“Монголын сагсан бөмбөгийн хөгжил Азид танигдсан гэдгийг ам бардам хэлмээр байна” хэмээн МҮСБХ-ны нарийн бичгийн дарга С.Тулга энэ жилийн сагсан бөмбөгийн амжилтыг дүгнэн хэллээ. Багийн спорт манайд хөгжих боломжгүй хэмээн ярьдаг ч сагсан бөмбөгчид энэ жил олон улсын оюутны “Универсиад” наадмын шөвгийн 16-д үлдэж, Тяньжинд болсон Зүүн Азийн спортын их наадамд Япон, Солонгосын багийг хожиж, амжилттай оролцсон. Тийм ч учраас багийн спортоос сагсан бөмбөг хамгийн түрүүнд хөгжих нь. Гэхдээ хөгжил дэвшилд өрсөлдөөн маш чухал юм.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд 17:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн “Супер лиг”-т долоон баг өрсөлдөх аж. Өнгөрсөн улирлын аварга Дорнодын “Танан Гарьд” болон Увсын “Эрдэнэдрийлинг Ригс”, Сүхбаатар дүүргийн “SBL Хүлэгүүд”, Баянзүрх дүүргийн “Их-өргөө Аравтууд”, Баянгол дүүргийн “Гурван Тамир”, Улаанбаатар хотын “Альянс Тех Харцагууд” оролцоно. Мөн өнгөрсөн улирлын “Спрайт Супер лиг”-ийн аварга Б.Оросоо эзэнтэй “Монторх” баг дэвшин оролцох юм. “Спрайт Супер лиг” нь Үндэсний “Супер лиг”-ийн доорх лиг юм. Энэ лигт түрүүлсэн баг дээш дэвшин, Үндэсний “Супер лиг”-т өрсөлдөх эрхтэй болдог.
Сагсан бөмбөгийн хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй зүйл бол гадаадын чадварлаг легионеруудыг авч ирэн тоглуулж, тэднээс суралцах. Тийм ч учраас энэ удаагийн лигт тоглохоор АНУ-аас 15-18 легионер тоглогч ирэхээр болсон гэнэ. Легионер тоглогчдын түрүүч болох таван тоглогч Монголд ирээд байна. Хамгийн эхэнд Баянгол “Гурван тамир” багийн легионер тоглогч Крис Лавсон хүрэлцэн ирсэн бол, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “ИХ-Өргөө Аравтууд” багт Кори Бүүни, Ондра Уйлямс гэсэн төвийн тоглогч иржээ. Кори Бүүний хувьд 25 настай 206 метр өндөртэй бөгөөд Алверна их сургууль, АНУ-ын EBA лигийн Харрисбури Хоризон багт тоглож байсан аж. Харин Ондра Уйлямс 1989 онд төрсөн 208 см өндөртэй Маршал их сургууль, ABL лигт тоглож байсан гэнэ.
Харин Увс “Эрдэнэдрийлинг Ригс” багийн легионер Кристофер Мур 1988 онд төрсөн 206 см өндөртэй, 90 кг жинтэй ABA лигийн Атланта Вайлкатс, мөн Австралийн Pro Shoalharon tigers багт тоглож байсан байна. Харин холбон тоглогч Кори Бетиа 1986 онд төрсөн 193 өндөр 80 кг жинтэй Вест Вержиниягийн их сургууль, “Semi pro Deleware”, “Destroyers” багт тоглож байжээ. Үлдсэн легонерууд ирэх долоо хоногт ирнэ хэмээн МҮСБХ-ноос мэдэгдлээ.
Улирлын Увс “Эрдэнэдрийлинг Ригс” болон Улаанбаатар “Альянс Тех Харцага” багийн тоглолтоор эхэлнэ.