Спорт талбай, цэнгэлдэх хүрээлэн, хөлбөмбөгийн талбай ихэвчлэн олон нийтэд ойр, хотын дотор, их л бодож хотын захад байдаг. Гэтэл ер бусын, санаанд оромгүй газар байрласан спортын талбай, байгууламж бас байна аа. Тэдний 12-ыг нь нэрлэж байна.
1. АНУ-ын “Кёр-д Ален”-ы амралтын газрын гольфын талбай
Америкийн Айдахо мужийн Кёр-д Ален хотын энэ амралт бол үнэхээр байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар гэж болно. Кёр”д Ален нуурын хойд эрэгт байх энэ амралтын 18 давхар цамхаг бүхий зочид буудал гэхэд л 338 өрөөтэй.
Энэ амралтын гольфын талбай нь далай дундах хөвдөг арал дээр байрладаг. Далай дундах энэ ногоон арал өдөр бүр компьютерийн тусламжаар 87-183 метр газар нүүдэллэн явдаг байна.
Тоглогчид мэдээж усны таксигаар энэ талбайд хүрч очно. Зохион бүтээгч Скотт Миллерийн санаачилсан энэ талбай өнөө хүртэл хамгийн тансаг, сайхан талбай хэвээр байсаар байна.
2. Фарерын арал дээрх Эйди цэнгэлдэх хүрээлэн
Энэ бол Атлантын далайн эрэг дээр, уснаас хэдхэн метрийн зайд байдаг хөл бөмбөгийн хагас мэргэжлийн тамирчдыг дасгалжуулах талбай. Бөмбөг далай руу оруулахгүй хаалт нь зөвхөн үзэгчид л болно. Энэ талбай байдаг тосгон ердөө 669 оршин суугчтай.
3. Бурж-эль-Арабын цамхгийн орой дээрх теннисийн талбай
Арабын Эмириатын нийслэл Дубайн 321 метрийн өндөр цамхгийн орой дээрх дугуй хэлбэртэй энэ талбайг нисдэг тэрэгний буудал болгон бас ашиглаж болно.
2005 онд Рожер Федерер, Андрз Агасси нар Дубайд болох теннисийн тэмцээнд оролцохдоо Бурж –эль-Арабын энэ талбай дээр хэд хэдэн удаа тоглосон.
Энэ бол өнөөдөртөө хамгийн өндөрт байрладаг спортын байгууламж.
4. Сингапурын хөвдөг цэнгэлдэх хүрээлэн
Энэ бас л манай гариг дээрх хөвдөг ганцхан цэнгэлдэх хүрээлэн. 120 метр урт, 83 метр өргөн, 30 мянган хүний суудалтай энэ цэнгэлдэх хүрээлэн , Марина-Бейн булан дахь 1070 тонн усан багтаамжтай Марины усан санд байдаг.
13 сарын турш барьж 2007 онд ашиглалтад оруулсан энэ цэнгэлдэх хүрээлэн уран барилгын гайхамшгийг үзэх гэсэн жуулчдын сонирхлыг татахаас аргагүй. Цэнгэлдэх хүрээлэн өөрөө хүний анхаарал татахаас гадна эргэн тойрны байгаль, эндээс хотыг харж болдог нь гойд.
Гэрэлтүүлэг маш сайн, маш том дэлгэцтэй болохоор шөнө ч тэмцээн уралдаан явуулж болно.
5. Арабын Эмиратын уулын цанын “Ski Dubai” байгууламж
Элсэн цөлд уулын цанын бааз байна гэхээр сонин. Гэхдээ Ski Dubai бол дээвэртэй байгууламж. Энд 22,5 мянган үзэгч багтана. Энд 85 метрийн өндрөөс янз бүрийн хэмжээтэй таван ч гүвээн дээгүүр нисэн гарч 400 метрийн цасан зам туулна. Дөрвөн суудалтай татлаган замаар цаначид уулын орой руу гарна.
Цанын замын зэргэлдээ 3000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий цасан парк бий. Энд бас хэд хэдэн оцон шувуу ч хүмүүсийг зугаацуулна.
Тэр халуун газраас энэ цанын бааз, паркад орохдоо өвлийн хувцас, цана бусад хэрэгслээ түрээсэлж авна. Хөргүүрийн систем нь асар том энэ байгууламжийг өдөртөө -1, шөнөдөө -6 градус байлгадаг.
6. Японы барилгын дээвэр дээрх хөлбөмбөгийн талбай
Мини хөл бөмбөгийн энэ талбай Токиогийн Сибуя станцын дэргэдэх Токю их дэлгүүрийн дээвэр дээр бий. 2001 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн нээсэн энэ талбай тэр дороо л алдаршиж хүмүүсийн, жуулчдын анхаарлыг татаж эхэлсэн.
Энд гишүүнээр элсэхэд эхлээд цагийн 54 доллар байх ч ид ачаалалтай үед хагас цаг нь 205 доллар болж өсдөг гэнэ.
7. Швейцарын Отмара Хитцфельдын цэнгэлдэх хүрээлэн
Швейцарийн Гспон тосгон бол үнэхээрийн гайхамшигт байгаль дунд оршдог. Саасталын хөндийн бараг дээр амралтын Церматт хотын зэргэлдээх энэ тосгоны Отмара Хитцфельдын цэнгэлдэх хүрээлэн далайн түвшнээс 2000 метрийн өндөрт байдгаараа европт эхний байранд орно.
Хавцлын ирмэг дээр гэмээр энэ цэнгэлдэх хүрээлэнг барихад газар нь хүрээлцэхгүй байснаас хөл бөмбөгийн талбай нь жирийн талбайгаас гуравны нэгээр бага. Энэ талбай руу хөрш Стальден тосгоноос татлагат кабинаар явж очдог.
8. Хорватын хөлбөмбөгийн “Igraliste Batarija” талбай
Энэ бол хөл бөмбөгийн HNK Trogir кубынхан өөрсдөө бэлтгэл хийхээр Трогир хотод байгуулсан талбай. Энэ талбай дэлхийн хамгаалалтад орсон хоёр том шилтгээний дунд оршдогоороо хосгүй. Нэг талд нь Камерленгийн шилтгээн байдаг бол эсрэг талд нь Гэгээ Маркогийн цамхаг бий. Зай багтаамжаас болоод энэ тансаг цэнгэлдэх хүрээлэнд ердөө 1000 хүн л багтана. Гэхдээ зэргэлдээх шилтгээний дээвэр дээрээс тэмцээн үзэж бас болно л доо.
9. Украины налуу дээрх цэнгэлдэх хүрээлэн
Украинд замын хажуугийн налуу дээр байгуулсан энэ талбайн тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, гэхдээ нарийн хэмжээ, ёс журмаар нь байгуулсан энэ талбай дээр хөл бөмбөг тогловол тоглогч нь биш юм гэхэд бөмбөг нь машин дор орох магадлал өндөр. Энэ талбай Украины Закарпат мужид Ужгород орох замын дэргэд бий.
10. АНУ-ын Гранд-Сентрал дахь ханын теннисийн талбай
Нью-Йоркийн Манхэттенд Парк-Авеню гудамжин дахь дотоодын төмөр замын буудалд ханын теннис тоглох талбай байдаг нь дэлхийд цор ганц. Энэ талбайд бүр Олон улсын ханын теннисийн холбооны тэмцээн явдаг гээд боддоо.
11. Гренланд дахь гольфийн мөсөн талбай
Нов ногоон зүлгэн дээр тоглодог зуны энэ спортын талбай мөсөн тивд байна гэдэг бол наргийн биш. Гренландын Ууманнак хотод жил жилийн гуравдугаар сард мөсөн дээрх гольфийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог. хойд туйлын цагиргаас 600 метрийн зайд оршдог энэ талбай манай гариг дээрх хамгийн хойд зүгт байдаг талбай.
12. Торнио дахь Финлянд, Шведийн гольф клуб
Энэ талбай бол жирийн л нэг талбай болов ч нэг тал нь Финляндын нутагт, нөгөө тал нь Шведийн нутагт байдгаараа бас л сонин байгууламжид орно. Тоглогч нэг тоглохдоо улсын хилийг хэдэн ч удаа зөрчдөг юм бүү мэд.
+Италийн хот доторхи морин уралдаан
Хурдан морины уралдааныг хээр талд зохиож, хүүхдийн гийнгоогоор чимдэг бидний хувьд хот дотор морины уралдаан зохион байгулнаа гэхээр санаанд багтамгүй.
Харин Италийн Тоскана мужийн Сиена хотынхон жил бүрийн зун хотынхоо төвд Сиений Палио гэдэг уралдаан зохион байгуулдаг. Жилд долоо, наймдугаар сард хоёр удаа зохион байгуулдаг энэ уралдаанд зайдан морь унасан 10 хүн уралдана, гэхдээ үзэгчид нь хажуугаас нь биш тойргийн дотор зогсоод гадагшаа харж үздэг байна.