“Forbes“ сэтгүүлээс жил болгон гаргадаг хамгийн баян талийгаачдын жагсаалтыг гаргалаа. Энэ жилийн жагсаалтыг Майкл Жексон тэргүүлсэн байна. Амьд сэрүүн үедээ олон зуун саяын хөрөнгөтэй, сардаа сая гаруй ам.доллар үрдэг байсан поп хөгжмийн хаан нас барсныхаа дараа ч өндөр ашигтай ажилласан хэвээр байгаа гэнэ. “Forbes” сэтгүүл 2012 оны аравдугаар сараас 2013 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд Жексоныг 160 сая ам.долларын ашигтай ажилласан гэж үзжээ.Хачирхалтай нь поп хөгжмийн хаан нас барахаасаа хэдхэн сарын өмнө төлбөрийн чадваргүй болж дампуурлаа албан ёсоор зарлах дээрээ тулсан байдаг. Зөвхөн хэрэглээндээ гэхэд л сардаа сая гаруй ам.доллар зарцуулдаг Жексон таалал төгсөхийнхөө өмнөхөн өрөө барагдуулахын тулд дэлхийг тойрсон аялан тоглолт хийх гэж байгаад амжаагүй юм.
Жексон өөд болсныхоо дараа өндөр орлоготой нас барсан алдартнуудын жагсаалтыг хоёр удаа тэргүүлж байсан юм. Харьцуулахад, эсэн мэнд байгаа алдартнуудын дотроос энэ жил хамгийн өндөр орлоготой ажилласан гэх Мадонна 125 сая ам.доллар олсон байна.
Энэхүү өвөрмөц жагсаалтын хоёрдугаар байранд Элвис Пресли оржээ. Пресли энэ жагсаалтын айргийн тавд тасралтгүй ордог алдартан юм. Америкчууд түүнд маш их хайртай болохоор дууг сонсох, гэр музейг нь үзэх, түүний зурагтай бэлэг дурсгалын зүйл худалдан авах гэх мэтээр асар их орлого оруулдаг. Энэ жилийн байдлаар Элвис Пресли 55 сая ам.долларын орлоготой ажилласан байна.
Гуравдугаар байранд Снуппи нохой, Чарли Брауны найз нөхдийн тухай зурагт номыг зохиосон Чарльз Монро Шульц оржээ. Энэ хоёр баатрын адал явдлыг харуулсан зурагт ном, хүүхэлдэйн кино, зурагт хуудас, тэмдэг зүүлт зэргийг худалдан авсан хүмүүс талийгч Шульцд энэ жил 37 сая ам.долларын орлого оруулсан аж.
Дөрөвдүгээр байранд 25 сая ам.долларын орлоготой талийгч Элизабет Тейлор оров. Тавдугаар байранд 18 сая ам.доллартай хөгжимчин Боб Марли орсон байна.
Цаашлаад 15 сая ам.долларын орлого олсон Мэрилин Монро, 12 сая ам.долларын орлоготой Жон Леннон, 10 сая ам.долларын орлоготой Альберт Эйнштейн, 10 сая ам.долларын орлого олсон фото модель Бетти Пейж, тус бүр есөн сая ам.долларын орлоготой зохиолч Теодор Гейзель, жүжигчин Стив Маккуини, тус бүр долоон сая ам.долларын орлоготой тулааны урлагийн мастер Брюс Ли, дуучин Женни Ривера нар оржээ. Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэг чинь зүгээр нэг үг биш болохыг энэ жагсаалт харуулж байгаа юм. Бүр тодруулбал энэ жагсаалт нь өрнөдөд зохиогчийн эрх гэгч зүйлийг ямар их дээдэлдэг, хариуцлагатай ханддагийг харуулна. Нэрд гарна гэдэг нь нэг ёсондоо өөрийн нэр, дүр төрх ба түүнтэй холбоотой юм бүхнийг брэнд болгоод бүртгүүлж байдаг хэрэг. Ингэхээр, тухай хүний нэр эсвэл дүр төрх, хийсэн бүтээлийг ямар нэг байдлаар бизнестээ ашигласан хүн болгон ар гэрт нь тодорхой хэмжээний суутгал өгдөг. Жишээлэхэд, Жексоны царайг цамцан дээр хэвлэсэн бизнесмен байлаа гэхэд нэг цамц болгоноос таван цент өгөх гэх мэт. Ингээд хэдэн мянган бизнесмен тав 10, 20-иор нь өгсөөр эцэст нь дээр дурдагдсан 160 сая ам.доллар гарч ирж байгаа хэрэг.
Энэ нүсэр биш гэж үү? Хэдэн мянган бизнесмен тухайн хүний дүр төрх, дуу хоолой, бичсэн зүйлсийг ашигласны төлөө таван цент төлөхөөс татгалзахгүй байна. Ингэснээр нөгөө алдартны ар гэрт ирээдүйдээ сэтгэл зовохгүйгээр амьдрах боломж олгож байгаа хэрэг.