Монголчуудын хэдэн арван жилийн турш тэмдэглэж, жагсч, дуулж, магтаж ирсэн Оросын 1917 оны буюу аугаа их Октябрийн баяр маргааш тохионо. Нэгэн цагт тэнгэрт тултал нь магтаж, “байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь” гэж байсан энэ хувьсгал Орос оронд юу авчирсан бэ. 70, 80 жилд болж өнгөрснийг орхиод зөвхөн энэ хувьсгалын дараа эхэлсэн “УЛААН ТЕРРОР”-ын тухай өгүүлье.
1917 оны арваннэгдүгээр сарын 7-нд /Оросын хуучин тооллоор аравдугаар сарын 25/ Орос оронд ажилчин тариачны хувьсгал гарч засгийн эрхийг Владимир Ильич Ленин тэргүүтэй большевикууд авлаа. Дэлхийн нэгдүгээр дайн ид дүрэлзэж байлаа. Хөрөнгөтний хувьсгал гарч хаант засгийг халаад ердөө долоо наймхан сар болж байсан үед гарсан энэ хувьсгал Засгийн эрхийг зөвлөлүүдэд, газрыг тариачдад гэсэн уриатай байлаа.
Чухамдаа үгээгүйчүүдийг нэгтгэсэн энэ засаг төр цаашдаа хэрхэн оршин тогтносон бэ.
Эндээс л Улаан хядлага гэдэг нэр томъёо гарч ирсэн. Улаан хядлага бол хувьсгалч коммунистуудын засгийн эрхийг авсныхаа дараа өөрсдийн эсэргүүцэгчдийг нухчин дарах гол зэвсэг нь болсон юм.
Большевикууд 1918 оны зургадугаар сарын 18-нд цаазаар авах хуулийг сэргээв. Ердөө гурав хоногийн дараа адмирал Щастныйг хувьсгалт шүүхээр яллаж цаазаар авлаа.
14-ний өдөр Екатеринбург дэхь Березовскийн заводод большевик комиссаруудын харгислалыг эсэргүүцсэн ажилчид жагсахад тэднийг шууд буудаж 15 хүний амь хөнөөсөн бол маргааш нь энд 14 хүнийг баривчлан газар дээр нь буудан хороосон юм. Петроградад ажил хаяж, цуглаан хийсний төлөө хоёрхон хоногийн дотор 800 гаруй хүнийг баривчилжээ.
1918 оны наймдугаар сарын 8-нд В.И.Ленин Фёдоровт “Хувьсгалт дэглэм тогтоохын тулд өргөн хэмжээний хядлага зайлшгүй” гэж захидал бичиж байлаа.
Гэтэл наймдугаар сарын 30-нд Каплан гэгч эсер эмэгтэй Лениний амь насанд халдаж шархдуулсан, яг тэр өдөр нь Петроградын Онцгой комиссын дарга Урицкийн амийг хөнөөсөн хэрэг гарсан нь улаан хядлагыг улам дэврээлээ. Ердөө есдүгээр сарын 2-ны өдөр Оросын Ардын комиссариатуудын зөвлөл тогтоол гаргаж “хядлагын замаар ар талаа бэхжүүлэх”, “хувьсгалын дайснуудыг бөөнөөр хорих лагерьт илгээж бүгд найрамдах улсаа чөлөөлөх”, “цагаантнууд, дайснуудтай холбоотой бүхнийг буудах”-ыг хуульчиллаа.
Ингээд л есдүгээр сарын 3-нд Петроградад элитүүд, эрдэмтэд, хуучин засгийн сайд, өндөр албаны түшмэл зэрэг 512 хүнийг буудан хороов.
Ер нь, Ленинийг буудсаны хариуд Петроград, Кронштадтад нийтдээ 1000 орчим хүнийг буудан хороосон гэсэн тоо байдаг.
Большевикуудын улаан хядлагын гол баатар нь Бүх Оросын онцгой комиссын дарга, Польш гаралтай Ф.Э.Зержинский байдаг. Түүний “Ажилчин анги бол хувьсгалыг эсэргүүцэгчдийн эсрэг өргөн хядлагын гол хүч. Гартаа зэвсэг барьсан хэнийг ч газар дээр нь буудаж, зөвлөлт засгийн эсрэг ганц л үг хэлсэн хүнийг баривчлан бөөнөөр хорих лагерьт илгээнэ гэдгийг дайснууд мэдэж аваг” гэснийг 1918 оны есдүгээр сарын 3-ны “Известия” сонин нийтэлсэн байдаг.
Нэрт чекист М.Я.Лацис ч “Бид тодорхой хэн нэгэнтэй тэмцээгүй, харин хөрөнгөтний ангитай тэмцэж байна. Ямар ч эд мөрийн баримт бүү хай, ямар ч мөрдөн байцаалт хэрэггүй. Ганцхан ямар ангид хамаатай вэ, боловсрол, мэргэжил ямар вэ гэж асуу. Энэ чинь түүнийг хэн болохыг хэлээд өгнө. Энэ бол улаан хядлагын мөн чанар юм” гэсэн байна. Лацисын хувийн тооцоогоор 1918-1919 онд долоон сарын хугацаанд 8389 хүнийг буудан хороож, 86,9 мянган хүнийг баривчилжээ.
Крымын Онцгой комисс улаан хядлагад томоохон үүрэг гүйцэтгэсэн байдаг. Арваннэгдүгээр сарын 21-нд Өмнөд болон Баруун өмнөд фронтын Онцгой хэлтсийн даргын орлогч Евдокимовоор ахлуулсан цохилтын хэсэг гээчийг байгуулсан нь нийтдээ 12,0 мянган хүнийг буудан хороосны дотор генерал 150, мужийн амбан захирагч 30, хурандаа 300 байжээ. Крымд улаан хядлага сэхээтэн, лам нарын эсрэг бүр их чиглэсэн байдаг. Хувьсгалчид цэргийнхэн, офицерууд, эмч, багш, Улаан загалмайн ажилтнууд, малын эмч, сэтгүүлч, инженер, тайж нар, лам гэгээнтэн, тариачид, тэр ч бүү хэл шархтнууд, өвчтөнүүдийг хайр найргүй хядаж байлаа.
Октябрийн хувьсгалын дараа большевикуудын үйлдсэн “УЛААН ХЯДЛАГА”-аар нийтдээ яг хэдэн хүнийг буудан хороосон бэ гэдэг нарийн тоо байдаггүй. Чухамдаа савхин хүрэм өмсч, гар буу зүүсэн большевик комиссарууд дуртай цагтаа хэнийг ч гэсэн шууд буудчихаад явж байсан болохоор тэр бүхнийг баримтжуулж архивт үлдээгээгүй. Зүгээр тэдний албан ёсоор тайлагнасан, мэдээ материалуудыг үндэслээд судлаачид янз бүрийн тоо гаргадаг.
Зөвхөн Крымд хийсэн хядлагын тооцоог гэхэд л янз бүрээр хэлдэг. Хамгийн анх С.П.Мельгунов гэгч өөрийнхөө номд Крымд буудан хороосон хүний тоог 56 мянга гэсэн байдаг.
Крымын түүхч В.Петров 20 орчим мянга гэсэн бол М.Султан-Галиев гэгч 70 мянган хүнийг буудан хороосон гэдэг.
Судлаач И.Шмелёв харин Ленин тэргүүтэй большевикууд улаан хядлагын явцад 120 мянган хүнийг буудан хороосон гэсэн байдаг.
Ер нь, Октябрийн хувьсгалын дараа, иргэний дайны үе 1917-1922 онд большевикуудын засаг нийтдээ хоёр сая хүний амийг золионд гаргасан гэж түүхч С.В.Волков тооцсон байдаг.
1917 оны хоёрдугаар сарын хөрөнгөтний хувьсгалын дараа 1917 оны гуравдугаар сарын 3-нд Петроградын зөвлөлийн гүйцэтгэх хороо хаан II Николайн гэр бүлийг баривчлах саналаа Түр засгийн газарт өгөхөд татгалзсан хариу авсан ч Төвийн гүйцэтгэх хороо шууд баривчилсан.
Энэ хугацаанд хааны гэр бүлийг янз бүрийн газарт гэрийн хорионд байлгаж байгаад 1918 оны долдугаар сарын 12-нд Уралын гүйцэтгэх зөвлөлийн дарга, өмнө нь Надеждины заводод цахилгаанчин байсан А.Г.Белобородов хааны гэр бүлийг цаазлах шийдвэр гаргасан байна. Энэ тогтоолд тэдний тэргүүлэгч таван хүн гарын үсэг зуржээ. Цаазын ялыг ажилчин большевик П.З.Ермаков болон комендант Я.И.Юровский нар гүйцэтгэсэн байна. 1918 оны долдугаар сарын 16-нд Романовын гэр бүл, үйлчлэгчид нь ердийнхөөрөө унтахаар хэвтэж. Шөнийн 12 цаг хагаст онцгой комиссын хоёр ажилтан Ермаков, Юровский нар орж иржээ. Юровский тэднийг сэрээгээд цагаантнууд давшиж хотыг хэзээ мөдгүй их буугаар буудах гэж байна, доод давхар руу орцгоо гэж тушаажээ. Тэр үед тасалгаанд хааны гэр бүлийн долоон хүн, Хаан Николай, хатан Александра Федоровна, дөрвөн охин, хан хүү Алексей, ойрын дөрвөн хүн /Боткин, Харитонов, Трупп, Демидова/ нар байсныг доод хонгилд буудан хороожээ. Дараа нь тэдний шарилыг нууцаар зөөж ойд булаад ямар ч нэр хаяггүй орхисон байна. Энэ цаазын дараа долоо хоноод Екатеринбург хотыг цагаантнууд эзэлсэн байна.