Жүжигчин Том Круз өөрийг нь гүтгэн доромжилсон гэж үзсэн "In Touch", "Life and Style" сэтгүүлээс худал мэдээллийнх нь төлөө 50 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандаад байгаа. Тус сэтгүүлд Том Крузыг эхнэрээсээ салсны дараа гурван сан гаруйн хугацаанд охинтойгоо нэг ч удаа уулзаагүй, үндсэндээ охиноо үнсэнд хаясан шалз мэт орхисон гэж бичсэн юм. Мэдээж, Том Круз үүнийг эрс няцааж, охиноо хэзээ ч хаяагүй, хэдийгээр гурван сар уулзаагүй нь үнэн ч энэ хугацаанд түүнтэй байнга холбоотой байсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Хууль ёсоор Том Круз хэвлэлийн эсрэг гомдол гаргасан бол бодит байдал тэдний бичсэн шиг биш байсныг өөрөө батлах ёстой.
Үүний тулд тэрээр охинтойгоо хэр дотно харилцаатай байснаа нэгд нэгэнгүй ярьж эхэлсэн бөгөөд өмнөх удаагийн хуралдаанд хэлэхдээ "Надад охиноосоо холбоогоо тасалж, түүнийг амьдралаасаа холдуулах ямар ч шаардлага байхгүй- бие сэтгэл зүйн хувьд ч, санхүү мөнгөний хувьд ч. Хэдий бид хол байсан ч байнга баяр хөөртэйгөөр утсаар ярьж, би түүний амьдралын нэг хэсэг гэдгийг мэдрүүлж байсан" хэмээн өгүүлжээ.
Том Круз, Кэти Холмес нар өнгөрсөн оны зун салсны дараа Кэти Холмес охиноо аван Нью-Йоркт амьдарч, харин Том Круз Лондонд киноны зураг авалтаар үлдсэн юм. Энэ хугацаанд охинтойгоо нэг ч удаа уулзаагүй Том Крузийг охиноо хаясан хэмээн цөөнгүй хэвлэлээр шуугьсан юм. Том Крузыг ийнхүү хэвлэлтэй заргалдаж байх хооронд түүний экс эхнэр, охин хоёр нь Өмнөд Африкт аялж байгаа аж.