Жил бүр тулааны урлагийн бүх төрлийн дэлхийн аварга шалгаруулах нэгдсэн тэмцээн болдог аж. Энэ жил зохион байгуулагдсан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчид амжилт арвинтай иржээ. Дөрвөн тамирчныг удирдан оролцсон Самбалхүндэвийн Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр 1993 оноос хойш олон улсын таэквондогоор хичээллээд Дэлхийн цомын хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай, улс, хотын долоон удаагийн аварга. Харин энэ удаа бүх төрлийн аваргын хос алтан медалиар амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн аж.
-Олон улсын нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний талаар товч танилцуулаач?
-Бие хамгаалах урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тулааны урлагийн таеквондо, каратэ, кикбокс, нохой зодоон гээд бүх төрлийн тэмцээн 24 дэвжээнд нэгэн зэрэг зохиогдсон юм. Аравдугаар сарын 29-нөөс энэ сарын 3-ны хооронд таван өдөр үргэлжилсэн. Энэ удаагийн тэмцээн Италийн Марина де Карара хотод боллоо.
-Урьд нь, манай улс оролцож байсан уу. Ямар амжилт гаргаж байсан бол?
-Өнгөрсөн жил би шавьтайгаа явж байсан. Тэр маань мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулаад алтан медальтай ирлээ. Манай улс бие хамгаалах урлагийн бүх төрлийн тэмцээнд таеквондогийн төрөлд оролцсон. Тулаан, тэүлийн төрөлд манай тамирчид оролцсон. Энэ удаа манай улсаас дөрвөн тамирчин явж, гурав нь медаль хүртсэн байгаа. Би 83 кг жинд алтан медаль, тэүлийн төрлөөр мөн алтан медаль хүртсэн. Шавь маань Энхтөрийн Өнөрбаяр +71 кг жинд өрсөлдслөө. Түргэнбаярын Анхбаяр тэүлийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Тэүл гэдэг бол таеквондогийн урлагийн буюу үзүүлэн тоглолтын хэлбэр юм. Арай өөрөөр хэлбэл, хөл, гарын цохилт хосолсон тоот дасгал.
-Монголын баг тамирчдыг хэрхэн хүлээж авсан бэ, тэмцээний онцлогийн тухайд?
-Ер нь, биднийг зочин гэж хүлээж авдаг юм. Яагаад гэвэл Монгол Улсаас бид л анх удаа очиж байгаа юм билээ. Өөр төрлийн тулаанчид хараахан очоогүй гэсэн үг. Тэмцээн ирэх жил мөн зохион байгуулагдана. Тэр үед бид өргөн бүрэлдэхүүнтэйгээр очиж оролцох болно. Тэмцээн маань нээлттэй учраас бусад төрлөөр оролцох боломжтой байдаг. Бидний хувьд яг сонгосон төрлөөрөө л оролцсон. Энэ жилийн онцлог нь хос медаль өгсөн явдал. Яагаад гэхээр их олон компани ивээн тэтгэгчээр ажилласан гэж зохион байгуулагчид тайлбарласан. Тиймээс тэмцээний үндсэн медалиас гадна ивээн тэтгэгчийн медалийг давхар олгосон юм. Нийт үйл ажиллагааны 70 гаруй хувийг хариуцан гүйцэтгэсэн Каратэ, кикбоксын холбоо өөрийн медалийг зүүж өгч байсан. Өөр нэг онцлог гэвэл оролцогч бүр өөрийн улс орны ахуй соёл, зан заншил, уламжлалаа сурталчилж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах боломжтой байдаг. Энэ жил манай сурталчилгаа, үзэсгэлэнг Ауремо Рато гэдэг итали хүн зохион явуулж бидэнд тусалсан.
-Ер нь, манай улсад хөгжсөн бие хамгаалахын ууган спорт нь таэквондоо байх. Энэ спортын хөгжил ямар шатандаа байна вэ?
-Таеквондогийн спортын холбоо 1990 онд анх байгуулагдсанаас хойш 23 жил ажиллаж иржээ. Одоо хүрээ харьцангуй томорч, дүүрэг, сумдад клуб ажиллуулдаг болсон. Миний хариуцсан клубт л гэхэд дөрвөн наснаасаа эхлээд тулааны урлагаар хичээллэсэн хүхдүүд бий. “Шинэ гэр” цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөрт тусгаж заадаг юм. Ирэх жилийн тэмцээнд илүү туршлагатай, улс бүсийн тэмцээнд түрүүлсэн тамирчдаар баг бүрдүүлж илүү хүчтэй өрсөлдөгч болж явахыг зорьж байна.