Оросын Башкирын иргэн Шаймухаметовын гэр бүлд зочилж очиход тэднийхэн нэг баярт бэлтгээд хөл ихтэй байлаа. Гэрийн эзэгтэй Зульфия мөөгтэй шөл чанаад амсхийх завгүй. Харин өрхийн тэргүүн Василь төмс хэрчээд, бас ширээ засна. Тэгэхнээ тэдний охин Эльвирия минь их сургуулиа улаан дипломтой төгсөөд өө хэмээн Василт Рашидович хөөр болж байна.
Энэ бол тэмдэглэхээс аргагүй баяр. 10-аад жилийн өмнө эднийх бөөн дуулаины эзэн болж байсныг эргэн санахад хүрлээ. Тэгэхэд Элвирия охин гурван настай л байсан юмдаг. Ид л шулганаж, элдвийг асуун ярьдаг үе нь.
Гэтэл нэгэн өдөр “манай гэр чинь уг нь энд биш, Казахстанд нэг том хотод байдаг юм шүү дээ” хэмээн ярьж. Эцэг эх нь эхлээд анзаарсангүй, дахиад ярихад нь тоглож байна даа л хэмээн бодож. Гэтэл Элвирия бүр нарийн ширийн юмыг бүр тодорхой ярих нь тэр. Гуравхан настай хүүхэд хаанаас яаж тэр бүхнийг мэддэг байна гэмээр.
Түүний ярьснаар бол тэднийх Казахстаны Алма-Ата хотод амьдардаг гэнэ. Охин тэр үед урт хар үстэй байсан, аав нь улаан “Москвич” машинтай байж. Харин охин Байрам нэртэй байсан гэнэ.
Шаймухаметовынхон бүр гайхаад охиноо сэтгэцийн эмнэлэгт үзүүлж, зүгээр л гэж. Охин харин энэ яриагаа орхисонгүй, бүр хөршийнх нь найз охин машины ослоор нас барсан гээд Алма-Атагийнхаа амьдралыг ярьсаар байжээ. Энэ яывдал нэлээд удаан үргэлжилж.
Ингээд тэднийхэн эцэст нь энэ бүхэн ямар учиртай, үнэн эсэхийг мэдэхээр Алма-Атагийн сонины газарт захидал бичиж улаан машинтай, Байрам гэдэг охинтой байсан айлыг сураглаж. Сониныхон ч захидлыг нийтэлж сураг тавьжээ.
Хэсэг хугацаны дараа нэгэн өдөр Шаймухаметовын гэрийн утас хангинаж “Сайн байна уу. Бид өнөөх Байрам охины эцэг эх байна аа. Охин маань зургаан жилийн өмнө өөд болсон юм” гэх нь тэр.
Ингээд л яриад байтал Элвирия охиныг төрөхөөс зургаан сарын өмнө Алма-Атагийн Абдурахманов гэдэг айлын Байрам охин нас барсан байж. Тэр зүгээр л биеийн тамирын хичээл хийж байгаад ухаан алдаж унаад нас баржээ. Охин уг нь баримт бичгээрээ, албаны Эльвирия нэртэй ч мусульманы баяраар төрсөн болохоор Байрам хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Охины яриад байдаг өнөөх урт хар гэзэг, улаан “Москвич”, хөрш охин нь авто машины ослоор нас барсан зэрэг нь бүгд үнэн байжээ.
Ингээд удалгүй Абдурахмановынхон Башкирын тосгоныг зорих нь тэр.
Казахстаны Мусса Абдурахманов гэргий Халид хоёр башкирт ирээд Шаймухаметовын охин Элвирияг хараад бүр алмайрч орхиж. Охин ч танихгүй хүмүүс гэж бишүүрхэлгүйгээр шууд л “Аав аа, ээж ээ” хэмээн хашгиран зуурч аван уулзсан гэнэ.
Тэр бүү хэл охин Мусса аавыгаа тэврэн үнсэх үед хоёр чихийг нь барьж байжээ. Мусса ч “Миний Байрам охин надтай уулзахдаа үргэлж хоёр чихнээс минь барьдаг байсан юм” хэмээн нулимс дуслуулан ярьсан байна.
Охины Алма-Атагийн эцэг эх Шаймухаметовынд хэдэн хоног зочилж сэтгэлээ онгойлгоод буцсан байна.
-Охин маань ухаантай хүүхэд. Одоо тэр орчуулагч болон төгсч байна хэмээн ээж нь ярьж байна.
Юутай ч Оросын Башкирт ч гэх юм уу, Казахстаны Алм-Атад ч гэх юм уу нэг ийм явдал болж. Энэ тухайд шашныхан, судлаач эрдэмтэд, материалистууд янз бүрийн таамаг дэвшүүлж тайлбарладаг ч энэ бол жинхэнэ болсон явдал. Олон жилийн өмнө Энэтхэгт бас нэг бяцхан охин өмнөх амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан нь зэргэлдээх тосгонд амьдарч байгаад нас барсан охин байсан хэмээнхэвлэлээр бичиж байсан билээ.
Өнгөрсөн амьдралынхаа талаар хүүхдүүдийн ярьсан үнэмшмээргүй ярианаас
1. Нэг айлын гурван настай хүү “Миний шинэ аав надад маш их таалагдаж байна. Яг л миний жинхэнэ аав даа” гэлээ. Яагаад хэмээн асуухад “Миний өмнөх аав муухай зэрлэг хүн байсан. Тэр намайг зоддог, нэг удаа нуруу руу минь цохиход би үхсэн юм. Харин шинэ аав минь надад маш их таалагдаж байна. Тэр хэзээ ч намайг тэгэхгүй” гэж ярьсан байна.
2. Тав зургаа орчим настай хүү их л санаашрангуй “Хэрэв би энд төрөөгүйсэн бол эгчтэй байх байсан даа. Эгч маань, бас ээж минь одоо хөгширсөн. Машин нь шатсан ч гэсэн тэд маань зүгээр, бүх зүйл нь сайхан байгаа байх даа” гэж ярьсан байна.
3. Уг нь даруухан, дуугүй номой охин дэлгүүрт ээжтэйгээ явж байгаад нэг залууг хараад гэнэт хашгиран, уйлж эхэлсэн байна. Ээж нь тайвшруулж, гадаа гараад машиндаа суусан хойноо учрыг лавлавал охин “Энэ залуу миний анхны ээж бид хоёрыг гэрийнхээ шалан дор нуугаад байнга зоддог байсан. Тэгээд би унтаад сэрэхдээ өөр ээжтэй болсон байсан” гэж ярьжээ.