт дахь улс төрийг тэглэх тэвчээрийн тухай хоёр ч удаа хэлсэн байсан?
-Олон улсын Олимпын хорооны гол зорилго бол Олимпын Хартиг 100 хувь мөрдөх, түгээх юм. Олимпын аль ч тоглолт, наадмын үеэр энэ Хартиг мөрдөхийн тулд хөндлөнгийн ямар нэгэн улс төр, үзэл баримтлалыг тэглэх ёстой. Нөгөө талаас, Олон улсын Олимпын хороо наадамд оролцож байгаа улс орнуудын олимпын хорооны байр суурьт автахгүй. Сочигийн өвлийн олимпын хувьд улс орнуудын Засгийн газар, эрх барих байгууллагуудын тухайд бүх зүйл номоороо явж байна. Ойрмогхон би Оросын төлөөлөгчидтэй уулзаж Сочи дахь олимпын үеэр ямар нэгэн асуудал, эсэргүүцэл байхгүй шүү гэдгийг нарийн ярилцсан.
-Олимпын үеэр ямар нэгэн эсэргүүцэл, ялангуяа тамирчид руу хандсан асуудал гарахгүй гэдэгт баталгаа болж чадах уу, өнөөх тэвчээрийн тэг хувилбар?
-Спортын байгууллагууд тамирчдаа хамгаалах ёстой. Тамирчдын далбаан дор улс төрийн ямар нэгэн өөр үзэл бодол байхыг үгүйсгэхгүй. Монреальд Африкийн хөнгөн атлетикчид яг л ингэсэн. Одоо бол Олимпын аюулгүй байдал, өөр бусад зүйлийн тухай л ярих ёстой. Хамгийн гол нь, олимпын тосгоны хамгаалалт. Олимп өөрөө эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг ч янз бүрийн эсэргүүцэл, жагсаал болохгүй гэх баталгаагүй. Манай дэлхий чинь таахын аргагүй шүү дээ. Үзэл бодлын ялгаа, маргаан мэтгэлцээн байна. Хамгийн гол нь бид тамирчдаа хамгаалах ёстой.
-Сочиг олимп явуулах эрх хараахан аваагүй байхад та юу бодож байсан бэ?
-2002 оны олимпын төлөө Сочи хот өрсөлдөж байхад би аттестатын комиссын тэргүүн байсан болохоор сайн мэддэг байсан. Тэгээд ч өвлийн олимпод тохиромжтой ийм газар цөөн гэдгийг нүдээр үзсэн хүний нэг.
-Олимп зохион байгуулах дэд бүтэц бэлтгэлийн талаар та гайхаж байсан уу?
-Гайхаад байх асуудал биш. Санал, танилцуулга, техникийн баримт бичиг маш сайн байсан. Энэ бол том асуудлыг шийдэж чадна гэсэн Оросын өөрийнх нь шийдвэр. Орос бол өвлийн спортын орон. Гэхдээ Оросын тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээн Берлинд болж байсан удаа бий. Яахав, Орос өөрөө л өвлийн спортын төв байна гэж шийдэн саналаа өгч бэлтгэлээ хангаж чадна гэсэн бол бид хүндэтгэх ёстой. Ингээд л Сочийг сонгосон. Энэ нь, өвлийн спортыг хөгжүүлэх хөдөлгөгч хүч болох ёстой.
-Таны ерөнхийлөгч болох сонгуулийн мөрийн хөтөлбөрт олимпын зардлыг багасгах тухай бий. Энэ нь, Сочиг шалгарахад нөлөөлсөн үү?
-Энэ бол зөвхөн олимпын зардлыг бууруулах тухай асуудал биш. Улс орнуудад тэгш эрх олгох үүднээс мөрдөж байгаа төрөл бүрийн стандартуудыг нэг мөр болгох тухай юм. Спортыг тухайн бүс нутагт, тухайн улс оронд тэгээс эхлэн хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол Сочигоос эхэлнэ. Энэ төсөл цаашаа ажил болж, хөлөө олоод явбал гол зорилго минь тэр. Нөгөө талаар, өөр улс орон, өөр тивээс өөр соёл тодорхой санал дэвшүүлээд ирвэл, тавтай морил гэж хэлэх ёстой. Ер нь, олимп гэдэг өөр, өөр соёлын уулзах цэг.
-Та олимпын хороонд олон жил ажилласан. Ерөнхийлөгч болоод удаагүй байна. Хамгийн гол нь, ОУОХ-ны юуг өөрчлөх ёстой вэ?
-Юун түрүүнд, өөр хэв маяг, яриа хэлцэл, оролцооны тийм хэв загвар байх ёстой. Идэвхтэй, үр дүнтэй удирдлага гэх юм уу даа, үүний тулд харилцан ойлголцол гэсэн үг. Ийм болохоор би ОУОХ-ны гишүүдийг үйл ажиллагаанд оролцох эрх хэмжээг нь өргөжүүлэн нэмэх бодолтой байгаа. Ингэхээр шийдвэр гаргахын тулд олон тооны яриа, мэтгэлцээн бий болно. Энэ бол нэг л хэв загвар. Ийм байдлаар олимпын наадам тойрсон наймааг үгүй хийх хэрэгтэй. Бас тэмцээн уралдаантай холбоотой допинг, авлигатай тэмцэх хэрэгтэй байна. Энэ бол байгууллага доторхи итгэлцэл, идэвхтэй удирдлагаас хамаарна. Гурав дахь нь, тамирчдын оролцоо. Дөрөв дэх нь залуучууд. Үүний тулд залуучуудыг спортоор их хичээллүүлэх хэрэгтэй. Тэд спортын тухай уншиж, сонсч, тэмцээн уралдааныг нь үздэг байх ёстой. Гэхдээ энэ бол ОУОХ-ны эцсийн зорилго биш л дээ. Одоохондоо спортын хөдөлгүүр тогтвортой биш байгаа болохоор бид ямар нэг хэмжээгээр нийтийн биеийн тамирт анхаарах ёстой.