1. Нэгэн үе Исландын баячуудын эгнээнд хоёрдугаарт жагсч явсан Биорк Гудмундссон 2009 онд дампуурлаа зарласан юм. Шар айрагны бизнесээс гараагаа эхэлсэн мань эр Исландын хоёр дахь том банк болох “Landsbanki”-гийн хувьцааг худалдан авснаараа тэрбумтны зэрэг зиндаанд хүрч чаджээ. Тэр бас Уэст Хэмийн хөлбөмбөгийн клубийг ч эзэмшиж байв. Гэвч дэлхийн эдийн засгийн хямралаас улбаатайгаар Исландын бараг бүх банк дампуурахад түүний хөрөнгө салхинд хийсэх мэт алга болсон юм.
2. Аллен Стэнфордод нисдэг тэрэгний талбайтай усан онгоц, далбаат завь, крикетийн мэргэжлийн баг гээд баян хүн бүрт байдаг зүйл бүхэн байлаа. Техасын унаган иргэн тэрээр амжилтынхаа оргил үедээ 2,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтад орж байв. Гэтэл 2009 онд хууль бусаар мөнгө олох пирамид босгосон нь илэрч, 20 мянган хөрөнгө оруулагч мөнгөө түүнээс татаж авахыг хүссэн юм. Энэ олон хүний мөнгийг завшсаныхаа төлөө Аллен Стэнфорд 110 жилийн хорих ял авсан юм.
3. 2008 оны үед Шон Куйн зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөрөө Ирландын хамгийн баян гэгдэж байв. Тэрээр өмнөх жил нь өөрийнхөө хөрөнгийн нэлээд хэсгийг “Anglo Irish Bank”-нд хөрөнгө оруулсан юм. Тус банк Ирландын барилгын салбарынханд их хэмжээгээр зээл олгож байсан юм. Гэтэл дэлхий дахиныг хамарсан хямрал Ирландын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг ч нөмөрч, эцэст нь тэдэнд зээл олгосон банкууд хүнд байдалд орсон билээ. Ирландын Засгийн газар банкийг дампууруулахгүйн тулд төрийн мэдэлд авснаар Шоны 2,8 тэрбум ам.долларын хөрөнгө арчин хаясан юм. Дараа нь шинэ бүтэц зохион байгуулалттай болсон банк түүний Quinn группийг мэдэлдээ авч, түүнийг өөрийг нь гэр бүлийн гишүүдтэй нь хамт төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнчлэлээс гаргажээ. Үүний үр дүнд нэгэн цагт тэрбумтан байсан Шон Куйн дансандаа 15 мянган ам.доллартай л үлдсэн гэдэг.
4. Масаёши Сон 70 тэрбум ам.долларын хөрөнгөө алдсанаараа магадгүй түүхэнд хамгийн том алдагдал хүлээсэн тэрбумтан байх. Японы Билл Гейтс гэгддэг байсан тэрээр 1981 онд улсынхаа хамгийн том харилцаа холбооны компани болох “Softbank”-ийг байгуулсан юм. Түүний компани 180 тэрбум ам.долларын үнэлгээтэй байснаас 78 тэрбум нь эзэн Сонд хамаарагдаж байв. Гэтэл 2004 оны интернэтийн хямралаас компанийн хувьцаа 98 хувиар унаснаар компани төдийгүй Масаёши Сон асар их алдагдал хүлээсэн юм. Гэхдээ энэ их хямралын дараа “Softbank” эргэн хөл дээрээ босч, Сон алдсан хөрөнгийнхөө ихэнхийг эргүүлэн олж авч чаджээ.
5. Бразильд төрсөн Айк Батиста нэгэн үед дэлхийн найм дахь баян эрээр нэрлэгдэж байлаа. Нэг л өдөр дэлхийн хамгийн баян хүн болно гэж мөрөөддөг байсан тэрээр эсрэгээрээ 16-хан сарын дортор 33 тэрбум ам.доллараа алдсан билээ. Учир нь, түүний “OGX” хэмээх газрын тос хайгуулын компани дампуурсан юм. Рио Де Жанейрогийн ойролцоо супер таван боомттой, тээврийн компанитай энэ компанийн олсон ордынхоо нөөцийг хэтрүүлэн худал мэдээлсэн нь асуудал үүсгэж, улмаар дампуурахдаа тулсан юм.
6. “Хикари Цушин” хэмээх үүрэн телефоны оператор компанийн эзэн Ясумицу Шигета Японы мэдээллийн технологийн өндөр үсрэлтийн жилүүдэд 42 тэрбумын хөрөнгөтэй нэгэн байлаа. Гэвч мэдээллийн технологийн салбарт үүссэн хөөс нэг л өдөр задрахад түүний бүх хөрөнгө ердөө таван тэрбум болон хувирсан юм. Гэвч тэрээр энэ хямралын дараа амь насны даатгал, оффисын хэрэгсэл нийлүүлэх гээд бизнесээ өргөжүүлснээр ангалын эрмэг дээрээс өөрийгөө аварч чаджээ.
7. Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян хүн гэдгээр нь дэлхий нийтээр андахгүй. Гэхдээ тэрээр өөрийн санаачлан эхлүүлсэн олон нийтийн төлөөх үйлсдээ 28 тэрбум ам.долларыг хандивласнаар нэг жилдээ лавтай хамгийн баян хүн байж чадаагүй юм. Энэ бол Билл Гейтсийн гэр бүлийн нийт хөрөнгийн гуравны нэг хэсэг нь юм. Энэ мөнгийг тэрээр “Билл, Мелинда Гейтсийн сан”-даа шилжүүлж, улмаар дэлхий нийтийн боловсрол, эрүүл мэнд, ядуурлын эсрэг кампанит ажилд зориулахаар шийдсэн юм.
8. Альберто Вилар 2001 оны мэдээллийн технологийн салбарын хямралын үеэр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөө алдсан Гэхдээ тэрээр хөрөнгө оруулагч, түнш нараа өөрийн бизнесээс гаргахгүй байхыг ятгаж, луйвардсанаараа мөнгөө алдаад зогсохгүй гэмт хэрэгтэн болсон бөгөөд 2008 онд есөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
9. Дэлхийд алдартай Ikea брэндийг үндэслэгч, этгээд сонин амьдралаараа алдартай Ингвар Кампрад 17 тэрбум ам.доллараа алдаж байсан нэгэн. Хуучин Вольво машинаа 20 жил унасан, дүрдэг цайгаа дахин дахин ашигладаг, тэрбумтан болоод гэрээ Ikea-гийн хамгийн энгийн тавилгаас өөр юугаар ч тохижуулаагүй гээд арвич хямгач, нарийн зангаараа алдартай түүнийг 23 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэлцдэг байв. Гэтэл 2010 онд түүний ихэнх хөрөнгө буюу 17 тэрбум ам.доллар нь түүний санд харьяалагддаг болох нь илэрчээ. Энэ нь татвараас зугтаасан агуу том хэрэг үү эсвэл бусдын сайн сайхны төлөө Билл Гейтсээс дутахгүй хураасан мөнгөө зориулдаг агуу сэтгэлтэн үү гэдгийг хараахан мэдэгдээгүй байна.
10. Энэтхэгийн ах дүү хоёр тэрбумтан Анил Амбани, Мукеш Амбани нар эцгээ нас барснаас 10 жилийн дараа хоорондоо “дайн зарласан” юм. Энэтхэгийн хамгийн баян хүн болох Анил Амбани “Reliance Industry” хэмээх аварга том компанитай бол түүний дүү Мукеш мөн л харилцаа холбооны “Reliance Communications” гэдэг компанитай. Ах дүү хоёр бизнесийнхээ ашгийн төлөө 2013 онд компаниа нэгтгэхээр шийдсэн юм. Энэ тухай нийтэд зарламагц хувьцаа нь хэсэгтээ өссөн ч рупигийн ханшны хямралаас болж харилцаагаа сэргээсэн ах дүү хоёр ихээхэн алдагдал хүлээжээ. Мукеш Амбани хувийнхаа хөрөнгөнөөс 5,6 тэрбум ам.долларыг дөрвөн сарын дотор алдсан бол Анил Амбани арай бага буюу 1,6 тэрбумын хохирол хүлээжээ.