Амьтад шиг дөрвөн мөчөө бүгдийг нь оролцуулан хамгийн хурдан гүйснээрээ Японы иргэн Кеничи Ито дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номонд бичигдэхээр боллоо. Тэрээр хоёр гар, хоёр хөлөөрөө 100 метр зайг 16,87 секундэд туулсан байна. Тэрээр өмнө нь энэ зайд 17,47 секунд хурдалж мөн рекорд тогтоож байжээ. Дөрвөн мөчөөрөө гүйх чадвараа сайжруулахын тулд К.Ито сүүлийн арав гаруй жил дасгал сургуулилалт хийснээс гадна сүүлийн нэг жил амьтны хүрээлэнд очиж, сармагчингийн хөдөлгөөнийг сайтар судалсан гэнэ.
100 метр зайд одоогоор түүнээс илүү хурднаар дөрвөн мөчөөрөө гүйсэн хүн алга байна. Харин хоёр хөлөөрөө энэ зайг 9,58 секундэд туулсан нь хүний дээд амжилт болоод байгаа. Энэ рекордыг алдарт тамирчин Усайн Болт тогтоосон билээ. Сонирхуулахад амьтдаас хамгийн хурдан нь гэгддэг улаан ирвэс 100 метрийг 5,95 секундэд туулдаг байна.