14 настай Нирмала Топпо бол заантай ярьдаг онцгой чадвартай охин. Энэтхэгийн зүүн хэсгийн Орисса мужид амьдардаг энэ охин зэрлэг заануудтай хүний хэлээр ойлголцоод байдаг гэнэ.
Өнгөрсөн зургадугаар сард түүний амьдардаг Руркела хотод ойролцоох ойгоос хэсэг заан орж ирж, оршин суугчдыг нь багагүй сандаргаж түйвээжээ. Хэн ч ойртож зүрхлэхгүй байсан зэрлэг заануудтай Нирмала Топпо харилцаж, тэднийг ой руу нь буцааж тууж чадсан байна. Охин заануудтай ойлголцохын тулд эхлээд бурхандаа залбирч, мөргөсний дараа тэдэнтэй нутгийнхаа аялгаар хэсэг зуур “ярьсан” байна. Гайхалтай нь, түүнийг ярьсны дараа заанууд дуулгавартайгаар хотоос гарч явсан бөгөөд охин аавынхаа хамт бас нутгийнхаа хэсэг залуустай заануудыг холдтол нь тууж явжээ. Тэд хэдэн арван километр газар заан туусан учраас охины хөл холгож, цэврүүтэн, шарханд нь бохир орсноос одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
Түүний тухай сураг чимээ ойр хавийн нутагт тарсан учир хөрш хот, тосгонд зэрлэг зааны сүрэг орж ирвэл Нирмала охиноос тусламж гуйдаг болжээ. Тухайлбал, Жарханд мужид өнгөрсөн зун 11 заан зэргэлдээх ойгоос орж иржээ. Нутгийнхан тэднийг арай ядан хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд оруулж хашиж яаж ой руу нь буцаахаа мэдэхгүй байж. Ингээд Нирмала охиныг гуйхад тэр нутгийнхаа хэсэг хүнтэй хат ирээд заануудтай нутгийнхаа мундаари аялгаар ярьжээ. Охины ярьснаар бол тэрээр заануудад “Энэ та нарын байх газар биш. Өөрсдийнхөө газар нутаг руу явцгаа” гэж хэлсэн гэнэ. Ингэж ярилцсаныхаа дараа охин заануудыг туусаар хотоос гаргажээ. Ямартай ч, энэ хоёр үйл явдлаас Нирмала заануудтай ойлголцоод байдаг нь харагдсан ч заан хүний хэл ойлгодог гэдгийг үүгээр баталж чадахгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ зөвхөн байгальтай ойр оршин амьдардгийн үр дүн хэмээн тэд үзэж байна.
Нирмала ч ээжийгээ заанд гишгүүлж амиа алдсаны дараа энэ амьтантай учраа ололцож, хүн амьдардаг газраас тууж сурахаар хичээсэн нь өнөөдрийн үр дүнд хүргэсэн гэж ярьжээ. Охины амьдардаг нутгийн ойролцоох ойд 3000 гаруй заан байдаг гэсэн тоо бий. Тэд үе үе хот тосгон руу орж ирж, ургацыг нь идэж, оршин суугчдыг айлгадаг гэнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд заанд гишгүүлж цохиулж амиа алдсан 800 гаруй тохиолдол гарсан бол 200 гаруй зааныг хүмүүс устгасан байна. Тиймээс Нирмала шиг заантай ойлголцдог хүн маш их хэрэгтэй байдаг аж.