Норвегийн NRK олон нийтийн телевиз есөн цаг үргэлжилсэн шоу нэвтрүүлж рекорд тогтоогоод байна. Гэхдээ юуны шоу гээч. Цамц хэрхэн нэхэх тухай. Бүхэл бүтэн есөн цагийн турш зөвхөн юм нэхэх тухай заадаг нэвтрүүлдэг. Оройны 5 цаг 30 минутаас эхлээд шөнийн 2 цагт дууссан эл нэвтрүүлгээр тасралтгүй цамц нэхсээр байгаад дууссан гэнэ. Энэ нэвтрүүлгийг лав хэн ч үзээгүй байх гэж бодож байвал эндүүрч байна. Харин ч энэ хачирхалтай шоуг хүмүүс ихэд сонирхон үзэж, телевизийнхээ өмнө суугаад зэрэгцээд л нэхээд байсан гэнэ. Норвегийн NRK телевиз сүүлийн үед иймэрхүү олон цагаар үргэлжилсэн нэвтрүүлэг их гаргадаг болоод байгаа нь “удаан телевиз”гэсэн нэртэй нэгэн төрлийн программ болж, олны сонирхлыг татаж байгаа аж. Тухайлбал тэд Бергенээс Осло хот хүртэлх галт тэрэгний долоон цагийн аяллыг бүтнээр телевизээр нэвтрүүлж байсан бол 2011 онд Норвегийн эргээр таван өдөр хагас үргэлжилсэн усан онгоцны аяллыг мөн бүтнээр нь дамжуулж рекорд тогтоож байв. Хөлөг онгоцны 11 байрлалд камер зоочихоод ээлжлээд харуулаад байсан реалити маягийн энэ шоуг 3,2 сая хүн үзсэн байна. Тус телевиз мөн 24 цаг үргэлжилсэн загасчлах аялал, 379 цаг үргэлжилсэн завин аялал зэргийг бүтнээр нь дамжуулсан нь үзэгчдийг ихээр татжээ. Хэдийгээр иймэрхүү нэвтрүүлэгт шинэ содон, үзэгчдийг баясгах зүйл байхгүй ч үзэж байгаа хүмүүсийг ер бусын тайван болгож, амьдралыг нь удаашруулж өгдгөөрөө тэднийг татдаг бололтой. Мөн хэдэн өдрөөр үргэлжлэх аяллыг ингэж нэвтрүүлэх нь үзэгчдээ яг л тэр байгаль дунд аваачсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.