ССАЖ-ын дэд сайд Д.Түмэнжаргал, Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан нар Монголын пауэрлифтингийн холбооныхонтой уулзлаа. Тус холбооны тамирчид саяхан Чех улсын Прага хотноо болсон ДАШТ-д амжилттай оролцоод ирсэн билээ. Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтөөр ДАШТ-д 14 тамирчин оролцсоноос дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Уулзалтаар топ дөрвөн спортын төрлөөр олимп, дэлхийн аваргад амжилт үзүүлсэн тамирчдад олгодог мөнгөн урамшууллыг бусад төрлийн спортын тамирчдад олгох боломж байгаа эсэхийг тамирчид асуусан юм. Харин салбарын дэд сайд “Бид спортыг олимпод ордог, ордоггүй гэж ялгахгүйгээр дэлхийн аваргад амжилттай оролцсон тамирчдаа урамшуулах бодлого боловсруулах шаардлагатай байгаа. Олимп, дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдыг урамшуулах, алдаршуулах эрх Ерөнхийлөгчид бий” гэж хэллээ.