Рок’н соулын хатан хаан, 1000 ваттын хүчирхэг хоолой. Хараа булаам урт, гоолиг хөл. Энэ бол Хөгжмийн домог болсон Тина Тёрнер. Хэдхэн сарын өмнө “73 насандаа хуримаа хийлээ” хэмээн хэвлэлээр шуугиулаад амжсан энэ гайхамшигтай эмэгтэйн амьдралынхаа түүхийг нууж хаалгүй өгүүлсэн ярилцлагыг хүргэж байна. Опра Уинфрид өгсөн эл ярилцлагадаа Тина Тёрнер амьдралынх нь хамгийн хар бараан үе болсон гэр бүлийн хүчирхийллийн тухай, түүнийг хэрхэн сөрж босоод өдгөө 70 гарсан насандаа аз жаргал олсон тухай өгүүлжээ. Бүх цаг үеийн хамгийн алдартай дуучдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, 100 сая хувь цомгоо борлуулсан тэрээр сүүлийн 27 жил хамт амьдарч байгаа Эрвин Бах хэмээх герман эртэй гэрлэлтээ батлуулаад, Швейцарьт амар жимэр амьдарч байгаа юм.
-Та үнэхээр сайхан харагдаж байна. Таны энэ хөл. Удмынх байх аа?
-Тийм ээ, би хэзээнээс л ийм урт хөлтэй байсан юм. Гэхдээ хүүхэд байхдаа “Би яагаад одой морь шиг харагддаг юм бол” гэж боддог байлаа.
-Гэхдээ зүгээр ч нэг урт биш шүү. Маш гоё хэлбэртэй.
-Хуучин нөхрөөсөө болоод би өөрийгөө магтаж, өөрөөрөө бахархаж сураагүй юм. Би Айкаас салсныхаа дараа л өөрөө өөртөө таалагддаг болж эхэлсэн.
-Таны хүүхэд нас хэр ядуу тарчиг байсан бэ. Таны “Nutbush City Limits” дууг сонсох бүртээ би хүүхэд насныхаа ядруухан гэр орныг санадаг.
-Бид тийм ч ядуу байгаагүй. Ширээн дээрээ хоолтой. Бидний амьдралд зүгээр л гоё тансаг зүйл байсангүй. Гэмгүй жаахан хүүхэд байхдаа хорвоо дэлхий дээр олон сайхан зүйл байдгийг мэдсэнгүй явж. Ер нь бол радио гэж байдгийг мэднэ. Гэвч тэр радиогоор юу сонсдогийг мэдэхгүй. Цагаан хүмүүс биднийг гэртээ долоо хоногт ганц удаа телевиз үзэхийг зөвшөөрөх хүртэл од гэж ямар хүмүүс байдгийг ч мэддэггүй байлаа.
-Та тэгээд л оддыг зурагтаар хараад хожим алдартай хүн болохыг мөрөөдөж эхэлсэн үү?
-Тийм. Чи Бетти Грэбл гэж мэдэх үү?
-Үгүй ээ.
-Чи надаас залуу болохоор мэдэхгүй байх. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гарч ирсэн нэг их хөөрхөн богинохон хөлтэй бүсгүй байж билээ.
-Харин таны хөл бол эцэс төгсгөлгүй урт.
-Харин түүнд чинь л би дургүй. Ийм хөлөнд ямар хувцас зохихыг мэддэггүй байсан юм. Бүр том болсон хойноо л яаж хувцаславал аятайхан харагдахыг мэдэж авсан даа. Тэр үед богино банзал ч гарч ирж байлаа.
-Та хүүхэд насныхаа тухай тухтайхан яриач?
-Хувь тавилан л юм даа. Аав ээж минь ажил хийхээр гэрээсээ хол явахад би эмээтэйгээ үлддэг байв. Маш хатуу чанга хүн байсан учраас гарч тоглохоосоо илүү байнга сууж байдаг. Үнэхээр гунигтай. Тийм ч болохоор би хүүхэд байхдаа амьтантай харилцахыг илүүд үздэг байсан юм. Гэхдээ ахлах сургуульд орсноор би хайр гэдэг зүйлийг олж амсч, аз жаргал мэдэрсэн. Гэр бүлд нь хайр энэрэл дутагдсан хүн гаднаас түүнийг эрдэг юм билээ.
Тэр үед би Харри гэдэг залууд хайртай болж билээ. Түүний тухай бодоход одоо ч зүрх минь хурдан цохилдог шүү. Тэр бол хамгийн сайхан залуу байсан. Нүд, хамар, ам гээд бүх зүйл нь төгс сайхан. Тэр сургуулийн маань сагсан бөмбөгийн од байлаа. Би заримдаа түүний хүрмийг өмсөнө. Тэр үед илбэ шидийн юм шиг л мэдрэмж төрнө гээч. Би түүнд охин биеэ зориулсан юм. Үүндээ ч харамсдаггүй. Гэхдээ харамсалтай нь эмээдээ баригдаад дахин Харритай болзож чадаагүй дээ.
-Түүний тухай ярихдаа таны нүд гэрэлтэж байна шүү.
-Би түүнтэй гэрлэж, хүүхдийг нь төрүүлэхийг хүсч байсан. Тэр үнэхээр цорын ганц байсан юм. Бүр хожим нь би "What"s Love Got to Do with It" дуугаа дуулсны дараа нэг залуу над дээр ирээд “Харри Тэйлор бол миний аав” гэж хэлж билээ. Хүү нь аавыгаа өвчсөн мэт дуурайсан байсан. Тэр үед “Бурхан минь, хойд нас гэж бий бол түүнтэй минь амьдруулж өгөөрэй” гэж гуйсан юм.
-Тэгвэл таны нөхөр Айкийн тухайд та юу хэлэх вэ. Тэр танд юу өгсөн бэ?
-Түүнтэй танилцахаас өмнө би сүмд дуулдаг байсан. Сэйнт Луйс руу ээжтэйгээ нүүж очсоны дараа манайхан Айк Турнерийг харах гэж зориуд очиж дууг нь сонсдог байлаа. Тэр үед Айк хамгийн халуухан залуу гэгдэж байсан. Түүний хөгжим ч намайг сэргээдэг байв. Гэхдээ би түүнд хэзээ ч татагдаж байсангүй. Зүгээр л хамтлагтай нь дуулахыг хүссэн. Гэхдээ тэр намайг хэтэрхий туранхай гэж голоод дуулж чадахгүй гэдэг байсан юм. Опра, чи бол Айкт таалагдах бүсгүй. Тэр өгзөг сайтай бүсгүйчүүдэд дуртай.
-Тийм үү, би тэгвэл боломжоо алджээ. Түүний утасны дугаар хэд билээ /инээв/?
-Тэр үед Опра чам шиг төрхтэй Пат гэж охин тэдэнтэй дуулдаг байсан юм. Гэхдээ тэр над шиг дуулж чадахгүй л дээ. Тэгээд нэг удаа надад дуулах боломж олдож, би бүх сэтгэл хөдлөлөө гаргаж Би Би Кингийн дууг дуулав аа. Гэтэл Айк “Охин минь, чамайг дуулж чаддаг гэдгийг мэдсэнгүй” гээд л. Тэр үед л би дуучин болохоор шийдсэн юм. Айк надад үслэг эдлэл, даашинз, өндөр өсгийт авч өгөөд л, үсийг минь засуулаад. Шүдийг минь хүртэл засуулж өгсөн шүү. Тэгээд л би ажилдаа ягаан Кадиллакаар явдаг болсон доо.
-Тэр үед та хэдтэй байсан юм бэ?
-17. Надад од болох боломж байгааг тэр олж харсан учраас ээжтэй минь ирж уулзаад намайг дуулуулах зөвшөөрөл авсан. Тэр үед бид ах дүүс шиг л дотно байлаа. Түүнийг ажилгүй өдөр хотоор машинтай зугаалж, тэр надад амьдрал, мөрөөдлийнхөө тухай ярьж өгдөг байсан. Түүнийг бага залуу байхад царай муутай гэж хүмүүс гоочилдог байж л дээ. Энэ нь түүнийг их зовооно. Тийм ч учраас би дотроо “Энэ хүнийг би хэзээ ч зовоохгүй” гэж боддог байв. Тэр надад маш сайхан ханддаг байсан ч түүний муу талыг би бас анзаарч байсан. Тэр үргэлж л хэн нэгэнтэй тэрсэлдэж, муудалцаж явдаг байсан. Үүнийг нь би Айкийн буруу биш, нөгөө хүмүүс л түүнд гэм хор хүргэснийх гэж боддог байв. Тэр уур нь хүрвэл эмэгтэй хүнд ч гар хүрдгийг мэдэж байсан. Гэвч тэр их хүчтэй, нөлөөтэй байсан болохоор бүх хүн түүний хэлснээр байдаг байв. Бид машинаар зугаалах үед тэр надтай дотносох гэж оролддог болсон. Энэ нь надад таалагдаагүй ч би юу хэлэх, юу хийхээ мэддэггүй байж дээ. Ингээд дуугаа бичүүлж эхлэх үед бид аль хэдийнэ дотно харилцаатай болчихсон байв. Гэхдээ би ийм зүйл хүсээгүй учраас менежерээр ажилладаг бүсгүйд “Түүнтэй холбогдмооргүй байна” гээд хэлчихсэн юм. Тэгэхэд л би анх удаа Айкад цохиулсан.
-Цохиулсаан?
-Гутал сунгадаг модоор. Тэр үед би маш их цочирдож, түүнээс явахыг хүссэн. Тухайн үед би хотдоо Бяцхан Энн гэдэг нэрээрээ танигдчихсан, өөр хамтлагтай дуулаад явж болохоор байсан.
Гэвч Айк манайд ирээд л чи бусад шиг намайг гомдоохыг хүсч байна гэж үү гээд л. Мэдээж, би түүнд элгэмсэг байхыг хүсдэг байсан болохоор үгүй, үгүй гээд л үлдчихдэг байлаа. Сүүлдээ энэ яриа бүр улиг болтлоо давтагдаж, бидний хооронд ийм яриа эхлэх бүрт тэр намайг удахгүй цохиод авна даа гэдгийг мэдэх хэмжээнд хүрсэн. Тэр уруулаа хазаад л, ганцаараа яриад л. Тэгээд л шууд нүүрэн дундуур минь гутлынхаа өсгийгөөр цохиод авдаг байв.
-Бүр нүүрэн дундуур уу?
-Эхлээд хавирга руу цохино. Тэгснээ нүүрэн дээр. Тэр зодох болгондоо миний нүдийг хөхрүүлэх гэж улайрдаг байсан. Намайг яаж зоддог гэдгээ хүмүүст харуулах гэж хүсдэг байсан хэрэг. Үнэхээр ичгүүртэй.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдтэй би ярилцах тоолондоо хэлдэг юм. Анх удаа л ийм зүйл тохиолдоход нь эргэлт буцалтгүй явах ёстой гэж.
-Би яваагүй.
-Тэр тэгээд зодсоныхоо дараа яадаг байсан бэ?
-Орондоо оруулна. Тэгээд л хүсээгүй зүйлийг минь хийлгэнэ. Одоо тэр үеийг эргээд бодоход зүгээр л там байжээ. Гэхдээ би яагаад яваагүй юм бэ. Надад очих газар байгаагүй. Надад мөнгө байгаагүй. Ээжид маань ч байхгүй. Тэгээд ч ээж намайг гэхээсээ Айкийг гэдэг. Бид хоёрыг салсны дараа ч намайг түүнтэй эргэж нийлүүлэх гэж оролдсон шүү.
-Таныг яг тайзанд гарах гэж байхад зодож байсан гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Үнэндээ түүнийг яах ёстойгоо би мэдэхгүй байсан. Тэр байнга л тоорын шүүсийг брэнди, хар тамхитай хольж хэрэглэдэг болохоор хэзээ ч сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй байсан.
-Магадгүй тэр өөртөө сэтгэл дундуур байсан байх?
-Тэр уналтаас айж байсан. Ихэнх мөнгөө хар тамхинд зориулна. Зардал гэж өсөөд л байдаг. Надад нэг ширхэг зоос ч өгөхгүй шүү.
-Таны амссан хамгийн гутамшигтай доромжлол юу байсан бэ?
-Тийм үе зөндөө байсан. Би арга ядахдаа түүнийг унтаж байхад гар буу хөнөөх гэж оролдсон тохиолдол цөөнгүй бий. Нэг удаа намайг тайзанд гарахын өмнөхөн бид хоёр хувцасны өрөөнд зодолдсон юм. Гэвч тайзанд гарах цаг болсон тул нүүр хавдсан ч гэсэн би гарсан. Тэр үед хамар маань хугарчихсан бололтой, дуулж байхад хоолой руу цус урсаад л байж билээ.
-Энэ тухай эргэн тойрныхон чинь мэддэггүй байсан гэж үү?
-Хамтлагийнхан мэддэг байсан. Гэхдээ тэд ч ялгаагүй Айкаас хар тамхи л горьдож ажиллаж байсан хүмүүс. Надад юугаар ч тусалж чадахгүй. Энэ зүгээр л миний хувь тавилан байж гэж би боддог. Надад гарц байсангүй. Намайг хайрлах хүн ч байсангүй. Ээж минь хүртэл. Тэр намайг олсныхоо дараа төрүүлэхийг хүсээгүй гэдэг. Энэ тухай би гомдолтойгоор ээждээ ярихад тэр яагаад намайг хүсээгүйгээ хэлж өгсөн юм. Би л төрсөн учраас ээж минь аавтай насан туршдаа амьдрах ёстой болсон гэнэ. Үнэндээ би түүнийг буруутгаж чадаагүй. Би өөрөө өөртөө л харамсч байсан.
-Таныг зодуулж байхыг хүүхдүүд тань харсан уу?
-Тэд зөвхөн миний хөхөрсөн нүдийг л хардаг байсан. Том хүү Крэйг маань маш эмзэг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүүхэд байсан болохоор бидний энэ харилцаанаас болж үргэлж гунигладаг байсан. Нэг удаа тэр бидний зодолдохыг харчихаад өрөөндөө орж, цоожилчихоод “Ээж ээ та зүгээр үү” гэж хашгирч байж билээ. Тэр үед намайг ядаж гэртээ битгий зодооч гэж би Айкаас гуйдаг байсан.
-Энэ амьдралаас та юуг ойлгож мэдэрсэн бэ?
-Бүх зүйл өөрөөс минь хамаардгийг ойлгосон. Тиймэрхүү нөхцөлд хүмүүс сөрөг бодолдоо бүрэн автаад, хаашаа ч гарах гарцгүй юм шиг санадаг. Гэвч хэрэв чи сөрж босоод, тэндээсээ гараад ирвэл амьдрал чамд хаалгаа дэлгээд л угтах болно. Би гэрээсээ гараад Калифорнид ирсний дараа нэг хэсэгтээ маш айдастай, байнга чимээ чагнаж амьдардаг байсан. Айк гараад ирэх вий гэж. Өмнө нь, нэг удаа автобусаар зугтахад тэр намайг барьж авсан юм. Унтаж сэрээд цонхоор хартал Айк гадна зогсч байсан. Тийм учраас би онгоцноос буумагцаа галзуу юм шиг гүйсэн. Хэрэв Айктай таарвал шууд цагдаа гэж орилно доо гэж бодоод. Хэрэв түүнд баригдлаа гэхэд гэртээ харихаас өмнө би амиа егүүтгэж үхэх болно гэж өөртөө амласан байв.
-Хэр удаан тийм айдастай явсан бэ?
-Сүүлд тэр намайг олж ирээд уулзъя гэж гуйсан. Тэгээд бид машинд сууж ярилцах үед би хаалганы бариул хаана байгааг яг таг бодоод сууж байлаа. Тэгээд түүнийг хараал хэлээд эхэлмэгц нь би гараад явчихсан. Сүүлд сонсохнээ тэр намайг гарч явсанд баярласан гэсэн. Учир нь, намайг хөнөөх гэж буутай ирсэн байж л дээ. Гэрлэлтээ цуцлуулах шүүх хурлын үеэр ч тэр намайг харцаараа айлгах гэж оролдож байсан. Харин би түүнд “Чи муу солиот, одоо чи намайг яаж ч чадахгүй” гэж хашгирмаар санагдаж байсан. Үнэндээ түүнд ямар ч хүч чадал үлдээгүй байсан. Над шиг ингэж гэр бүлдээ хүчирхийлүүлж байгаа хүн байвал би “Яв” л гэж хэлнэ. Одоо энэ байгаагаас чинь дор нөхцөл гэж байхгүй. Эхлээд өөрийгөө авар. Дараа нь хүүхдүүдээ авар. Тэд чамайг ойлгох болно.
-Би ч бас яг ийм замыг туулсан. Хүүхдүүд чинь тэр үед хэдтэй байсан бэ?
-Том хүү маань ахлах сургуулиа төгсчихсөн. Бага хүү Ронни сургуульд явдаг байсан. Манайх гэрийн үйлчлэгчтэй байсан учраас тэд сайн байгаа гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ хүүхдүүдээ өөр дээрээ авахын тулд эхлээд өөрөө хөл дээрээ босох хэрэгтэй байсан.
-Та гэрээсээ гарахдаа халаасандаа ердөө л 36 центтэй байсан гэдэг. Яаж онгоцонд сууж чадсан юм бэ?
-Намайг яагаад нөхрөөсөө салахгүй байгаа юм гэж байнга хэлдэг байсан нэг өмгөөлөгч рүүгээ ярьж, мөнгө гуйсан. Түүний найзууд миний зочид буудлын мөнгийг төлж, Калифорнид хүргэж өгсөн юм. Надад юу ч байгаагүй учраас таксины мөнгийг хүртэл тэд төлж өгсөн.
-Та буддист болсон нь энэ амьдралтай чинь холбоотой юу?
-Хэн ч билээ нэг хүн надад “Бурхны шашин чамайг аварна” гэж хэлсэн юм. Мэдээж би өөрийгөө аврахын тулд юу ч хийхээс буцахгүй үе байсан. Тэгээд маань уншдаг болов. Нэг удаа би студид маань уншаад сууж байтал Айк орж ирээд гэнэт сайхан загнаад л надад баахан мөнгө өгч, дэлгүүр хэс гэсэн юм. Тэр үед энэ маань үнэхээр үйлчилж байна шүү л гэж бодсон. Түүнээс хойш би залбирлын хүчинд итгэдэг болсон.
-Та энэ амьдралдаа юунд хүрэхийг хамгийн их хүсдэг вэ?
-Хүмүүсийн бодол санааг өөрчлөхийг. Яаж оюунлаг амьдрах аргыг хүмүүст хэлж өгөхийг би хүсдэг. Дуулах, бүжиглэх мэдээж сайхан л даа. Гэхдээ хүний оюун санааг өөрчлөхөөс илүү сайхан үйлс гэж байхгүй.
-Таны түүхийг сонссон хүмүүс өөрчлөгдөх байх аа?
-Би өөрийгөө бусдад тэгж нөлөөлөх хэмжээний од гэж боддоггүй. Хэдэн жилийн өмнө Америкаар аялан тоглолтоо хийгээд үнэхээр балмагдсан шүү. Би лав өөрийгөө Барбра Стрейзанд шиг алдартай гэж боддоггүй.
-Тина Тёрнер өөрийгөө од гэж боддоггүй гэж үү?
-Одод гэж өөрсдийгөө хэт мэдэрсэн хүмүүс байдаг шүү дээ. Надад харин тийм зан чанар байдаггүй.
-Гэхдээ та бол домог шүү дээ.
-Эцэст нь, би өөрийнхөө нөлөөг хүлээн зөвшөөрөхөд хүрсэн. Би хэдий Уитни Хьюстон, Арета Франклин шиг цомгоо борлуулаагүй ч 60, 70 гарсан хойно ч хүмүүс намайг сонсохоор ирж байна шүү дээ.
-Та одоо аз жаргалтай байна уу?
-Маш жаргалтай.
-Та нөхрөөсөө цөөнгүй насны зөрүүтэй. Энэ нь таны санааг зовоож байсан уу?
-Насны ялгаанд би огтхон ч санаа зовдоггүй. Би анх Эрвин дээр очихоор зөвшөөрөх үед тэр 30 настай, миний том хүүгээс гурван насаар л ах байсан.
-Харин та хэдтэй байв?
-46-тай. Би түүнийг 30 настай ч гэж мэдээгүй. Тэр үеийнхээ хүмүүсээс хавьгүй ухаантай, бие даасан, төлөвшсөн эр хүн байсан.
-Та хөгширч байгаагаасаа айдаг уу?
-Энэ дэлхийгээс амьдаараа буцдаггүй гэдэг биз дээ. Нэгэнт хорвоогийн жам учраас чадах чинээгээр нүүрээ сайхан буд, үсээ сайхан засуул, сайхан хувцас өмс.