Казахстаны Алматы хотод зохиогдсон сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас оролцсон долоон тамирчнаас Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж, дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болсон билээ. Боксчид маань өчигдөр 14:00 цагт “Чингис хаан” онгоцны буудалд буусан юм.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 116 орны 576 боксчин өрсөлдсөн нь тамирчдын тоогоороо дэлхийн рекорд эвдэж чадсан. Спортын бусад ямар ч төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ийм олон орны тамирчин нэг дор цуглаад байдаггүй гэнэ. Хэр чансаатай болохоо харуулсан эл тэмцээнээс зөвхөн 18 орны тамирчин л медаль хүртсэн учраас энэ удаагийн хүрэл медаль чанга атгах амжилт юм. Энэ талаар Монголын боксын холбооныхон “Бид энэ жилийн дэлхийн аваргаас гурван медаль хүртэнэ гэж төлөвлөж байсан. Гэхдээ медалийн бухиагаа таслалгүй ирлээ” хэмээн ярив.
Манай баг тамирчдын хувьд энэ удаагийн дэлхийн аваргад өөрсдийн гэсэн шүүгчгүй явсан ч амжилтад хүрсэн. Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба энэ талаар “Манайд олон улсын хэмжээний хоёрхон шүүгч л бий. Баясгалан, Нандигжав гэж. Баясгалангийн хувьд хоёр олимп дараалж шүүсэн учраас дахин олон улсын хэмжээний тэмцээн шүүх эрхгүй. Боксын холбооны дүрэмдээ ч олимпыг ганц л удаа шүүх эрхтэй байдаг. Нандигаа ах уг нь шүүх боломжтой. Гэхдээ түүнийг цаанаас нь шүүлгэхгүй байгаа. Учрыг нь бид мэдэхгүй. Энэ удаагийн тоглолтын бичлэгүүдийг авчирсан. Удахгүй телевизүүдээр тайлбартай нь дамжуулна” гэсэн юм. Мөн энэ удаагийнх шинэчлэгдсэн дүрмээр шүүсэн нь манай тамирчдын зорилгодоо хүрэх боломжийг хаасан хэмээн Монголын баг тамирчдыг тосохоор ирсэн ахмадууд ярьж байлаа.
ДАШТ-нийг тамирчид маань зорихын өмнө маргаантай зүйл гарсан нь улсын аварга З.Энхзориг энэ жилийн дэлхийн дэвжээнд зодоглох болсон ч Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өөрийн жиндээ рейтингээрээ хоёрт жагссан учраас энэ сонголттой санал нийлээгүй юм. Тиймээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө спарринг буюу нэмэлт сорилго хоёр тамирчны дунд явуулж У.Мөнх-Эрдэнэ ялсан. Үүнтэй зэрэгцээд хоёр тамирчны дунд үл ойлголцол үүссэн гэж ярьж, бичиж байсан ч энэ байдлыг үгүйсгэж улсын аварга З.Энхзориг тамирчдыг тосохоор ирсэн байлаа. Тэрээр “Мөнх-Эрдэнэ маань медалийн буухиаг таслаагүйд маш их баярлаж байна. Шүүлт маш шударга бус байсан. Манайхан бүгд л хожигдоод байсан. Уур хүрээд зурагтаа унтраах үе ч гарсан. Ирэх дэлхийн аваргад үзнэ. Түүнээс өмнө улсын аварга гэсэн том даваа бий” гэсэн юм.
У.Мөнх-Эрдэнэ: Миний дараагийн зорилго бол 2016 оны олимп
Тамирчдыг ирэх үеэр Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнээс тэмцээний талаар цөөн асуулт асуусан юм.
-Жиндээ яаж орсон бэ?
-Жингээ нэлээн хассан. 6-8 кг хассан.
-Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн шинэчилсэн дүрмээр явсан шүү дээ. Шинэ дүрмийн хувьд ямар санагдав?
-Цохилтын хүчийг сайн хүлээж авч байна лээ.
-Кубын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тоглосон тоглолтынхоо талаар ярихгүй юү?
-Миний хувьд энэ жил орж байгаа олон улсын чанартай хоёр дахь тэмцээн л дээ. Биеийн ерөнхий байдал зүгээр байсан ч тэмцээний өмнө спарринг хийсэн. Бас олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд тоглох бэлтгэл жаахан дутуу байлаа. Олон улсын тэмцээнд олон орж, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бол үүнээс илүү амжилт үзүүлэх боломжтой байсан. Кубын тамирчин маш өндөр зэрэглэлийнх. Иймэрхүү зиндааны тамирчинтай ядаж долоо хоног бэлтгэл хийсэн бол арай өөр байх байлаа. Дэлхийн аваргад оролцохын тулд сэтгэлзүйн бэлтгэл их хэрэгтэй болсон. Сарын цугларалтад 21 хоногт нь спарринг хийгээд үлдсэн хугацаанд тэмцээний бэлтгэл хийсэн.
-Шүүлтийн тал дээр хэлэх зүйл байна уу?
-Гайгүй, зүгээр байсан.
-Медаль хүртэх боломжтой тамирчид маань мултарсан. Үүн дээр?
-Энэ тухай манай боксын холбооныхон тайлбар хийх байх. Би зөвхөн өөрийнхөө тухай яръя.
-Энэ удаагийн дэлхийн аваргын ерөнхий зохион байгуулалтын хувьд юу хэлэх вэ?
-Манайхаас казах тамирчинтай таарсан хүн байхгүй. Монголын тамирчдыг ринген дээр гарахад автоматаар л хөгжөөн дэмжиж байна лээ. Нутагтаа байгаа юм шиг сайхан байсан.
-Монголын ард түмнийг омогшуулсан сайхан амжилт үзүүллээ шүү дээ?
-Зорьсондоо хүрч чадаагүй ч боксын түүхэнд хамгийн олон орон оролцсон тэмцээнд оролцоод ирлээ. Монголчууд дэлхийн боксын тавцанд өөрийн гэсэн хүндтэй байр сууриа олчихсон. Энэ нэр хүндийг унагалгүй ирсэндээ баяртай байна. Маш их хөрөнгө хаясан Энэтхэг, Хятадын баг тамирчид медальт байрт орж чадалгүй буцсан. Дахиад хоёр ялалт авсан бол зорилгоо биелүүлэх байлаа.
-Манайхаас шүүгчтэй оролцсон бол байдал арай өөр байх байсан болов уу?
-Тэрийг холбооноос л ярих байх.
-Таныг энэ удаагийн дэлхийн аваргын наадмаар зодог тайлна гэх яриа гарсан...?
-Өө, үгүй үгүй. Би Лондонгийн олимпын дараа гэж хэлж байсан. Миний дараагийн зорилго бол 2016 оны олимп гэж. Энэ удаагийн тэмцээнд надтай чацуу, надаас ах хоёр тамирчин 10 жингийн хоёрт нь түрүүлсэн. Би бэлтгэл сайтай, надад боломж байгааг энэ удаагийн амжилтаараа батлан харуулсан болов уу.
-Жингийн өрсөлдөгчид хэр өөрчлөгдсөн байна?
-Энэ удаа Украйны шигшээ баг ирээгүй. Бас ганц, хоёр орны хоёрдугаар баг ирсэн. Миний жинд медаль хүртсэн Бразиль, Казахын тамирчид бол яах аргагүй сайн.