Бразилд тоглож яваа Канадын дуучин, дуулианы эзэн Жастин Бибер энэ удаа бас л шуугиан тарилаа. Тэрээр энэ удаа Рио-де-Жанейрагийн зочид буудлын хана дээр хууль бусаар зураг зурсны нь төлөө цагдаагийнхан буруутгаж бүр мэдүүлэг авчээ. Ханан дээр зураг зурж байгаа дүрс бичлэг, гэрэл зураг нь интернетэд тавигдаж цагдаагийнхан энэ танхай үйлдлийг нь шалгаж эхэлсэн байна. Цагдаагийнхан дуучнаас, бас дэмжигчдээс нь мэдүүлэг авч, энэ ажиллагаа түүний бразилд тоглох хөтөлбөрт ороогүй болохыг тогтоожээ.
Биберийн ойрынхон болохоор дуучныг ханан дээр зураг зурж үлдээхийг хотын удирдлагууд зөвшөөрсөн гэж байгаа ч үүнийг нотлоогүй байна.
Түүний танхайрсан гэж буруутайг нь нотолбол дуучин нэг жил хүртэлх хугацаагаар торны цаана сууж магадгүй болоод байна.
Үүнтэй зэрэгцээд 19 настай Жастин Биберийг машинаараа их дуу чимээ гарган хурдан давхисных нь төлөө хөршүүд нь гомдол гаргаад байгаа юм. Лос-Анжелос дахь хөршүүд нь түүнийг орон сууцны дундуур хүчтэй мотортой Ferrari машинаар байнга маш их хурдтай давхиж байна гэж цагдаад мэдүүлжээ. Тэдний нэг нь бүр хүүхэд тоглодог газраар ийм хурдтай битгий яв гэж Биберт анхааруулсан ч тоохгүй байгаа гэсэн байна. Үүнийх нь төлөө бас хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.