Монголд зуун буудалт даам эрчимтэй хөгжиж, амжилтын буухиа тасрахгүй байна. Энэ сарын эхээр гэхэд л 100 буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчдаас дэлхийн аваргын мөнгөн медальтан төрлөө. Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 3-нд Беларусь улсын Орша хотод болсон тус тэмцээнд ОХУ, Латви, Голланд, Монгол, БНХАУ, Казахстан зэрэг 13 улсын 103 тамирчин өрсөлдсөн юм. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Мөнхбаатар, Р.Нармандахын удирдлага дор арван хүүхэд оролцсоноос охидын 8-10 насанд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртсэн байна. Г.Дүүрэнбилэгийн насны ангилалд 22 тамирчин есөн тойргоор тоглосноос тэрээр 12 оноогоор мөнгөн медалийн эзэн болсон бол алтан медалийг ОХУ-ын Ольга Балукова, хүрлийг Казахстаны Алима Кассим нар хүртсэн аж. Энэ насанд хүрэл медаль хүртсэн Алима Кассимын хувьд Баян-Өлгий аймагт амьдарч байгаад Казахстаныг зорьсон гэнэ. Мөн эл тэмцээний 8-10 насны хөвгүүдийн ангилалд С.Мөнх-Оргил VI байр, 11-13 насны охидын ангилалд Г.Хэрлэнмөрөн VIII байр эзэлсэн амжилт үзүүлсэн. Өнгөрсөн жил Беларусьт болсон охид, хөвгүүдийн дэлхийн аваргад манай улсаас есөн тамирчин оролцож, IX байрт шалгарсан амжилт үзүүлж байсан бол энэ жил амжилтаа улам ахиулж, охидууд маань өсвөрийн дэлхийн медальтнаа эгнээнээсээ төрүүллээ.